ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлд буяны зан үйл хийх зөвшөөрөлтэй найм, зөвшөөрөлгүй 10 гаруй компани үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр компани 574 га талбайд оршуулгын зан үйл хийсэн бөгөөд 380 гаруй га талбайд нь зөвшөөрөлтэй, үлдсэн хувьд нь зөвшөөрөлгүйгээр хийжээ. Оршуулгын зан үйл хийхэд тулгамдаж буй асуудлыг өчигдөр тус салбарын мэргэжилтнүүд хөндөж, нэгдсэн хууль эрх зүйн орчинтой болох талаар хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд чандарлах үйлийг "Улаанбаатар буян” гэх ганцхан компани хийдэг байна. 2013 оны статистикаар нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол энэ үзүүлэлт 2019 онд 21 хувь хүртлээ буурчээ. Үүнд оршуулгын үйлчилгээ үзүүлж буй компаниудын хандлага, шашны байгууллагуудын нөлөөл их байдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Буяны зан үйлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Отгонбаяр "Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 20 гаруй оршуулгын газар үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд иргэд дур мэдэн буяны зан үйл хийх нь элбэг болсон. Өнөөдрийн (өчигдөр) хурлаар зөвшөөрөлгүй оршуулгын газруудаас гадна хуучин оршуулгын газруудын асуудлыг хэрхэн яаж цэгцлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 2018 онд Далан давхар оршуулгын газрын 1.5 га талбайд газар чөлөөлөлт хийж, цахилгааны дэд станц барьсан. Энэ ажлыг "Улаанбаатар буян” компани болон "Суварга буян” компаниуд хамтарч газар чөлөөлөлт хийсэн” гэв.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С.Аригуун "Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт манай улсын хувьд харьцангуй сул. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд оршуулгын үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг нэгдсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэж ойлгож болно. Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2014 оноос энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.Өнгөрсөн 2015 онд зөвшөөрөлгүй оршуулгын газрын жагсаалтыг гаргахдаа хамгаалалтын бүсүүдийг гаргасан. Нарангийн энгэр, Хан-Уул дүүргийн Өлзийтийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийг суурьшлын бүс тэлэхээс нь өмнө үндсэн хил хязгаараар 300 метр зайнд татаж хязгаарлаад байна. Далан давхар, Цагаан давааны оршуулгын газарт өмнө нь хязгаарлалтын бүс татаагүйгээс айлууд амьдарч байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 7500 хүн бурхан болдог байна. Үүний 70 орчим хувь нь оршуулгын зан үйл хийдэг компанид ханддаг гэнэ.