Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр баталлаа. Уг нь ард нийтийн санал асуулгаар батлахаар төлөвлөж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгийн хоригийг хүлээж аваад тогтоолоо дахин баталж ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл санал асуулга явуулахаа больж гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах гэсэн хоёр замаас сонгох шаардлагатай болсон юм. Эрх баригч МАН ард нийтийн санал асуулга явуулахаас татгалзаж, УИХ өөрөө батлах замыг сонгосон. Ингэхдээ Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын зөвлөлөөс тавьсан болзлын дагуу ийм шийдвэр гаргасан юм. Тэдний болзол нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед унасан зарим заалтыг гуравдугаар хэлэлцүүлгийн үед нэмж оруулах явдал байв. МАН-ын хувьд тэдний болзлыг хүлээж авах нь ч ашигтай байсан юм. Учир нь, МАН саналыг нь хүлээж авч ямар нэгэн заалт нэмэхгүйгээр баталж болох ч эрсдэлийг дангаараа үүрэх нь өөрсдөд нь ашиггүй гэж тооцсон. Гэвч яг эцсийн мөчид нөхцөл байдал өөрөөр эргэж МАН дангаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөчлөлтийг баталлаа.

Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд 100 хувь “дан дээл”-тэй байх ёстой гэсэн санал гаргасан бол АН-ын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх буюу сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болох, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд  суулгах санал гаргасан юм. Гэвч зөвшилцөх ажлын хэсэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжилгүй үлдээж, АН-ын хоёр санал буюу Ерөнхий сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болох, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд  суулгах саналыг нь УИХ-д оруулсан. Ингэснээр Ерөнхийлөгч Тамгын газрын даргаараа дамжуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг саналаа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болох заалтад хориг тавих тухай ярьж, судалж байна. Хоёр нам хоёулаа энэ заалтыг дэмжиж байх шиг байна. Судлаад хоригийг хүлээж авахааргүй байвал тавихгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан бусад заалтуудыг дэмжиж байгаа” гэлээ.

Харин Ерөнхий сайд нараа өөрөө томилж, чөлөөлдөг болох саналаа дэмжүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд суулгах саналаа унагуулсан АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцсангүй. Товчхондоо, Ерөнхийлөгч, АН хоёр санасандаа хүрсэнгүй. МАН-д молигдуулчихлаа. Харин МАН “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дангаараа хүч түрэн баталсан” гэсэн шүүмжлэлд өртөж эхэллээ. Энэ удаагийн өөрчлөлт дордохын долоо гэдэг шиг ямар нэгэн нэр хоч зүүхээр болбол тэр нь МАН-д хаяглагдана.

Эх сурвалж: ЕАGLE.MN

http://eagle.mn/r/65274

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх