НҮБ-д очоод юу гэж хэлэх бол оо?

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудыг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөн хэрэгжүүлэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүйгээс “олны өмнө” нүүрээ улалзуулж буй жишээ цөөнгүй. Хамгийн сүүлд ФАТФ-ын саарал жагсаалтад орсны нэг шалтгаан олон улсын гэрээ, конвенцыг хангалтгүй хэрэгжүүлсэн гэдэг дүгнэлт байсан билээ.

НҮБ-ын өөрийн гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутам дүгнэн хэлэлцдэг тусгай механизмтай. Энэ дагуу манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг”-ийнхээ гурав дахь циклийн тайлангаа энэ жил хэлэлцүүлэх гэж байгаа. Өмнө нь 2015 онд болсон ээлжит хэлэлцүүлгээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс манай улсад 163 зөвлөмж өгсөн байдаг. Эдгээр зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлснээ энэ жил тайлагнана. Дээрх 163 зөвлөмжийн найм нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой. Эдгээр зөвлөмжөө хэрхэн биелүүлснийг холбогдох байгууллагууд НҮБ-д тайлагнана. Юутай ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангасан эсэх талаар нүүр улайхаар тайлан гарахаар байгаа юм. Яагаад гэдгийг олон нийт бараг мэдэж буй. Миний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх хэр хангагдсан бэ гээд эргэцүүлээд үзэхэд л дээрх асуултын хариу тодорхой.

Дөрвөн жилийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс манай улсад өгсөн зөвлөмждөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулсан хууль тогтоомж. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19, 20 дугаар зүйлд бүрэн дүүрэн нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Энэ зөвлөмжийн дагуу Монгол Улс гүтгэх үйлдлийг эрүүгийн хуулиас хасч 2017 онд батлагдсан Зөрчлийн хуулиар шийдэх зохицуулалттай болсон. Гэтэл эдүгээ Эрүүгийн тухай хуульд гүтгэх гэмт хэргийг буцаан нэмэх төслийг санаачлаад байгаа нь асар том ухралт юм. Гүтгэх үйлдлийг эрүүгийн хуульдаа буцаан оруулснаараа Монгол Улс дэлхийд анхдагч болох гэж буй. НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлсэн атлаа эргээд түүнийгээ баллуурдсан энэ нь үйлдлээрээ Монгол Улсын  эрх баригчид ардчиллын ус, агаар болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон бүдүүлэг алхам хийхэд бэлэн байгаагаа харуулав.

Олон улсын өмнө Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх амлалт өгчихөөд эсрэгээр нь ажиллаж байгаа нь зөөлөн хэлэхэд хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл. Яагаад ингэж хэлэв гэхээр НҮБ-ын зөвлөмжтэй холбогдуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллагууд удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр гүтгэх үйлдлийг эрүүгийн хуулиар шийдэх болж байгааг шүүмжилсэн байдаг.

Гүтгэх нь гэмт хэргийн хувьд ямар хэв шинж, зорилго, бүрэлдэхүүнтэй байдаг юм бэ? Хэвлэл мэдээллийн асуудал дэвшүүлэх, шүүмжлэх, үнэн худлыг сөхөх байр суурь, энэ дунд хөндөгдөж буй ихэнхдээ албан тушаалтны нэр хүндийн асуудлыг гүтгэх гэмт хэргээс яаж ялгаж салгах вэ? Ийм зааг ялгааг хуулийн төсөлд нарийвчлан тусгаагүйн улмаас иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн хараат бус байх зарчим хуулийн хамгаалалтгүй төдийгүй мэргэжлийн хариуцлага, болгоомжгүй алдаа зэрэг нь гэмт хэрэгт тооцогдохоор болоод байна гэдгийг хүний эрхийн байгууллага, шинжээчид хэлж байж.

Нөгөө талаар гүтгэх зөрчлийн шийдвэрлэгдсэн байдлаас харахад сэтгүүлч, редакци буруудсан тохиолдлууд нь санаатай, зохион байгуулалттай, нийгэмд айдас түгшүүр төрүүлэх зорилготой гэх мэт гэмт хэргийн шинж огтоос байхгүй байгаа юм. Иймээс гүтгэх үйлдлийг одоо мөрдөж буй Зөрчлийн хуульд байгаа байдлаар Эрүүгийн хуульд тусгаж болохгүй, түүнчлэн Зөрчлийн хуулиас ч хасах ёстой гэдэгт олон хүн санал нэгдэж буй. Яагаад гэвэл сэтгүүлчид юун түрүүнд хүний эрхийг хамгаалагчид байдаг. Тэдний хөндсөн сэдэв олон нийтийн эрх ашиг, хохирогчийн эрх ашгийг хамгаалсан шинжтэй байдаг. Тиймээс нийтийн, нийгмийн, хэн нэгний эрх ашгийг хохироосон, завшсан этгээдүүдийн нэр хүнд, ашиг сонирхлыг сэтгүүлчид хөнддөгөөрөө онцлогтой. Энэ онцлогийг харгалзах ёстой гэдэг үндэслэлээр гүтгэх үйлдлийг Эрүүгийн хууль байтугай Зөрчлийн хуулиас ч хасах ёстой гэдэг санаачилга гарч буй юм.

Учир нь 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд гүтгэх үйлдэлд хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох зохицуулалт тусгасан нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хаан боомилох, эдийн засгийн дарамт үзүүлэх нөхцөл бий болгоод байгаа билээ.

Зөрчлийн тухай хууль батлагдсан 2017 оны сүүлийн таван сард л гэхэд гүтгэх зөрчил 28 бүртгэгдсэн байна. Харин 2018 онд 486, 2019 оны эхний 9 сард 355 гомдол иржээ. Эдгээр гомдолд 2017 онд 28 хүн, 2018 онд 86 хүн, 2019 оны эхний 9 сард 63 хүн холбогдсон байна. Ийнхүү “эзэн, холбогдогч”-ийн тоо нь нэмэгдэж, торгууль шийтгэлийн мөнгөн дүн нь өссөөр байгаа аж.

Байдал ийм байхад гүтгэх үйлдлийг буцаагаад Эрүүгийн хуулиар зохицуулах нь сэтгүүлчдийг айлгаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг барих  гэсэн л оролдлого. Эрх баригчид энэ заалтыг ашиглан нийгэм дэх эрүүл шүүмжлэлийг нухчин дардаг. Тиймээс гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ, бусад олон улсын байгууллагууд Эрүүгийн хуулиас халах зөвлөмжийг гаргадаг. Манай хууль тогтоогчид НҮБ-ын зөвлөмжийг үл тоох эсэх нь удахгүй тодорхой болно. Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульдаа буцаан оруулах юм бол манай эрх баригчид Эрүүгийн хуулиа бариад, иргэний нийгмийн байгууллагынхан Иргэний болон улс төрийн олон улсын пактаа бариад НҮБ дээр нэг уулзах бизээ. Тэр цагт хууль тогтоогчид маань чухам юу гэж хэлэх бол доо.

Г.Сонинбаяр 

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх