АНУ-ийн санхүүгийн төв болох Уолл стритэд хүмүүс өдөр тутам ажил хэрэгч хослол өмсдөг. Гэтэл 25 настай үл хөдлөх хөрөнгө оруулалтын фирмийн ажилтан Жошуа Ваинер баасан гариг бүр хүссэн оймсоо өмсөж байх Баасан гаригийн оймс” нэртэй хөдөлгөөн өрнүүлж тэр нь Уолл стритийг бүхэлд нь байлдан дагуулжээ. Үүний адил дэлхий даяар ажил хэрэгч хувцаслалтыг өнгөлөг содон оймсоор чимдэг трэнд дэлгэрээд багагүй хугацааг өнгөрөөлөө.
Харин Монголд хөтлөгч Г.Анхбаяр, шарк Г.Амартүвшин нар олон нийтэд энэ хэв маягийг танилцуулсныг бид мэдэх билээ.
Ингээд өнгөлөг оймс өмсөж сахилгагүйтэхэд юу анхаарах ёстойг сануулъя.
НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДЭР
Маш чухал бизнесийн уулзалт хэлэлцээр эсвэл оршуулах ёслолд зориулж хувцаслахдаа саваагүйтэж” болохгүйг санаарай. Эдгээр тохиолдолд та өөрийнхөө хувь хүний онцлог шинжийг илэрхийлэхээс илүү бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
КЛАССИКААС ЭХЭЛ
Дөнгөж эр зориг гаргаад янз бүрийн хээтэй, өнгөтэй оймсны сонголт дунд самгардаж байвал юун түрүүнд классик хээтэйг сонгоорой. Хамгийн түгээмэл классик хээ бол ромбо дүрс, диагональдсан шугамтай (argyle) хээ юм. Мөн хөндлөн судалтай эсвэл цулгуй оймсоор эхэлж болно. Түүний дараагаар дугуй цоохор хээтэй, перс хээтэй оймсууд сонгож алхам алхмаар урагшилж болох юм. Үүнд дассаны дараагаар янз бүрийн амьтан, жимс ногооны дүрстэй илүү этгээд оймс өмсөхөд амар болж ирнэ.
БУСАД ХУВЦАСТАЙГАА АВЦАЛДУУЛ
Бусад хувцасныхаа өнгөний үндсэн шинж чанарт хамаарах өнгийн оймс сонгох хэрэгтэй. Жишээ нь неон ногоон өнгийн оймсыг хар хослолын дор өмсөхөөс илүү бор шаргал хослолтой хослуулбал зохимжтой.
КОНТРАСТДАА АНХААР
Бүсэлхийнээс дээш ямар контрасттай байна бүсэлхийнээс доош тийм байвал тэгш хэмтэй эмх цэгцтэй харагдана. Жишээ нь та маш хурц тод өнгийн оймс өмсөхөөр шийдсэн бол зангиа эсвэл алчуур, цамц тань ижил өнгө, контрасттай байвал зохимжтой.
ӨӨРТӨӨ ИТГЭ
Өнгөлөг оймс үргэлж бусдын анхаарлыг татна. Тиймээс өөртөө итгэлтэйгээр сонголт хийх нь зэвүүн” харагдах гол жор юм.
Нэгэнтээ өнгөний зохицол, хувцаслах соёлд суралцаж мэдлэгтэй болсны дараагаар та өөрийн гэсэн дүрмүүдийг зохиож, онцлог дүр төрхөө бүтээж болох юм.