АТГ-аас "Эрдэнэт” үйлдвэрийн шороон овоолгоос зэс баяжуулан авч их хэмжээний ашиг хүртэж байгаа "Ачит Ихт” ХХК-ийг шалгаж эхлээд байна. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүмүүс гэгдэх Ванчинцэрэнгийн Цамба, Баасанжавын Отгонбаатар нарыг мөн шалгаж эхэлжээ. Түүнчлэн "Ачит Ихт” ХХК-ийн эзэд болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагаан, түүний дүү П.Бат-Оч, П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг, П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин, охин Ц.Номундарь, "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Ачит Ихт” ХХК-ийн байранд нэгжлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус компанийн бүх бичиг баримтыг хураан авсан. Компанийн данс болон холбогдох хүмүүсийн дансаар орж гарсан дансны гүйлгээ зэрэг бүх төрлийн бичиг баримтыг хураан авсан байна. Тэгвэл өчигдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын найз гэгдэх Баасанжавын Отгонбаатар нарыг гэрээс нь дайчлан баривчилжээ.
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг 30 хоног саатуулан шалгах шийдвэр гаргасан байна. Б.Отгонбаатар, Ц.Даваацэрэн нарыг "Ачит Ихт” ХХК-ийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, цагдан хорих арга хэмжээ авчээ. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг айлган сүрдүүлэн дарамталж их хэмжээний ашиг олсон, хууль бусаар лиценз авсан гэх үндэслэлүүдээр шалгаж байгаа ажээ. Өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр АТГ-ынхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтэй Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Энэ үеэр Ц.Элбэгдорж улсын хил даван гадаад руу явсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
"Ачит Ихт” ХХК-ийн "Эрдэнэт” үйлдвэрийн овоолсон шороонд эзэн суусан түүх
"Ачит Ихт” компани нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ядуу агуулгатай исэлдсэн хүдрээс жилдээ 10 мянган тонн катодын зэс гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадал бүхий үйлдвэрээ амжилттай барьж, байгуулан 2014 оны аравдугаар сарын 10- нд нээлтээ хийсэн байдаг. Ингэснээр Монгол Улсад анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан, евро стандартын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, гидрометаллургын үйлдвэр ашиглалтад орлоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Тэгвэл "Ачит Ихт” компани "Эрдэнэт” үйлдвэрийн хашаанд үйлдвэрээ барьсан түүх их сонин. П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялагийн асуудал хариуцсан ахлах зөвлөх гэх албан тушаалд очмогцоо "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монголын талын 43, 44, 45 дугаар хуралдааныг зарлан хуралдуулсан байдаг. Дээрх хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр олборлох явцад үүссэн исэлдсэн болон холимог, балансын бус хүдрийн овоолгыг ашиглах боломжийг судлах, хүдэр боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах, үйлдвэрлэлийн туршилт явуулж, үр дүнг танилцуулах, хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө, хувь эзэмшлийн асуудлыг хэлэлцүүлэх чиглэлийг гүйцэтгэх удирдлагад өгчээ. Үүний дараа 2010 оны есдүгээр сарын 03-ны "Эрдэнэт” үйлдвэр ХХК болон "Ачит Ихт” ХХК-ууд "Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх гэрээ” гэгчийг байгуулласан байдаг ажээ. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон Ачит Ихт ХХК-ийг төлөөлж В.Цамба нар гарын үсгээ зурсан байна. Гэрээнд "Эрдэнэт” үйлдвэр өөрийнхөө овоолгыг ашиглуулж буй учраас компанийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшинэ. 66 хувийг эзэмшигч Ачит Ихт ХХК бүтээн байгуулалтыг дангаараа санхүүжүүлнэ. Хамтарсан үйлдвэр нь жилд 10,000 тн-оос доошгүй катодын зэсийг, хамгийн багадаа 20 жилийн турш үйлдвэрлэнэ. Талуудын хооронд маргаан үүсвэл Монгол Улсын хуулиар зохицуулна гэжээ. Англи, орос хэлээр үйлдсэн уг гэрээг "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч "Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн Оросын талын хэсэгт огт танилцуулаагүй аж. Бүр катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээ ч мэдэгдээгүй юм байна. АТГ-ынхан дээрх асуудлыг шалгаж гэрээ байгуулласан эрх бүхий албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэд "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын дарамт шахалтаар Эрдэнэт үйлдвэрийн хашаанд зэл боловсруулах үйлдвэр барихыг зөвшөөрч, 34 хувийг эзэмших гэрээг үзэглэж байсан” гэх утга бүхий тайлбар мэдүүлэг өгчээ.
Ц.Даваацэрэн 34 хувиас татгалзаж, П.Цагаан гэр бүлийг АТГ-ын шалгаж буй цаад шалтгаан
Тэгвэл "Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн 2015 оны зургадугаар сарын 26-ны өдөр "Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий захирал П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгтэй нууц гэрээ байгуулж, "Эрдэнэт” үйлдвэр нь "Ачит Ихт” ХХК-ийн 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзсан байдаг ажээ. Ямар үндэслэлээр "Эрдэнэт” үйлдвэр жилдээ 10 мянган тонн катодын зэс гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн хувь эзэмшихээс татгалзжээ. Ингээд дээрх компани Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан, эхнэр Д.Эрдэнэцэцэг, хүү Ц.Мөнхтүвшин, охин Ц.Номундарь нарын мэдэлд 100 хувь очсон байдаг ажээ. Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгыг дангаараа эзэмшиж, уг овоолгоос жилд 13.800 тонн катодын зэс буюу нэг жилд 205 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олдог үйлдвэрийг хууль бусаар төрийн өмчит монголын эдийн засгийн саалийн үнээ гэгдэх "Эрдэнэт” үйлдвэрийн хашаанд барьж, бүр 100 хувиар эзэн сууж илтэд хууль зөрчсөн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодорхой болж байгаа ажээ. Улсын ерөнхий прокурорын газрын зөвшөөрлөөр удахгүй П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг цагдан хорих гэж байгаа гэнэ.
Ц.Элбэгдоржийн найз Баасанжавын Отгонбаатар гэж хэн бэ
"Азарган гол чонот" ХХК-ийн Баасанжавын Отгонбаатар Булганы Тэшигт Азарган голыг хэдэн километр ухаж, алт олборлоод нөхөн сэргээлт огт хийгээгүй гэх мэдээлэл гарч байсан. Тэрбээр "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнтэй бизнесийн найзууд гэнэ. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг айлган сүрдүүлж байгаад Засгийн газрын 256 дугаар тогтоолоор "Хэрх илч” компанитай хамтран нөхөн олговор нэрийн дор найман лиценз авсан гэх мэдээлэл байна. Б.Отгобаатарыг "Ачит-Ихт" компаниас гадна Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэгт гол зохион байгуулагч хэмээн үзэж, цагдан хорих арга хэмжээ авчээ. Төрийн өндөр албан тушаалтнууд цаад эзэд нь байж болзошгүй ноцтой хэрэг ийнхүү шалгагдаж байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин