МАН­-ын “хөгшчүүд” ашигтай хувилбараа сонголоо

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

МАН­-ын “хөгшчүүд” ашигтай хувилбараа сонголоо

 

  • Сонгуулийн 50:26 мажоритартогтолцоо нийтэд танигдсан улстөрчдөд давуу тал болно
  •  Олон жил сонгогдсон тойргийнх нь иргэдийн итгэл нь хөрсөн архаг улстөрчийн парламентийн босгыг давах заль эсвэл "одоо та нар болно, бидний ээлж" гэж тэрслэх залуучуудаа дарах боломж юм

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ дагуу Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Сонгуулийн хуулийг өөрчлөх туршлага Монголын парламентад бий. Ихэвчлэн сонгуулийн жил гарахын өмнөхөн гэнэт өргөн барьж, баталдаг жишигтэй. Харамсалтай нь, тэр бүр улс орон, ард түмэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог мажоритар тогтолцоо буюу 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн 93 гишүүний олонх дэмжсэн бай на. Ингэснээр 50 нь жижиг тойрогт, 26 нь намын жагсаалтаар улс даяар нэр дэвших хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болов. Энэ хувилбараар сонгогчид өөрийн тойргийн нэр дэвшигчийг сонгохоос гадна томсгосон тойргийн нэр дэвшигчдээс давхар сонголт хийх юм. Холимог мажоритар нь 2012 оны сонгуулийг явуулсан холимог тогтолцооноос нам биш хүний нэр сонгохоороо ялгаатай. Харин уг хувилбараар сонгууль явууллаа гэхэд томсгосон тойргоос хамгийн олон санал авсан 26 хүнийг шууд сонгох уу, эсвэл намаас нэр дэвшсэн 26 хүний нийт авсан саналын хувиар жагсаалтын дагуу парламентад оруулах уу гэдэг нь эргэлзээтэй байсан. Тэгвэл МАН-ын УЗ томсгосон тойрогт нэр дэв шигч дээс хамгийн олон санал авсан 26 хүнийг парламентад оруулах хувилбарыг дэмжсэн аж. Энэ нь нийт намуудаас өрсөлдсөн тус бүрийн 26 нэр дэвшигчийн авсан саналын хувь хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо хувилж, 26 суудалдаа хуваана гэсэн үг юм. Жишээлбэл, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бусад 25 нэр дэвшигчийн хамт улс даяар нэг тойрогт өрсөлдлөө гэж тооцъё. Тэд нийт сонгогчийн 40 хувийн санал авлаа гэхэд УИХ-ын 10 гаруй суудал авч чадна гэсэн үг. Ингэхдээ сонгогчид 26 нэр дэвшигчээс хэн нь улсыг төлөөлөн УИХ-д сонгогдох боломжтой вэ гэдэг сонголтыг хийсэн байх тул хамгийн их санал цуглуулсан нь ард түмнийг төлөөлөн УИХ-д сууна. Нэг үгээр хэлбэл, 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид намын нэр дугуйлж байсан бол энэ удаад нэр дэвшигчийг дугуйлж буйгаараа л ялгаатай юм. Дэлхийн улс орнуудад сонгуулийн үндсэн гурван том тогтолцоо бий. Мажоритар, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн, холимог гэж. Мажоритар нь ердийн олонх, 50+1, нэг ба олон мандаттай зэрэг хэд хэдэн хувилбартай. Энгийнээр тайлбарлахад, нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь сонгогдохыг мажоритар тогтолцоо гэдэг. УИХ-ын 1992, 2008, оны сонгуулийг олон мандат бүхий томсгосон 26 тойргоор, 1996-2004, 2016 оны сонгуулийг нэг тойрог-нэг мандат бүхий мажоритараар явуулсан. Харин Үндсэн хуулийг батлахаас өмнө Улсын Бага Хурлыг пропорциональ хувилбараар бүрдүүлж байсан. Мөн 2012 онд пропорциональ тогтолцоогоор сонгууль зохион байгуулж байв. Тэагвэл одоо эрх баригч намын удирдлагуудын дэмжээд буй тогтолцоо нь Монголд анхдагч хувилбар болж байгаа юм. Гэхдээ энэ тогтолцоог дэмжихгүй гэсэн хэсэг МАН дотор бий. Тэдгээр нь УИХ-д шинээр сонгогдсон, "зүсэлж” авсан тойргийнх нь иргэд л танина уу гэхээс улс даяар тодроогүй гишүүд, бизнесмэнүүд юм. Гэхдээ тэд хэтэвчнийхээ зузаанаар аль нэг жижиг тойргийг өөрийн вант улс болгож чадах хөрөнгөтэй хүмүүс. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дээрх хувилбарыг дэмжсэн нь учиртай. МАН-ын Удирдах зөвлөл 30 гишүүнтэй. Тэдний бараг 60 орчим хувь нь УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон бол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан зэрэг энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн улс төрөөрөө олонд танигдсан "багачууд” ч бас бий. Тэд парламентад олон удаа сонгогдсон, нийгэмд танигдсан учраас сонгогчдын дугуйлах магадлалд найдаж, энэ хувилбарыг дэмжсэн болов уу. Холимог мажоритар хувилбар тэдэнд мөн давхар боломж олгоно. Олон жил сонгогдсон тойргийнх нь сонгогчдын итгэл нь хөрсөн архаг улстөрчийн парламентын босгыг давах заль эсвэл "Одоо та нар болно, бидний ээлж” гэж тэрслэх залуучуудаа дарах боломж юм. МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдийн энэхүү байр суурийн зөрүү нь улстөрчид аль болох өөрсдөө сонгогдох магадлалтай хувилбарыг л дэмждэгийн нотолгоо юм. Улс төрд мөнгөнөөс гадна нэр төр, танигдсан байдал, туршлага хэрэгтэй. Тиймдээ ч Монголын парламентад дуучид, бөхчүүд, тамирчид зэрэг алдартнуудын тохиолдлын, гэнэтийн улстөрч болох боломжийг мажоритар тогтолцоо олгосоор ирсэн билээ. 

Б.Энхжаргал
ЗГМ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх