МАН 100 жилийн ойноосоо өмнө татан буугдах болзлоо хангалаа

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

МАН бол Монголын түүхээс гарч ирсэн ард түмний нам
Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн сарын 30-ны өдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх тэднийг сонгуулийг будилаантуулсан, төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн үзэж 4 жилийн хорих ял ногдуулсан. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хоёр хүнд дээрх ялыг ногдуулсан нь МАН-ыг төрийн эрхийг хууль бусаар барьж байна гэдгийг баталсан юм.
Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 23.2- т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ.
Ямартай ч тухайн намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлдэг хуулийн механизм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Эндээс харахад МАН-ын тэнэглэл буюу жоомоо шатаах гэж байгаад намаа шатаасан үйлдэл нь  дээрх хуулийн заалтын гол тодорхойлолттой яв цав тохирч байна. Угтаа бол нэгнийгээ улстөрийн захиалгаар яллах гэсэн тэдний санаархал нь намаа татан буулгах хэмжээнд хүргэж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого болохыг сөрөг хүчин болох АН-ынхан ч  тайлбарлаж байна. Тиймээс л дээрх үндэслэлээр МАН яалт ч үгүй татан буугдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас парламентаас гадуур байгаа тус намын гишүүд эвлэлдэн нэгдэж, намаа аврахгүй бол тун удахгүй УДШ дээр очиж МАН гэх 100 жилийн түүхтэй нам орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдахаар болж байна.
Хэрвээ асуудал цаашаа улам их ээдрээтэй болбол нэгэн зууны түүхийн хуудсыг бичиж явсан МАН 100 жилийн ойноосоо өмнө татан буугдах аюулд орлоо. МАН бол Монголын түүхээс гарч ирсэн ард түмний нам. Түүхийн алдаа, оноо энэ намтай салшгүй холбоотой. Тэгтэл МАН ард түмнийхээ өмнө хариуцлагатай байж түүхэн үүргээ ухамсарлах учиртай атал хоорондоо алалцаж эрх мэдлийн төлөөх тулаан нь өөрсдийг нь хавханд оруулж бусад намуудад өгөөш бэлдэж өгсөн нь үнэхээр харамсалтай. Нэгэн зууны түүхийг бүтээж, Монгол орныг хөгжил дэвшил рүү хөтөлсөөр ирсэн түүхэн, туршлагатай улстөрийн томоохон хүчин өнөөдөр устаж үгүй болох алхмаа хийсэн нь мянган мянган гишүүд дэмжигчдийнхээ сэтгэлийг чилээж буйг нуух юун. МАН социализмын үед Монгол Улсыг удирдан чиглүүлж, аж үйлдвэржилт, хотжилт, иргэншилт гэх мэт бүтээн босголт, хөгжлийг авчирсан зорилготой, хариуцлагатай нам байсан. Тэдэнд онол, үзэл баримтлал байсан. Тэдэнд улс орныг хөгжүүлэх хөтөлбөр байсан.
Мөн тэдэнд онолыг бичих, үзэл баримтлалыг нь гаргах, бодлогыг нь боловсруулах сэхээтнүүд байсан. Тэд хоосон амбицдаа хөтлөгдсөн, худал бялдуучлал, долигонуур хүмүүсээр намаа дүүргэлгүй харин улс орныхоо төлөө юм хийж чадах мэдлэг чадвартай боловсон хүчнүүдээр эгнээгээ бэхжүүлдэг байсан ч яг одоо энэ цаг үед тус намыг зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө мөнгө болгон ашигласан хүмүүсээс  болж тус нам сүйрэх гээд байна, Ерөнхий сайд аа.
Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх та шударга үнэний дуу хоолой гэж цээжээ балбаж байхын оронд 100 жилийн түүхтэй намаа яаралтай аварч олон мянган гишүүдээ ангал руу бүү түлх гэж намын чинь мянга мянган гишүүд энэхүү үгийг танд дайж буйг хэлэх хэрэгтэй болов уу.
Хэрвээ МАН татан буугдах аваас мөнгөөр бороо оруулж халаасаа түнтийлгэсэн намын чинь түгжил залуус  бус та энэ намыг татан буулгасан гэх ял зэмийг сонсох болно. МАН бол Монголын түүхээс улбаалан гарч ирсэн ард түмний нам шүү гэдгийг дахин дахин хэлэх байна.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх