Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Лондоны металын бирж дээр энэ сарын 14-ний байдлаар нэг тонн зэсийн үнэ 5,854 ам.доллартайгоор хаагдсан байна. Харин Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ өчигдөр орон нутгийн цагаар үдээс хойших худалдааны үеэр 5,762 ам.доллар/тонн болтлоо буурчээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 4%-иар буурсан дүн болсныг шинжээчид онцолж байна.

Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм.

Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татвар ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг сонгон зарлах үлдээд байгаа юм.

Үүний зэрэгцээ Хятадын Үндэсний статистикийн газар тус улсын аж үйлдвэрлэл болон бусад салбарын үзүүлэлтийг зарлалаа. Тус улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлт аравдугаар сард 4.7%-тай байсан нь өмнөх есдүгээр сарын 5.8%-ийн дүнгээс буурсан байна. Хятадын Үндэсний статистикийн газар хэдийгээр аравдугаар сард тус улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан боловч өсөлт удаашрах дарамт нэмэгдсэн хэвээр байгааг анхааруулсан байна. Иймд үүнийг эерүүлэхэд чиглэсэн Засгийн газрын хариу арга хэмжээ ихээхэн чухал гэдгийг тэмдэглэсэн байна.

Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц энэ сарын 14-ний байдлаар 221.7 мянган тоннд хүрсэн нь сүүлийн таван сар орчмын хугацаан дахь хамгийн бага дүн юм. Мөн Чилид үүсээд буй эмх замбараагүй байдлаас үүдэн зэсийн нийлүүлэлт тасалдах эрсдэл бий болоод байгаа юм. Гэхдээ эдгээр хүчин зүйл нь зэсийн үнийн өсөлтөд зөвхөн богино хугацааны эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг “Capital Economics” тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ өсөх эсэхэд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал голлох нөлөө үзүүлнэ гэсэн үг.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Ройтерс-ийн 29 шинжээч ирэх онд зэсийн үнэ дунджаар 6,050 ам.доллар/тонн байна гэж үзсэн байна. Энэ нь өнгөрсөн долдугаар сард дэвшүүлж байсан таамгаас нь даруй 6%-иар бага дүн боллоо. Шинжээчид ирэх онд зэсийн үнэ өсөлтгүй байх бөгөөд харин буурах эрсдэл ихээхэн байсаар байгааг анхаарууллаа.

Г.ТӨГС

/

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх