С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сая УИХ хуралдаж Оюу толгойг хэлэлцлээ. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай гэсэн тодотголтой тогтоол гаргаж, ганц мега төслийнхөө хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх эрхийг засагт өгөв. Ингэснээр Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гардаж хийх нь тодорхой боллоо. Л.Оюун-Эрдэнэ улаан нүүрээрээ хэлэлцээрт орно, Ерөнхий сайд ч ялгаагүй Оюу толгойг урагшлуулах эсэх хэлэлцээрт ханцуй шамлан орж байна. Гишүүд тогтоол гаргахдаа мань хоёрт баахан захиас, сануулга дайж харагдсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Гүний уурхайд хоёр тэрбум ам.доллар ороогүй. Айлын талд одоо алдах юм байхгүй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан. Бид айлын талаас айж Оюу толгойн асуудлыг шийдэж болохгүй” гэж шахаж сануулах маягийн үг унагана лээ. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Оюу толгойн жилд өгч байгаа үр ашиг Эрдэнэт үйлдвэрээс ч бага байна. Уг нь асар их нөөц байгаа шүү дээ. Ард түмэн бухимдаж байна” гэсэн поп мэдэгдэл хийсэн бол Т.Аюурсайхан гишүүн “Оюу толгойн гэрээ Монголд хохиролтой болсон. С.Баярын Засгийн газар мэдлэг мэдээлэлгүй байсан. Засгийн газар мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй” хэмээн сүрдүүлсэн маягийн үгийг засагт дайсныг монголчууд бултаараа сонслоо. Л.Оюун-Эрдэнээс өөр хүн Оюу толгой компанийнхантай уулзаж болохгүй, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой гэсэн үг ч дуулдсан. Ямартаа ч засаг шууд хэлэлцээрт орж, Оюу толгой дээр шийдэл шийдвэрээ толгой дааж гаргах нь УИХ-ын тогтоолоор баталгаажаад байна.

УИХ өмнө нь С.Баяр, С.Баярцогт хоёрт ч яг ийм эрх өгөөд алхаа тогшиж байв. УИХ-ын 57, 40 дүгээр тогтоолоор Засгийн газар Оюу толгойтой гэрээ байгуулах хэлэлцээрт орж байсныг өнгөрсөн түүхээс харчихаж болно. УИХ-ын 40 дүгээр тогтоол “Оюу толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж” гэсэн тодотголтой. Яг л өнөөдрийнх шиг энэ асуудалдаа ингэж анхаар, тэр асуудлаа тэгж хараарай гэсэн захиас маягийн тогтоол бий. Энэ тогтоолыг батлахыг 12 гишүүн татгалзаж, 38 нь зөвшөөрч байж. Засаг өөрөө мэд гэж толгой дохисон гишүүд дунд Л.Болд, Д.Загджав, Г.Занданшатар, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ нарын нэр лав харагдаж байна. Оюу толгойтой гэрээ байгуулах эрхийг уриалгахан өгсөн энэ хэд өнгөрсөн жилүүдэд энэ төслийг яаж муулж, хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн баалцгаасныг чуулганы протокол шүүгээд харчих боломжтой. Сонин хэвлэлд ч хангалттай ярьж, шүүмжилсэн дээ, гүүгл-дэхэд л гараад ирнэ. 57 дугаар тогтоол нь “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гэсэн тодотголтой. Энэ тогтоолд төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоо, хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмших хувийг 50-иас доошгүй хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай тохирч шийдээрэй, эднийгээ байгуулчихвал гэрээгээ яаж байгуулах нь та нарын хэрэг гэсэн утга агуулгатай заалтууд бий. 18 гишүүн татгалзаж 31 гишүүн зөвшөөрснөөр 57 дугаар тогтоол батлагдаж байж. Дэмжсэн гишүүдийн дунд Оюу толгойн гэрээг баалагч Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Загджав, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын нэр ирийж байх жишээний.

Та нар өөрсдөө мэдээд хэлэлцээрт орж шийдвэрээ гарга гэчихээд дараа нь яаж шүүмжилж, буруутгаж, попордгийг эндээс харчихаж болно. УИХ тогтоол гаргасан, С.Баярын засаг Оюу толгойтой гэрээ байгуулсан. Бүх зүйл дүрмийн дагуу, эрхэм гишүүд, эрх баригчдын таалал болгоолтоор өрнөсөн. Дараа нь яалаа. УИХ, эрх баригчид ийм шийдвэр гаргаж үүрэг өгөөгүй юм шиг аашилсан. С.Баяр, С.Баярцогт гэж хоёр нөхөр л өөрсдөө мэдээд гэрээ байгуулчихсан аятай аяглаж гарсан. Луйварчнаар нь дуудаж, тэрбум ам.долларын авлигын хэрэг зохиож хүртэл хардсан. Ингээд зогсоогүй, хоёуланг нь барьж хорьж сүрийг үзүүлсэн. Цаашдаа бас яаж буруутгахыг өнөөхөндөө тааж хэлэхэд эрт байна. Дубайн гэрээ гэгдэх шийдвэр байна. Далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөө бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний үргэлжлэл. Энэ хөтөлбөрийг улс төрийн шийдвэр гаргаж баталсан Ч.Сайханбилэгийг ч шоронд хорьсон. Түүн рүү чиглэсэн буруутгал хэр хугацаанд үргэлжлэхийг мөн л таашгүй.

Өнгөрсөн түүхийг сөхөхөд ийм л зураг харагддаг. УИХ-ын сая гаргасан шийдвэр ч өмнөх шийдвэрүүдээсээ ялгараад байх юмгүй. Бодит үнэн нь ийм байхад УИХ өмнөх үйлдлээ яг давтчихлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг С.Баяр, С.Баярцогт хоёрын залгамжлагч гээд байгаагийн цаад учир нь ердөө энэ. Оюу толгой ба Засаг хоёрын хэлэлцээ эцэстээ яаж төгсдөг нь тодорхой байхад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг залгамжлагчаар тодруулдаг нь ёстой юу вэ?

Та нар чадна аа, хэлэлцээрээ хийх эрхийг чинь өгье гэж дуугарсан гишүүд маргааш нь яадгийг монголчууд цугаараа харж байна. Гэрээг сайжрууллаа, засаг шийдэл оллоо гэж бодъё. Дараагийн УИХ бүрдэхэд л гэрээ хийсэн нөхдийг шүүмжлэгчид хэдэн арваараа гараад ирнэ. Шүүмжлэгчид үеийн үед цагийн цагт байж л байдаг. Шүүмжлэл дэврэхээр юу болдгийг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын түүхээс харчихаж болно. С.Баяр манай сонинд ярилцлага өгөхдөө 34 хувиар яах вэ, татвар рояалтигаа аваад явъя гэж УИХ-ын гишүүдэд өчнөөн тайлбарласнаа ярьж байсан. Тухайн үед “Наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй. 34 хувийг эзэмшинэ” гэж гэдийцгээсэн гишүүд өнөөдөр 34 хувь эзэмшсэнийхээ төлөө Монгол төрийн үүрэх хариуцлагыг ойлгохгүй попорч суугаа. Булзах аргагүй үнэн гэвэл энэ.

Тэгэхээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр С.Баяр, С.Баярцогтын замаар алхах нь тов тодорхой үнэн. Ер нь улс төрийн зоримог шийдвэр гаргасан, эдийн засагт түлхэц өгөхөөр том ажил хөдөлгөсөн улстөрч болгон буруудсаар ирсэн. Буруудаж ч яваа. Цаашид лав л хэдэн жилдээ энэ гажиг засагдахгүй гэж учир мэдэх улс хэлдэг.

Ц.Баасансүрэн     

Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх