Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Багаасаа морь унаж уралддагийнх ч юм уу, саахалт айлын хүүхдүүдтэй харьцуулагдан магтуулж зэмлүүлсэнийх ч юм уу, сургуульд ороод үргэлж л сурлагаар ѳрсѳлдѳж сурсаных ч юм уу монголчууд бид их л хѳѳрүү, сагсуу тѳрхтэй болжээ. Ѳѳрийн амьдралаа ѳѳрийн боломжоороо аваад аятайхан амьдрахын оронд хэн нэгэнтэй байнга ѳрсѳлдѳн уралдаж, бас харьцуулан жишиж хэмжсээр байгаад ѳѳрсдѳѳ ч ядарч, ѳрѳѳлийг залхаан туйлдуулж байгаагаа анзаардаг болов уу? Ямар нэгэн юм болохоор л амьсгаа нь дээрдэн хѳѳрч, агсам морь шиг амаа олохгүй, зүгээ мэдэхгүй хадуурч орхино.

Жирийн нэгэн ажлаа сайн хийвэл гавьяа байгууллаа хэмээн хашгиралдаж шагнал ѳгѳхийг тѳрѳѳс шаардана. Хэн нэгэн үүрэгт ажлаа сайн хийх нь хэвийн л үзэгдэл, дэвэргээд байх хэрэггүй. Хэн нэгэн уралдаанд түрүүлбэл дэлхийг донсолголоо гэнэ, амжилт гаргаж шагнагдвал дэлхий даяараа шуугиж байна гэнэ, хамтаараа сайн үйлс бүтээвэл дэлхий дахиныг алмайруулж байна гэнэ.

Бид л онгироо сагсуудаа тэгж бодоод байгаа болохоос дэлхий даяараа биднийг тэгтлээ анзаарахгүй байгаа. Олон улсын түвшинд амжилт гаргавал Нобелийн шагнал, Гиннесийн амжилт, Оскарын шагнал-ын хэмжээнд хѳѳргѳн хашгиралдана. Гадныхан бидний амжилтанд тухайн мѳчид бахархаад ѳнгѳрѳхѳѳс бус биднийг амаа олохгүй магтаад, хараагаа салгахгүй алмайраад, мартаж чадахгүй шуугилдаад байна ч гэж юу байхав.

Бид дор бүрнээ ажлаа сайн хийх үүрэгтэй, амьдралаа бусдаас хамааралгүй аятайхан аваад явах үүрэгтэй, ѳѳрийн биеэ бусдад тѳвѳг удалгүй сайхнаар хѳгжүүлэх үүрэгтэй. Шагнал авахын тулд ажилладаггүй, бусдаас ялгарахын тулд амьдардаггүй, бусдад гайхуулах гэж хѳгждѳггүй байхад болно ш дээ. Нийтээрээ эсвэл хэсэг бүлгээрээ хѳѳрѳн сагсуурдаг араншингаа жаахан дараад бусадтай адил хѳгжих гэж хичээвэл зүгээр сэн. Яг үнэндээ хүний амьдралын үнэ цэнэ нь дуртай ажлаа хийж түүнээсээ сэтгэлийн таашаал авч, олж буй орлого нь амьдралын хэрэгцээгээ хангаж байхад оршдог юм даа. Хэн ч хэн нэгэнтэй эсвэл бусадтай ѳрсѳлдѳх албагүй бас шаардлагагүй шүү дээ. Сагсуурахаа болиод ажлаа сайн хийцгээе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх