Тавантолгой түлш ХХК-ийн авто баазын нээлт өнөөдөр боллоо. Тус компани бүтээгдэхүүний түүхий эд болох медлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд зөөх том оврын ачааны 60 машинтай авто баазыг байгуулж байгаа юм.
Автобаазын нээлтэд УИХ-ын гишүүн Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Нурлат, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг Өмнөговиос Улаанбаатар чиглэлд зөөх ажилд түрээсийн 1000 гаруй тээврийн хэрэгсэл явж нийтдээ 1 сая орчим түүхий эдийг үйлдвэр болон дундын бүсэд нөөцлөөд байгаа юм. Цаашид энэ ажлыг Тавантолгой түлш ХХК-ийн өөрсдийн машинаар гүйцэтгэнэ. Ингэснээр тээвэрлэлттэй холбоотой зардлууд буурна гэдгийг албаныхан хэлж байлаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлснээс хойш бид үр дүнг нь өөрийн нүдээр харж байна. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд бид хөх тэнгэрээ харах нь битгий хэл урдах машиныхаа дугаарыг харж чаддаггүй байсан. Тэгвэл өнөөдөр бид гаднаа -22 хэмийн хүйтэнтэй байхад ийм цэнгэг тунгалаг агаартай байж болдогийг харлаа. Энэ бол Тавантолгой түлш компанийн ажилчид та бүхний хүч хөдөлмөрийн үр шим яах аргагүй мөн.
Энэ машины хувьд их онцлогтой. Нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан учир энгийн замаар тээвэрлэлт хийх боломжтой” хэмээгээд дээрх машинуудыг жолоодох жолоочдоос хамгийн ахмад жолооч Баярсайханд алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү барьж, алтан шар зам нь өлзийтэй байж, 1 сая медлингийг зөөгөөрэй” хэмээн ерөөв.
Дээрх машинууд тээвэрлэлтэд явж эхэлснээр Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд медлинг тээвэрлэдэг түрээсийн машины тоог багасгаж тээвэрлэлтэд зарцуулдаг зардлыг бууруулах юм. Түрээсээр ажил гүйцэтгэдэг тээврийн хэрэгслүүд нь ачсан ачаагаа өөрөө буулгадаггүй учир ковш, гар буулгагч зэрэг нэмэлт зардлууд гардаг юм.
Харин шинээр явж эхэлж байгаа дээрх тээврийн хэрэгслүүд нь тус бүр 40 тонн даацтай 5 тэнхлэгтэй бөгөөд Монгол Улсын MNS4598:2011 стандартыг хангасан, өөрөө буулгагч тэвштэй болохоор ковш, гар буулгагчийн зардлыг хэмнэх сайн талтай.
Мөн дээрх тээврийн хэрэгслүүдийг холын тээвэрт явуулахаас гадна Улаанбаатар хот дотор Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд рүү түлшний тээвэрлэлт хийх юм.