Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-ээр хэлэлцэхээр болжээ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр /2019.11.07/ боллоо. Хуралдаанаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Тээврийн хэрэгслийн улсын дугаар хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай” асуудлууд байв. 

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр төслийн танилцуулгыг Засаг даргын зөвлөлийн гишүүдэд хүргэлээ.

Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулах бүсчлэлийг өргөтгөн хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Маршалын болон Зайсангийн гүүр, зүүн зүгт Чулуун овооны нохойн хөшөөт уулзвар, баруун зүгт Геологийн төв лабораторийн уулзвар хүртэлх байхаар тогтож, уг бүсчлэлд хамрагдах автомашиныг 07:00-20:00 цагийн хооронд тогтоон замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар төлөвлөсөн.

Өмнө нь улсын дугаарын хязгаарлалт нь долоо хоногт нэг удаа байсан бол энэ тогтоолын төслөөр долоо хоногт хоёр удаа байхаар зохицуулсан. Түүнчлэн ачаа тээвэр хүргэлт, худалдаа үйлчилгээний газруудын бараа түгээлтийн болон орон нутгийн дугаартай автомашиныг ажил эхлэх, тарах цагуудад дээрх хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг төсөлд тусгасан” гэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, “Засаг даргын зөвлөлийн гишүүдийн зүгээс дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өргөтгөх шаардлагагүй гэдгийг илэрхийлж, бусад асуудлыг нарийн боловсруулсан төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хүүхдүүдийг баар кодтой болгох, автобусны маршрутыг гаргаж ажиллахыг холбогдох газруудад онцгойлон анхааруулав

Мөн энэ үеэр нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний талаар болон сургуулийн автобус явуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобус явуулья, туршаад үзье, болох болохгүйг нь он гарахаас өмнө шийдье гэдэг асуудлыг олон удаа ярилаа. Болгоод явуулаад үзэхэд болохгүй юм байхгүй биз дээ. Яагаад холбогдох газрууд тооцоо судалгаагаа гаргаж ажиллахгүй байна. Хүүхдийн автобусныг явуулснаар авто замын бөглөрөл, агаарын бохирдлын гээд олон асуудалд чухал нөлөөтэй. Энэ асуудлыг яаралтай шийдэж, хүүхдийн 40 автобусыг 11 дүгээр сарын 15 гэхэд туршилтаар явуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өглөө. Мөн хүүхдүүдийг баар кодтой болгох, автобусны маршрутыг гаргаж ажиллахыг холбогдох газруудад онцгойлон анхааруулав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх