Иргэний дайны хөлд олон жилийг үдсэн Сирийн нөхцөл байдаал тогтворжих тийшээ хандан, АНУ тэргүүтэй олон улсын эвсэл болон ОХУ цэргийн хүчээ хэсэгчлэн эргүүлэн татаж эхэлсэн. Харин алан хядагчдыг бүрэн хяналтанд оруулсан ч Сири дэх газрын тосны орд газруудыг Исламын улс бүлэглэл эзлэж болзошгүй гэсэн үүднээс Сирийн зүүн хойд хэсэг дэх газрын тосны орд газруудыг хамгаалуулахын тулд цэрэг илгээнэ гэж АНУ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Гэтэл АНУ үнэн хэрэгтээ алан хядагчдын савраас хар алтыг хамгаалах биш харин өөрсдөө хууль бусаар наймаалдаг болоод удаж байгаа гэх мэдээллийг Оросын талаас нийтэд ил болгожээ.
Тодруулбал, Сирийн дорнод хэсэг дэх орд газраас олборлосон газрын тосыг хууль ёсоор экспортлохгүй, харин Америкийн цэргийн болон тусгай албадын дэмжлэгтэйгээр, хар алтыг хууль бусаар хилийн чанад руу зөөгөөд удаж байна гэж Оросын Батлан хамгалахын яам мэдэгджээ.
Тэд үүнийхээ баталгаа болгон сансрын хиймэл дагуулаас авсан зургуудыг үзүүлсэн байна.
АНУ Сири дэх газрын тосны орд газруудыг алан хядагчдын гарт өгөхгүй гэсэндээ цэргээр хамгаалуулж байгаа гэж мэдэгддэг. Гэтэл алан хядагчдаас авраад, хууль бус наймаачдын гарт өгдөг болохыг ОХУ сансрын зургуудаар баталсан аж.
Оросын Батлан хамгалахын яамны албан ёсны төлөөлөгчийн мэдэгдснээр, АНУ Сирийн зүүн хойд хэсэгт байх газрын тосны орд газруудыг биш харин Сирийн нутаг дэвсгэрээс газрын тосыг зөөн гаргаж байгаа хууль бус наймааны маршрутыг хамгаалж байгаа гэж мэдэгдсэн байна.
Сансрын зургуудас харахад ачааны тэрэг, автомашин, цистерн болон бусад техникээр Серийн газрын тосыг ил тодоор хууль бусаар зөөвөрлөхийн дээр үүнд нь Америкийн цэргүүд оролцож байгаа нь ил болсон аж. Зургууд дээр нэг л ижил газруудад нэг л цагт ихээхэн хэмжээний том тээврийн хэрэгслүүд бөөгнөрч байгаа нь Сирийн нутаг дэвсгэр дээрх гэмт хэрэгт АНУ-ын цэргийнхэн шууд оролцож байгааг батлаж байна хэмээн Оросын Батлан хамгаалахын төлөөлөгч мэдэгджээ.
АНУ-ын нүд унасан Сирийн газрын тос
Сирийн зүүн хойд хэсэг, тэр дундаа Дейр-эз-Зор муж газрын тосоор баялаг гэдгээрээ алдартай. Энэ бүс нутагт Сирийн нийт газрын тосны нөөцийн 75% буюу 2.5 тэрбум баррель газрын тосны нөөц агуулагддаг аж.
Энэ хэсгийн орд газруудын ихэнх хэсгийг АНУ болон курдуудээс бүрдсэн Сирийн ардчилсан хүч хяналтандаа байлгаж байсан юм.
Хэдийгээр Сири газрын тосны нөөцтэй ч сүүлийн жилүүдэд холбоотон Ираны тусламжгүйгээр өөрсдийн дотоодын хэрэгцээг ч хангаж чадахгүй болж, Иран улс сүүлийн хэдэн жилд Сири рүү газрын тос тээвэрлэсэн танкерудыг тогтмол илгээдэг. Харин ийм нөхцөлд Сирийн газрын тосны том орд газруудыг хяналтандаа оруулсннар АНУ Сири улс дахин сэргэхэд шаардлагатай нөөцийн гол эх үүсвэрүүдийнх нь нэгээс салгаж байгаа хэрэг гэж зарим шинжээчид үздэг.