Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Б.Баярсайхан: IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргана

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Invest in Mongolia, Shanghai 2019” форумын үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхантай Монгол Улсын худалдаа хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого болон "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- ”Invest in Mongolia” форумыг дэлхийн томоохон хот, зах зээлийг сонгон зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Уг форумын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?

 

- Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Олон улсын импортын экспо үзэсгэлэнгийн үеэр "Invest in Mongolia” форумыг Шанхай хотноо зохион байгууллаа. Уг форумыг хамтран зохион байгуулсан Шанхай хотын Янпу дүүрэг ирэх жилүүдэд инновац, технологийн томоохон төв болон хөгжих зорилт тавьсан байгаа нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг манай хоёр орны компаниудын харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудыг нэмэгдүүлж буйгаараа онцлогтой. Ирэх сард Токио хотноо Японы Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам болон түүний харьяа Жижиг дунд үйлдвэрийн агентлагтай хамтран "Invest in Mongolia” форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Токиогийн форумын үндсэн зорилго нь Монголын жижиг дунд бизнес, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийг Японы бизнес эрхлэгчидтэй шууд холбоход оршино. Цаашид "Invest in Mongolia”-г тухайн улс орны онцлогт тохируулан, аль нэг салбарыг түлхүү онцолсон байдлаар зохион байгуулсан нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

 

- Хятадын олон улсын импортын экспогоор 170 гаруй улс өөрсдийн боломжийг танилцуулж байна. Манай улсын хувьд, Хятад улстай хөрш зэргэлдээ, найрсаг харилцаатай зэрэг олон давуу талтай. 2020 онд талууд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ боломж 10 тэрбум ам.доллароор хязгаарлагдах уу?

 

- Монгол Улс, БНХАУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд 2020 онд хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Худалдааны дийлэнх хувийг одоогоор уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрсний экспорт эзэлж байгаа бөгөөд цаашид ч энэ дүр зураг хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

Зөвхөн нүүрсний экспортыг л 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтойгоос үзэхэд уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлснээр олон шинэ боломж нээгдэнэ.

Үүний тулд хоёр улсын боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах, худалдааны чөлөөт бүсүүд байгуулах шаардлагатай. Одоогоор манай нүүрс зөвхөн Гашуунсухайт боомтоор л БНХАУ-руу гарч байна. Үндэсний хөгжлийн газраас Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нүүрс нэвтрүүлэх боомтын тоог нэмэхээр ажиллаж байгаа бөгөөд Цагаандэл уул - Өлзий, Ханги - Мандал зэрэг шинэ боомт удахгүй уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад бэлэн болно.

 

- БНХАУ-ын манай улсад оруулах хөрөнгө оруулалт нэг хэсэг буурсан нь сөрөг үр дагавартай юу?

 

- Монгол Улсын нийт гадаадын хөрөнгө оруулалтын 20 гаруй хувийг Хятадын хөрөнгө оруулалт эзэлдэг ч сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт буурах хандлага ажиглагдсан. Манай улсын хувьд, хөрөнгө оруулалт татахаас илүүтэй худалдаа арилжаа хийх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал байна. Бидэнд газар доорх болон газар дээрх баялаг, түүхий эдийн асар том нөөц бий. Тиймээс Япон, Герман зэрэг өндөр хөгжсөн улсаас хөрөнгө оруулалт түлхүү татаж түүхий эдээ боловсруулаад, Хятадын зах зээлд нийлүүлэх нь өндөр үр ашигтайгаас гадна стратегийн хувьд чухал ач холбогдолтой.

 

- Гурван тулгуурт хөгжлийн бодлогод ХАА-н салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон. Гэвч манай улсын нийт экспортын 80 гаруй хувийг эзэлж буй эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбарыг орхигдуулж болохгүй болов уу?


- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосны дагуу Үндэсний хөгжлийн газар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр зэргийг үндэслэн Гурван тулгуурт хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан. Энэхүү баримт бичигт маш тодорхой 27 зорилтыг тусгаж, Засгийн газраас үлдсэн 900 хоногт авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон байгаа юм. Гурван тулгуурт хөгжлийн бодлогод уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэх замаар олборлох салбараас хэт хамааралтай эдийн засгийн тогтолцоог өөрчлөх суурийг тавихаар тусгасан. Гэвч олборлох салбарын хөгжлийг орхигдуулж болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж боловсруулах төслүүдийг түлхүү дэмжих хэрэгтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулахад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд маш их хөрөнгө мөнгө, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай. Харин жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар ХАА-н салбарыг хөгжүүлэх нь үр өгөөжтэйн дээр бага зардал, хөрөнгө оруулалт шаарддаг.

 

- Үндэсний хөгжлийн газар Монгол Улсын 2050 он хүртэлх алсын хараа, хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо юуг түлхүү анхаарч байна вэ?

 

- Дэлхийн улс орнууд ихэвчлэн хөгжлийн бодлогоо 30-40 жилээр нь харж тодорхойлдог. Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд алсын хараа, урт хугацааны бодлогыг 15-20 жилээр тодорхойлно гэж заасан байдаг. Энэ хуулийг эргэн харж, бодлогын хугацааг уртасгаж, Засгийн газар, намуудын мөрийн хөтөлбөрүүдтэй уялдуулах нь зүйтэй. Жишээлбэл, Япон улс 2160 он хүртэл 140 жилээр алсын хараагаа тодорхойлж дөрвөн жилийн өмнө Засгийн газраараа батлуулсан. Учир нь Японы хүн ам буурч, дундаж наслалт өсөж, өндөр настны тоо ихсэж байгаатай холбоотой дэлхийд гуравдугаарт орж буй эдийн засгаа хадгалахын тулд хөгжлийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлох шаардлагатай болсон. Энэ бодлогоо амжилттай хэрэгжүүлбэл 2008 оноос цөөрч эхэлсэн Японы хүн ам 2090 оноос тогтворжиж, 2110 оноос буцаад өсөх төлөвтэй байгаа юм. Казахстан улс 2050 он хүртэл хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Урт хугацааны бодлоготойгоо уялдуулаад дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвөө боловсруулж, маш үр дүнтэй хэрэгжүүлж байна. Манай улс үндсэндээ 4 жилээр үйл ажиллагааны хөтөлбөрөө төлөвлөн хэрэгжүүлдэг. ТЭЗҮ-гүй болон нарийвчилсан тооцоо судалгаагүй том том төслүүдийг хөгжлийн хөтөлбөрүүддээ суулгачихаад түүнийгээ хэрэгжүүлэхгүй байх тохиолдол цөөнгүй.

Монгол Улсын 2050 он хүртэлх алсын хараа, хөгжлийн бодлогод дундаж давхаргын эзлэх хувийг 80 хувьд хүргэхээр тусгасан.

Энэхүү есөн тулгуур зорилго бүхий мянга гаруй хуудас баримт бичгийг бүх түвшинд хэлэлцүүлж, манай онцлогт тохирсон хамгийн боловсронгуй хувилбарыг ирэх жилийн хавар бэлэн болгохоор ажиллаж байна. Энэ ажилд Монгол Улсын 13 яам, бүх агентлаг, эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцож байгаа нь онцгой ач холбогдолтой.


- Манай улс өмнө нь хөгжлийн бодлого, алсын хараагаа хэрхэн тодорхойлдог байсан бэ?

 

- Социалист нийгмийн үед бодлого төлөвлөлтөө таван жилээр боловсруулан хэрэгжүүлдэг байхад аж үйлдвэр маш сайн хөгжсөн. Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэнээр үндсэндээ бүх төлөвлөлт орхигдсон гэж хэлж болно.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдал хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явсантай шууд холбоотой.

Энэ хугацаанд батлагдсан салбаруудын бодлогын баримт бичгүүдийг судалж үзэхэд хоорондоо уялдаа холбоогүй 500 гаруй баримт бичиг байх жишээтэй. Маш тодорхой алсын хараа, зорилго зорилттой болж байж хөгжлийн тухай яриа эхэлнэ.

 

- Тантай уулзсаных "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-н талаар асуумаар байна. IPO хийх банкууд тодорхой болсон уу? Энэ ажил хэр урагштай байна вэ?

 

- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ УИХ-ын болон Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүдийг үндэслэн IPO хийхтэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргаж 2020 оны тавдугаар сар гэхэд зорилгодоо хүрэхээр шаргуу ажиллаж байгаа.

IPO хийх спонсор банкаар Bank of America Merrill Lynch болон Credit Suisse, хамтарсан зохицуулагч банкаар Bank of China International болон Nomura Group урьдчилан сонгогдсон.

Хуулийн фирм, аудитын компаниуд мөн тодорхой болж ажлаа эхлүүлсэн. Энэ эрчээр ирэх оны тавдугаар сард боломжит хэмжээнд IPO хийж Тавантолгойн ордыг хөгжүүлэх ажилд томоохон ахиц гарна гэж үзэж байна.

 

- Ойролцоогоор нэг тэрбум ам.доллар босгох тооцоо гарч байгаа тухай яригдсан. Боломжит хэмжээнд IPO хийнэ гэдгийг тодруулбал?

- "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд "Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компанийг байгуулсан. Уг компанид нэг ашиглалтын лицензийг шилжүүлж, түүнийхээ 30 хувийг Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжихаар төлөвлөж байна. Аудитын компаниуд "Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн нөөцийг хэр хэмжээнд үнэлэхээс нийт босгох хөрөнгийн хэмжээ шалтгаална. Компанийн 30 хувь нь нэг, хоёр магадгүй гурван тэрбум ам.доллароор ч үнэлэгдэх боломж бий.

Монцамэ агентлаг



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх