Гажсан Ардчиллыг “засах” арга нь ард нийтийн санал асуулга

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Гажсан Ардчиллыг “засах” арга нь ард нийтийн санал асуулга

Бид ардчиллын эрин үед амьдарч байна. XX зууны сүүлийн хагасаас ардчиллын гурав дахь давалгаа дэлхийг хамран өнөөдөр дэлхийн 193 орны 120 нь манай гаригийн нийт хүн амын 60 орчим хувь нь ардчилсан дэглэмтэй улсад амьдарч байгаа ажээ.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ихэнх улс ардчиллыг амжилттай хэрэгжүүлж, хүссэн үр дүнг төдийлөн гаргаж чадсангүй. Дэлхийд ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа ердөө 19 улс байна гэсэн судалгаа бий. XXI зууны эхэн үеэс эхлээд либерал бус ардчилал”, ардчиллын санаа зовоосон хэлбэрүүд”, ардчиллыг завхруулж байгаа улсууд” гэдэг нэр томъёог судалгааны байгууллагууд, эрдэмтэд гаргаж ирэх нь элбэгшив.
АНУ-ын улс төр судлаач Фрэнсис Фукуяма XXI зууны эхэн үеийн байдлаар ардчиллын санаа зовоосон” хэлбэрүүдийг хэд хэдэн ангилалд хуваан судалжээ.
Нэгдүгээрт, сонгуулийн үр дүнг ардчиллын эсрэг ашигласан улсууд. Энэ ангилалд Венесуэль, Иран, Орос улсыг жишээ болгосон байна. Энэ бүлэгт орсон улсуудын ардчилсан сонгуулиар сонгогдсон лидерүүд ардчилсан тогтолцоог сулруулж, чөлөөт хэвлэл мэдээллийг хавчин боомилж, сөрөг хүчнээ үе шаттайгаар шахан зайлуулах үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн байна.
Хоёр дахь бүлэгт, авторитар дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжих замдаа гацаад зогсчихсон, ардчилсан ч биш авторитар ч биш саарал бүс”-д орсон улсууд. Энэ бүлэгт өмнөх ЗСБНХУ задрахад тусгаар улс болсон Узбекстан, Казахстан гэсэн Төв Азийн зарим улсыг хамруулжээ. 
Гурав дахь бүлэгт сонгуулийн ардчилалтай боловч төр, засаг нь ард иргэдийнхээ итгэлийг даахгүй, хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрч чадахгүй байгаа улсууд. Энэ бүлэгт олон улс багтаж байгаагийн дотроос Латин Америкийн нэлээд хэдэн орон, Украин, Энэтхэг улсыг оруулсан байна. Энэ бүлгийн улсууд нийтлэг шинжтэй боловч улс болгоны нөхцөл байдал хоорондоо тэс ондоо. 
Тухайлбал, Украинд 2004 онд жүржийн хувьсгал” гарч Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэн Киев хотын төв талбайд олон зуун иргэн жагсаал хийсэн. Шинэ сонгуулийн үр дүнд Виктор Ющенко Засгийн эрхэнд гарч ирсэн боловч Жүржийн эвсэл” дотроо хуваагдан үйл ажиллагаа явуулах ямар ч чадваргүйгээ харуулж, эдийн засгийн хямрал болж, ард түмний хүсэн хүлээж байсан асуудлыг  шийдэж чадсангүй. Дараачийн сонгуулиар 2010 онд жүржийн хувьсгалыг санаачилагч гэгддэг Виктор Янукович Ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч байдал сайжирсангүй улам дордов. 
Украины улстөрчид нь улсаа сүйрүүлж байх хооронд хөрш ОХУ ухасхийж Крымийг салган гартаа орууллаа. Орос улс Украины газар нутагт томоохон хэмжээний байлдааны үйл ажиллагаа явуулав. Улстөрчдөөс залхсан ард түмэн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хошин шогийн залуухан жүжигчинг маш өндөр саналаар сонгосон билээ.
Энэтхэг улс сонгуулийн хувьд нэлээд амжилттай байгаа гэж хэлж болно. Гэхдээ Энэтхэгийн ардчиллыг ойроос харах юм бол яг зайдас” (Отто фон Бисмаркийн Хууль бол яг зайдас гэсэн үг, түүний хийж байгааг харах хэрэггүй”  гэж хэлсэн утгаар хэрэглэсэн болов уу) хийж байгаа юм шиг харагдана. Жишээлбэл, Энэтхэгийн хууль тогтоогчдын бараг гуравны нэг нь ямар нэгэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Тэдгээрийн зарим нь хүн амь, хүчин зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Энэтхэгийн хууль тогтоогчид санал хураалгах буюу кноп дарах эрхээ ил тод худалддаг. Олон фракц, бүлэглэлд хуваагдсан Энэтхэгийн улс төр нь төмөр зам, цахилгаан станц, эрчим хүч нь улсын дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт оруулах асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газраа маш хүнд байдалд оруулдаг.  Энэтхэгт улс төрийн авлига газар авсан. Энэтхэгийн хотууд дахь өндөр технологийн орчин үеийн шилэн цамхагуудын хажуугаар Африк хэлбэрийн ядуурал газар аван тархсан байдаг хэмээжээ. 
Тэгвэл Монгол Улс ер нь дэлхийн бусад орны хаана явна вэ. Их  Британид төвтэй Эдийн засгийн мэдээллийн төв” гэдэг байгууллагаас 2015 онд ардчиллын индексийг 165 орноор гаргахад  Монгол Улсын сонгууль нь нээлттэй, чөлөөтэй, шударга явагддаг. Харин төр, засгийн үйл ажиллагаа хангалтгүй, иргэдийн улс төрийн оролцоо муу ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжээгүй” улсын ангилалд багтсан байна. 
1990 онд АИХ-ын сонгууль болсноос хойш 29 жилийн хугацаанд долоон удаагийн сонгууль болж өнгөрчээ. Монгол Улсад сонгууль чөлөөтэй, тайван, иргэд нь улс төрийн соёлтой оролцдог. Ямартай ч сонгуулийн ардчилал сайн хэрэгжиж байна гэж хэлж болно. Харин ардчилсан сонгуулиар бидний сонгож байгуулсан төр, засгийн үйл ажиллагаа хангалттай сайн байж бидний итгэлийг хүлээж чадсангүй. Ф.Фукуямагийн ангиллаар бид гуравдугаар бүлэгт оржээ.
Ингэж дүгнэхэд  хүргэсэн, хоорондоо хамаарал бүхий хэд хэдэн шалтгаан байна гэж бодож байна. 
Нэгдүгээрт, Төрийн удирдлагын хэлбэр тодорхойгүйгээс үүдэлтэй засаглалын хямрал. Монгол Улс парламентын ардчиллыг хөгжүүлж байгаа улс. Энгийнээр хэлбэл, парламент Засгийн газрыг байгуулж, Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээх ёстой. Гэтэл үүний хажуугаар Ерөнхийлөгч бүх ард түмний сонгуулиар сонгогддог хамгийн хүчтэй хүн байдаг. Үндсэн хуулийн үзэл баримтлалаар ердөө ёслол-хүндэтгэлийн чиг үүрэг бүхий Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулах, огцруулах асуудалд идэвхтэй оролцдог. Ихэнх Засгийн газрыг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байгуулж, мөн Ерөнхийлөгчийн оролцоотойгоор нь огцруулдаг нь нууц биш. Шүүх эрх мэдлийн байууллагын гол томилгооны эрхээр дамжуулан Ерөнхийлөгч өнөөдөр төрийн бусад ямарч институтэд нөлөөлж чадах хамгийн эрх мэдэлтэй нэгэн болж хувирчээ. Намайг Ерөнхийлөгчийн оролцоотой огцруулсан” хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг удаа дараа яриад байгаа нь энгийн л нэг жишээ. Уг нь УИХ л Засгийн газрыг огцруулдаг баймаар. Ер нь ажиглаад байхад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын таатай уур амьсгал тийм ч удаан үргэлжилдэггүй. Засаглалын тодорхой бус байдлаас үүдэлтэй төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хоорондын зөрчлөөс улбаалсан засаглалын хямрал өнгөрсөн хугацаанд хэвийн үзэгдэл шахуу зүйл болжээ. 
Хоёрдугаарт, төрийн удирдлагын тогтолцоо оновчтой бус байгаа нь нийгэм, эдийн засгийн шийдвэр гаргах ажиллагаанд шууд нөлөөлж байна. Эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ шууд хутгалдан оролцож шийдвэр гаргаж чадахгүй удааширч зогсох нь энгийн үзэгдэл болсон. Өнөөдөр томоохон төслүүдээс гайгүй хэрэгжиж байгаа гэж хэлж болох нь Оюутолгой боловч төслийг тойрсон улс төрийн хэрүүл маргаан бүх шатанд тасралтгүй үргэлжилсээр 16 жил өнгөрч байна. Цахилгаан станц, төмөр зам, уул уурхайн томоохон бусад бүтээн байгуулалтын төслүүд үндсэндээ зогсонги хэвээрээ. Хэзээ ашиглалтад орж ард түмэн үр шимийг нь хүртэхийг таашгүй. 
Гуравдугаарт, улстөрчдийн ашиг сонирхлын эрэмбэ дараагүй, эмх замбараагүй байдал. Саяхны нэг энгийн жишээ бол АМНАТ-ийн талаарх ашигт малтмалын хуулийн өөрчлөлт. Үндсэн хуульд зааснаар УИХ татварын бодлогыг тодорхойлно. Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг давхардуулан ногдуулахгүй гэсэн заалттай. Ер нь АМНАТ давхар төлсөн байгууллага ч байхгүй. Тэгсээр байтал Үндсэн хуулийн Цэц АМНАТ-тэй холбоотой заалтыг хүчингүй болгочих юм. Цэц татварын бодлого тодорхойлдог байгууллага яавч биш. Үүнээс гадна Цэцийн шийдвэрийн үндэслэл нь оньсого таалгаж байгаа мэт бүрхэг. 
Гэнэт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цэцийн шийдвэр зөв гээд мэдэгдэл хийгээд эхлэв. Эндээс хоёр таамаг төрнө. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч ийм байр суурьтай байгаа юм байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн зүгээс Цэцийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй юм байна. Засгийн газраас Цэцийн шийдвэрийг тойрох арга эрэлхийлэн хууль санаачлан УИХ-аар хэлэлцүүлж эхэлмэгц Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Засгийн газрын санаачилсан хуулиа эсэргүүцээд эхэлнэ. УИХ, Засгийн газар, түүний сайд нар, Цэцийн, Ерөнхийлөгчийн институц хоорондын энэ ээдрээтэй байдал цаашаа хэрхэн үргэлжлэх нь бүрхэг. Иймэрхүү жишээг захаас аваад зөндөө дурдаж болно. 
Дөрөвдүгээрт, эрх мэдэлд байгаа улстөрчдийн зүгээс Шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагад нөлөөлж, шүүхийн үнэн зөвийг дэнслэн бүх арга хэрэгслээр шахалт үзүүлэх хандлага ил тод болжээ. Шүүх, хууль хяналтын байгууллагын тогтолцоо нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох, тэнцвэртэй байдлыг хангах л зорилготой. Шүүхэд ингэж улс төрийн нөлөөлөл дарамт ихэссэнээр хууль шүүхийн байгууллагын хараат бус, бие даасан байдал алдагдаж хууль ёсны зарчим, хуулийг нэг мөр биелүүлэх зарчим үндсэндээ суларч байна. Ямарч улстөрч хуулиас дээгүүр байх ёсгүй. Шүүх хуулийн байгууллага улстөрчдөд бүрэн үйлчлээд эхэлбэл ардчилал мөхөж дарангуйллын дэглэм руу орж байгаа хэрэг юм.
  
Төрийн институц хоорондын хямрал, улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил, бодлогын ойлгомжгүй, эмх замбараагүй байдал монголчуудын аж амьдралд шууд нөлөөлдөг. 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч дэлхийд гайхагдаж байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтаар л гэхэд Монголын эдийн засаг 2-3 дахин тэлж томорсон.
 
Уг нь онолын дагуу эдийн засаг өсч байхад ажилгүйдэл, ядуурлын хэмжээ буурах ёстой. Буурдаггүй ээ. Манайд энэ хууль үйлчилдэггүй. Өнгөрсөн жилүүдэд ядуурал тогтмол 30 хувьтай байна. Үндсэндээ 3-4 хүний нэг нь ядуу гэсэн үг. Ядууралтай хамт байдаг үзүүлэлт бол ажилгүйдэл. Ажилгүйдлын хувь хэмжээ ч өндөр хэвээр.
Тухайн улсын төр засгийн үйл ажиллааг олон улсад үнэлдэг өөр нэг үзүүлэлт бол авлигын индекс. Транспаренси Интернешнл” байгууллагаас гаргасан 2018 оны Авлигын төсөөллийн индекс”-ээр Монгол Улс 37 оноо авчээ. Нийт 100 оноо авахаас 50-аас доош оноо авбал авлига ноцтой хэмжээнд байгааг харуулдаг. 2013 оноос хойш жил бүрийн индексийг харахад манай улсын авлигын төсөөллийн индекс 36-39 хооронд хэлбэлзэж байна. Товчхондоо ядуурал, ажилгүйдэл, авлига гээд нийгмийн тулгамдсан асуудалд ахиц гаргаж чадсангүй, хүмүүсийн амьдралын чанар дээшилсэнгүй.
Харин Монгол Улс ардчилсан дэглэмд шилжих болсон шалтгаан нь энгийн. Ардчилал бүрэн утгаараа хэрэгжсэн улсуудын хувьд улс нь баян, эдийн засаг нь хүчтэй, хүмүүс нь илүү эрүүл, боловсролын илүү сайн тогтолцоотой, хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөөг илүү сайн хамгаалдаг тогтолцоог бүрдүүлж чадсан байдаг. Бид тийм улс болохыг л бид хүссэн хэрэг. Ард түмэн төрийн сонгууль болгоноор сонгуульд идэвхийлэн оролцсоор ирсэн. Харин улстөрчдийн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй гүйцэтгэх эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиосонд монголчууд нийтээрээ хохирогч болон үлджээ гэж дүгнэж болох юм.
Монголын ард түмэн дараа жил түүхэн сонголтоо хийх гээд салаа замын уулзвар дээр алгуурхнаар дөхөн ирж байна. Эдийн засгийн нөхцөл байдал тааруу, Олон улсын валютын сангийн хөтөлбөр дуусах дөхөж, цаашид сунгах эсэх нь эргэлзээтэй, Монгол Улсын нийт өрийн хэмжээ 29.5 тэрбум ам.долларт хүрсэн, 2020 оноос гадаадад төлөх бондын хугацаа дөхөж байгаа, гадаадын хөрөнгө оруулалт багасч олон улсын банк, санхүүгийн байгууллагаас шахалт үзүүлэх магадлал өндөр гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх юм бол 2020 оны сонгууль Монгол Улсын цаашдын хувь тавиланг шийдэх хамгийн хариуцлагатай сонгууль болох төлөвтэй байна. Түүнчлэн, нийгмийн дундаж давхрага сонгуульд идэвхтэй оролцохгүй бол популистууд сонгуулиар ялалт байгуулах магадлал өдрөөс өдөрт тодорхой болсоор байна.
Ийм эрсдэлийг урьдчилан харж засаглалын хэлбэрийг одоо нэг мөр шийдэх цаг нь ч, хэрэгцээ шаардлага нь ч гарцаагүй болжээ. Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглалын хэлбэрийн аль нэгийг нь сонгосноор эрх мэдлийн төлөө дуусдаггүй тэмцэл төгсгөл болно. Хэн юу хийх, юуны төлөө хариуцлага хүлээх ёстой нь тодорхой болно. Засаглалын хэлбэрийг ард түмний санал асуулгаар шийдэж байж зөвшөөрөгдөх байдал нь хангагдана. Ирэх сонгуулиар ард түмний санал асуулгыг давхар хийж, төрийн удирдлага засаглалын хэлбэрээ тодорхой болгож чадвал дараа дараагийн олон жилийн турш үргэлжлэх, магадгүй тусгаар тогтнолын үнэ цэнэтэй байж мэдэх эрх мэдлийн хямралаас зайлсхийж зөв замдаа орох алдаж болохгүй түүхэн боломж бидэнд бий.
 
 
Хуульч Ц.ЦОЛМОН
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх