Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулж өчигдөр /арванхоёрдугаар сарын 9/ зохион байгуулсан Шударга байдал ба олон нийтийн итгэл сэдэвт зөвлөгөөн дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар яг ингэж хэлэв. Зөвлөгөөнд Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Тэд авилгатай тэмцэх, авилгын гэмт хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдлүүд хамгийн их саад тотгор болж байна гэлээ. Тиймээс дээрх хуулиудад /Эрүүгийн багц хууль/ нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл нь боловсруулагдаад явж байгаа хэдий ч нэг удаагийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэж чадахгүй гэсэн байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн эрх барьж байгаа хүмүүсийн хүсэл сонирхол хамгийн чухал гэдгийг тэд онцоллоо. Яагаад гэдгийг асуух ч шаардлагагүй байх.

Хамгийн наад захын жишээ нь УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон хэргийг шалгах гэхээр тэдний халдашгүй байдал, бүрэн эрх хамгийн том саад тотгор болдог. Одоо үйлчилж байгаа хуулиар УИХ-ын тухай хуулиар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд заавал “гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” байх шаардлага тавьдаг. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд тэдний гэр болон албан өрөө, албаны машин тэрэгт нь үзлэг нэгжлэг хийх, хуульд заасан мөрдөн шалгах /гүйцэтгэх/ ажил явуулах хориотой.

Ийм шалтгаанаар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 40 гаруй гишүүн одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд сууж байна даа. УЕП-ын зүгээс нэг бус удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан боловч эцэст нь өөрөө ажлаа өгснөөр ”Жидүү”-тэй тэмцэх үйл явц өндөрлөсөн билээ.

АТГ-аас хийсэн бас нэг ноцтой мэдээлэл гэвэл “Тухайн шалгагдаж байгаа этгээдийн хамааралтай байгууллага ч юм уу найз нөхдөд нь хандаж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийдүүлдэг. Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхтэй этгээдүүд бүгд нэг нам, нэг бүлэглэлийн харьяалалтай болчихсон. Цаад хүмүүст нь энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэдэг хүсэлт тавихаар түдгэлзүүлдэггүй” гэв. Өөрөөр хэлбэл гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь хуулиас гадна хувь хүнээс хамааралтай болчихсон юм байна. Нэгийг нь шалгахын тулд нөгөөтэй нь “найзалж” нөхөрлөж байж, “хувийн арга хэмжээ авах” маягаар асуудлыг шийдвэрлэдэг болжээ гэсэн үг.

Хамгийн эмгэнэлтэй нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс бүрэн хараат болсон гэдгийг дээрх байгууллагын нөхөд өөрсдийн амаар хүлээн зөвшөөрсөн явдал. Энэ тохиолдолд хуулийн ямар ч шинэчлэл, өөрчлөлт яриад цагийн болоод цаасны гарз гэдэг нь тодорхой.

Б.Заяа  

Эх сурвалж: inews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх