ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
За хамгийн энгийн гаргалгаа хөөе. Автозам ашигласны төлбөр нэмэгдлээ гээд та машинаас татгалзаж, автобусанд чихэлдэх үү? Өглөөдөө 20 минут, оройдоо 30-40 минут буудал дээр бууралтталаа зогсож, товч ханцуйгаа ханзартал тоос манан босгон автобусны араас гүйх үү? Ороод суувал баярлаж, үлдээд хоцорвол үглээд л дараагийнхыг нь хөлдтөлөө хүлээх үү? Одоо машин унаж байгаа 840 мянган хүн нэмэгдчихвэл өнөөдөр хүрэлцэхгүй хөгөө чирч байгаа нийтийн тээвэр чинь яах уу? Нийслэлийн ИТХ-аас автомашин ашигласны төлбөрийг 5,7 дахин нэмж, үүнийгээ хотын замыг засна гэж тайлбарлалаа. Татвар нэмээд, дарамталж дарангуйлаад ч шийдэхгүй асуудал гэж бий. Татварын энэ нэмэгдэл хэд хэдэн суурь үнэ нэмэгдэхэд нөлөөлнө. Таксины үнэ нэмэгдэнэ. Өдөр тутам хүргэлт хийдэг хүнс, талх тарианы үнэ нэмэгдэнэ. Гурил будаа, мах гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ бага боловч нэмэгдэнэ. Ерөөс үүрээд зөөхгүй, үглээд амжихгүй, хэлхээтэй төмөр, хийтэй дугуйтаар зөөдөг бүх юмны үнэ өснө. Ингэлээ гээд хотын бөглөрөл лав шийдэгдэхгүй. 20 мянгын татвар төлдөг байсан залуу 100 мянга болчихлоо гээд приусээ орхиод автобусанд суухгүй. 100 мянгыг төлдөг байсан жийптэнгүүд 300 мянгыг төлөхөөсөө айгаад жижиг тэрэг авч унахгүй. Асуудлыг шийдэх гарц нь өөрөө ямар нэгэн төрлийн дарамт, дарангуйллын арга биш юм. Тодруулж хэлбэл энэ бол бодлого биш. Их хотыг бизнес шиг тооны машинд тоо үржүүлээд гарсан дүнгээр нь удирдахгүй. Хот бол бизнес биш. Нийслэлд 840 мянган автомашин бий. Нийт 940 км замтай хот гэж байгаа. Татвар нэмэгдүүлснээр нийт 73 тэрбум төгрөг олж зам засах юм гэсэн. Энэ мөнгө үнэхээр зам засахад, нэмж өргөтгөхөд зарцуулагдах уу, эсвэл МАН-ын 2020 оны сонгуулийн зардал болоод дуусах уу, хэрхэн хянах уу? Тэгэхээр энэ татварын нэмэгдэл хэнд ашигтай, ямар арга хэмжээ болчихов? Үр дүнгээс нь юу хүлээв? Татвар нэмээд бөглөрөл саарч утаа угаар арилахгүй гэдгийг энгийн хүн ч ойлгоно. Ирэх онд нийслэлийн нийтийн тээвэрт 31 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 26 тэрбумаар нь 50 цахилгаан автобус авна. Нөгөө хуучин муу цахилгаан станц маань ачааллаа даахгүй ганц салгалаад амь тавихад ойрхон байгаа. Эндээс юу харагдаж байна вэ? Автомашины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт нэг, хоёр, за бүр гурван өдөр болго. Тэгээд хар. Бөглөрөл буурахгүй. Үнэ, татвар, дарамтаа 5 дахин байтугай 10 дахин өсгөөд үз. Нэмэх, татах, дарамт үүсгэх нь өөрөө бодлого биш, гарц биш юм. За тэгээд болохгүй бол А үсгээр эхэлсэн Амарсайхан даваа гаригт гэрээсээ гарч болохгүй, Э үсгээр эхэлсэн Эмүжин баасан гаригт хөл хорионд гэхчлэн ангилаад үз. Гэрээсээ гарахдаа явган хүний замаар алхсаныхаа татварыг төлнө, төлөхгүй бол хөл хуга. Ингээд асуудал шийдэгдэхгүй. Бөглөрөл, угаар, нийтийн тээвэр, бохир, цахилгааны ачааллын асуудлуудаа шийдэх гэж байгаа бол сууриар нь хар. Баянхонгор, Алтайд суугаа иргэн Дондогоос, Дондогийн хотод сурахаар, ажлын байр хайж, амьдрал эрж мордсон хүүгээс, халуун устай шүршүүрт орохыг хүсдэг охиноос өнөөдрийн их хотын Дунгаамаагийн амьдрал хамаараад байгаа юм. Бүгд хотдоо чихэлдэж, чинэртэл уурлаж суугаагийн шалтгааныг улсынхаа хэмжээнд харж, улсынхаа хэмжээнд бодлого хэрэгжүүлж байж аажмаар шийдэлд хүрнэ. Тиймээс доошоо хөөрхөн Дулмааг дарамталж биш, дээшээ Хүрэлсүхтэйгээ, засаг төртэйгээ ярилцаж, зөвшилцөж асуудлаа шийднэ үү.
Эмүжин