Хоосон толгойнууд ба хөндий барилгууд

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны төсөвт хориг тавьчихлаа. Гоё гоё. Ёстой “Браво” гэхээс өөр юу гэхэв. Харин МАН улс орныхоо төрийн тэргүүнийг яасан их басамжлаа вэ. Ард иргэд биднийгээ алхам тутамдаа дээрэлхэж байгаа  шигээ Ерөнхийлөгчийг бас дээрэлхэнэ гэж бодсон бололтой. Гэвч чадсангүй. Ерөнхийлөгч маань нэгэн цагт жүдогийн татамид гангарч явсан шигээ Засгийнханд ч бас  тэр зангарагаа харуулав. Зөв, зүйтэй. Задарсан нөхдийг ингэмээр байгаа юм гэж цахим орчноор нэг шуугив, бас баярлав.

Эрх баригчид 2020 оны төсвийн нийт зарлага нь 13.87 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг байхаар батласан…

Үүнийг Ерөнхийлөгч  буруушааж  төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй гэж үзжээ.

Мөн ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахгүй яг өнгөрсөн оны төсөв шиг юм оруулж ирлээ. Алдаан дээрээ суралцдаг байтал алдаагаа дахин давтлаа. Алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй  байна гэв.

Учир  иймд Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасахыг санал болгожээ.

Эрх баригчдын барилга арга хэмжээнд тусгасан 386 барилгын 1.424.277.3 сая төгрөг,  мөн арга хэмжээнд тусгасан 350.846.7 сая төгрөгийг тус тус хэсэгчлэн хасахыг  тодорхой дурдсан байв.

Ер нь ч тэгээд нийслэлдээ багтахгүй шахам барилгатай болчихоод байхад дахин барилга барихаар яасан их мөнгө төсөвлөө вэ. Гэсэн ч нөхдүүдийн хэдэн он дамнуулан барих барилгаас овоо зэгсэн юм тоншчихно гэсэн нь ийнхүү талаар болох бололтой.

Үнэндээ одоо Улаанбаатарт нэмж барилга барих хэрэггүй. Гэхдээ 2-3 он дамжин барилга барьж, унац энэ тэр  авдаг арга уг нь аль эрт хоцрогдчихсон шүү дээ. Бас  хэв загвар муутай барилга байшин олшрох нь хоосон толгойтой инженерүүдтэй холбоотой гэх нь ч бий. Бүр тодруулбал, хоосон толгойтнууд олшрох тусам хөндий барилгууд олширдог гэсэн үг.

Иргэдийг ойрын хэдэн өдөр маш их стресстүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөгийн иухайд ч хэсэгчлэн хасахыг дурдсан байв.

Эрх барьж буй МАН-ынханд эцэггүй хүүхэд шиг дээрэлхүүлж явсан ард түмэн өнөөдөр эцэгтэй, элэг бүтэн болчихсон мэт баярлаж байна, хөөрхий. Стресс ихтэй ядуу тарчиг амьдарч байгаа ард түмэн нь  цухас ч атугай баярлаад аваг ээ.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх