Ерөнхийлөгч сонгуулийн шоунд зориулсан 2020 оны төсөвт хориг тавилаа

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Хоригоор МАН-ынхан 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд амлалт өгч, түүнийгээ биелүүлэхийн оронд ирэх оны сонгуулиар УИХ-ын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас хэтрэхгүй нь гэдгийг ч хэлжээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1.424.277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1.828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350.846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.” гэжээ.

Эдгээрийг тайлбарлахдаа “Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие  даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр УИХ-д тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй болно...

...Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь УИХ-ын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно. 

Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, УИХ-аар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна...

...УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно...

...Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ.

...Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ард түмэнд өгсөн амлалт болон авч хэрэгжүүлсэн бодлого, шийдлээ эргэн харах, алдаатай зарим бодлогоо энэ удаагийн төсвөөр засаж, залруулах боломжийг олгох үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавих нь зүйтэй гэж үзлээ...” гэхчилэн дурьджээ.

Мөн “...Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн дараагаас өнөөг хүртэл төрийн эрхийг барихдаа төсвийн нийт алдагдлыг 9 гаруй их наяд төгрөгт хүргэж, 2016 онд хүлээж авсан 1.2 хувийн инфляцыг 9 хувьд хүргэн, ард иргэдийн амьжиргааг 8 пунктээр ядууруулсан хүнд нөхцөл бий болголоо. Өөрөөр хэлбэл эрх баригчдын хариуцлагагүй бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй инфляцын нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгийг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна...”, “...Монгол Ардын нам төрийн эрхийг авч, улс орныг удирдсанаас хойш 4 дэх жилээ үзэх гэж байна. Энэ хугацаанд төсвийн болон бусад бодлогоо оновчтой, үр ашигтай болгох чиглэлд анхаарч, ард түмэнд өгөөжтэй, улс оронд хэрэгтэй ийм хуулийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бус хугацаагүйгээр зогсоох буюу гацаах бодлого оруулж ирж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй болгож байна.” хэмээжээ.

Б.Отгонзаяа   

Эх сурвалж: erennews.mn   

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх