Парламентыг болон Ерөнхийлөгчийг хоёуланг нь ард түмэн шууд сонгож байгаа бол энэ нь парламентын засаг биш, харин Ерөнхийлөгчийн засаг

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Парламентыг болон Ерөнхийлөгчийг хоёуланг нь ард түмэн шууд сонгож байгаа бол энэ нь парламентын засаг биш, харин Ерөнхийлөгчийн засаг

 

Манай Үндсэн хуульд ямар алдаа, гажуудал орчихсныг эхэлж тодруулж байж түүнийг хэрхэн яаж өөрчлөхийг шийдэх учиртай юм. Шинэ Үндсэн хууль гаргахтай холбогдуулан 1991 онд засаглалын ямар хэлбэрийг сонгох талаар ард түмнээс саналыг нь авсан байдаг. Энэ санал асуулгад есөн зуун мянга /900,000/ гаруй хүн саналаа өгөхөд Хаант засагтай байх, Парламентын засагтай байх, Ерөнхийлөгчийн засагтай байх гэсэн саналууд гаргасан байдаг. Есөн зуун мянга гаруй хүнээс 60 хувь нь Парламентын засгийн төлөө саналаа өгсөн дүн гарсан. Ийнхүү Монголын ард түмэн Парламентын засгийг сонгосон. Монгол Улс ингэж засаглалын хэлбэрээ ард түмний олонхоор сонгуулсан билээ.
 
Гэтэл түүнийг хуульчлан тогтоохдоо том алдаа гаргачихсан. Энэ нь парламентын гишүүдийг төдийгүй, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээр шууд сонгох заалтыг Үндсэн хуульд оруулаад баталчихсан явдал юм. Парламентыг болон Ерөнхийлөгчийг хоёуланг нь ард түмэн шууд сонгож гаргаж байгаа бол энэ нь парламентын засаг биш, харин Ерөнхийлөгчийн засаг болдог. Гэтэл ард түмэн парламентын засгийг сонгочихсон байдаг. Парламентын засагт сонгогчид парламентын гишүүдээ шууд сонгодог, харин төрийн тэргүүнээ парламентаасаа сонгодог, төрийн тэргүүн бэлгэдлийн шинжтэй байдаг бол Ерөнхий сайд хүчтэй байдаг онцлогтой. Энэ бол Үндсэн хуулин дахь эхний том алдаа гажуудал болсон билээ. Ард түмний сонголтыг Үндсэн хуулинд зөв тусган хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг юм.
 
Энэ алдаагаа өнгөлөн далдалж Монгол Улс парламентын засагтай мэт харагдуулахын тулд дараа дараагийн алдаа, гажуудлыг хийсэн байдаг. Энэ нь УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж өргөмжилсөн бол Ерөнхийлөгчид гүйцэтгэх засгийг толгойлох эрх олгоогүй явдал юм. Энэ шийдвэр нь хоёр алдаа, гажуудалд хүргэсэн. Парламентын засаглалд төрийн эрх барих нэгдээд байгууллага байж болдоггүй. Учир нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн тогтоох гэсэн гурван салаанд хуваан эрх үүргийг нь тэнцвэржүүлэн, уялдуулан, харилцан хяналттай байдлыг хангадаг нь дэлхийн нийтлэг жишиг юм. Нөгөө талаар Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдэл өгөөгүйгээс болоод Ерөнхийлөгчийн бие даасан институтийг бий болгочихсон. Монгол Улсад төрийн эрх мэдэл гурван салаанд биш, харин дөрвөн салаанд хуваагдчихсан. Ийнхүү гурван том алдаа, гажуудлыг бий болгочихсон.
 
 
УИХ-аа илүү хүч нөлөөтэй болгох үүднээс парламентын засагт байдаггүй, харин Ерөнхийлөгчийн засгийн сенатад байдаг эрх мэдлийг нэмээд өгчихсөн. Энэ нь Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж томилдог, Элчин сайд нарыг хэлэлцэж томилдог гэх мэт. Энэ нь Үндсэн хуулин дахь тав дахь алдаа гажуудал юм.
 
 
Парламентын хуралдааныг удирддаг хүнийг спикер гэдэг. Гэтэл манайх УИХ-ын дарга болгоод эрх мэдлийг нь өргөөд явчихсан. Энэ нь зургаа дахь гажуудал юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог нийтлэг жишигтэй. Гэтэл Монголд Ерөнхий сайдын ачааны хүндийг үүрэхээс зугтан эрх мэдэл ихтэй УИХ-ын дарга болоод явчихдаг гажуудал гарах болсныг З.Энхболд, М.Энхболд нарын жишээ тод харуулсан байдаг. Энэ нь долоо дахь гажуудал болно.
 
 
Ялсан намын УИХ дахь намын байгууллага, Засгийн газар хоёр нэг тэрэгний хос хоёр дугуй болж явдаг. Гэтэл манайд УИХ, Засгийн газар хоёрын энэ уялдаа, хамаарлыг салгаад хаячихсан. УИХ-ыг Засгийн газраас уялдаа, хамааралгүй болгочихсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 15-16 удаа солигдож нэг Засгийн газар дунджаар 1,8 жилийн настай байсан бол УИХ нэг ч удаа тарж байсангүй. Энэ нь УИХ-ыг унахгүй, тарахгүй байхаар хуульчилсантай холбоотой юм. Үүнийг найм дахь том алдаа гажуудал гэж үзнэ.
 
 
Төрийг нэг толгой удирддаг. Тэр нь парламентын засаглалд Ерөнхий сайд байдаг. Гэтэл Монголд 78 толгойтой болчихсон / УИХ-ын 76, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд/. Энэ нь ес дэх гажуудал юм. Парламентын засагтай гэх мөртлөө Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг хасаад хаячихсан. Кабинетаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа халж солих, шинээр томилох эрхгүй болгочихсон. Энэ нь арав дахь алдаа гажуудал юм. Ерөнхий сайд том бодлогын асуудлаар парламент дахь олонхитойгоо хамтарч ажиллаж чадахаа боливол түүний өмнө гурван зам байдаг. 
1. Өөрөө огцорч, намын лидер, Ерөнхий сайдаар шинэ хүнийг нам нь гаргах, 
2. Засгийн газарт халаа сэлгээ хийх,
3. Кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, парламентыг тараан шинэ сонгууль явуулах. Ерөнхий сайдын парламентыг тараан сонгууль явуулах эрхийг нь хасчихсан. Энэ нь арван нэг дэх алдаа гажуудал болно.
 
Энд нэг жишээг онцлон тэмдэглэе. Зуу зуун жилийн парламентын ардчилалтай улс хүртэл алдаа гаргадгийг өнөөгийн Их Британийн жишээ тод харуулна. Их-Британи 2011 онд ерөнхий сайдынхаа парламентыг тараах эрхийг болиулж ийм эрхийг парламентдаа өгсөн хууль баталчихсан. Энэ шийдвэр нь ямар үр дагаварт хүргэж байгааг харъя. Парламент, Засгийн газар хоёрын эрх мэдлийн тэнцвэрийг хангадаг гол зүйл нь ялсан намын дарга Засгийн газраа толгойлдог, шаардлагатай үед парламентыг тараах эрх эдэлдэг явдал юм. Ингэж байж Засгийн газрын бодлогоо  өөрийн парламентын гишүүдээр дэмжүүлж, тэднийг нэг жолоонд барьдаг, нэг гарт удирдлагыг төвлөрүүлж явдаг. Гэтэл ерөнхий сайдын энэ эрхийг хасч парламентад шилжүүлснээс болж парламентын гишүүд нь намын лидерийнхээ үгийг тоохоо больж, намын сахилга алдагдан, түүний бодлогын эсрэг санал өгөх, намаасаа гарцгаах болсон төдийгүй, парламентыг тараах боломжгүй байдал үүсчихээд ацан шалаанд орчихоод байна. Парламентыг гишүүдийн гуравны хоёрын саналаар тараадаг болгосноор парламентыг тараах асуудал засгийн эрх барьж байгаа намын парламентын гишүүдээс төдийгүй, сөрөг намуудын гишүүдээс мөн хамаарах болчихоод байгаа явдал юм. Европын холбооноос гарах асуудлаас болж ерөнхий сайд Борис Жонсон парламентыг тараах хүсэлтээ гурван удаа гаргасан боловч парламентаа тарааж чадахгүй, мухардмал байдалд орчихоод, одоо яах ч учраа олохыг больчихоод байгаа гашуун сургамжийн гэрч бид болцгоож байна. Үйл явдлын ийм өрнөл нь манай байдалтай тун адил төстэй болж байгааг харж байгаа биз дээ. Дээр дурдсан алдаа, гажуудлаас үзвэл Үндсэн хуулийн төрийн байгуулалтын үндэс анхнаасаа буруу тавигдсан байна. Засгийн тодорхой хэлбэр дүрсээ олоогүй, парламентын ч биш, Ерөнхийлөгчийн ч биш, хольж бантагнуулсан байна. Төрийн эрх мэдлийг харьцангуй бие даасан гурван салаанд хуваарилдаг нийтлэг жишиг алдагдаж дөрвөн салаатай болгочихсон байна. Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилдаг тулгуур зарчим алдагдаж хэт их эрх мэдэлтэй УИХ, эрх мэдэл хомс Засгийн газартай болчихсон байна. Гурван салааны харьцангуй бие даасан байдал, хоёр талт уялдаа хамаарал, зохист харьцаа, үйл ажиллагааны нэгдэл хангагдаж чадахыг больсон байна. Шүүхийн бие даасан, хараат бус байдал алдагдаж шударга ёсыг тогтоож чадахыг больж улстөрчдийн болон хөрөнгө мөнгөтэй хүний эрх ашигт үйлчилдэг хэрэгсэл болон хувираад байна. Төрийн бодлогын нэгдмэл, зангидмал байдал тэр бүр хангагдахгүй байгаа. Төрийн тэргүүн гарын үсгээ зурж, тамгаа дарж байж хуулийг хүчин төгөлдөр болгодог төрт ёсны журам алдагдсан байна. Тиймээс манай Үндсэн хуулинд төрийн эрх мэдпийн хуваарилттай холбогдуулан дараахь нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
 
Үүнд:
 
1.Төрийн эрх мэдлийг гурван салаанд хуваахын тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгох. Энэ бол хамгийн түрүүнд, зайлшгүй хийх гол өөрчлөлт байх ёстой.
 
2.Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлдэг эрхийг баталгаажуулах явдал дараагийн маш чухал өөрчлөлт байх болно. Мөн Ерөнхий сайдад УИХ-ыг  тарааж шинэ сонгууль зарлах эрхийг Ерөнхийлөгчид мэдүүлснээр хэрэгжүүлдэг эрхийг олгох нь дээр дурдсан жишээнээс ямар чухал болох нь харагдана гэж үзнэ. Ингэсэн тохиолдолд Засгийн газар тогтвортой ажиллаж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал хангагдана.
 
3.Үндсэн хуулиас УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэсэн тодорхойлолтыг хасах.
4.УИХ Засгийн газрын гишүүдийг болон Элчин сайд нарыг хэлэлцэж томилдгийг болиулах. Энэ эрхийг Ерөнхий сайдад болон Ерөнхийлөгчид эргүүлэн өгөх.
5.Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангасан тийм иж бүрэн зохицуулалтыг хийх. Шүүгчдийг томилдог биш, сонгодог болгох.
6.УИХ-ын дарга гэсэн томьёоллыг хасч УИХ-ын хуралдаан даргалагч гэж оруулах.
7.3асгийн газраас өргөн барьсан төсвийг өөрчилдөг, нэмж хасдаг УИХ-ын эрхийг хязгаарлах.
 
Ард түмэн парламентын засгийг 1991 онд нэгэнт сонгочихсон тул засаглалын асуудлаар дахин санал асуулга явуулах шаардлагагүй. Парламентыг сонгодог хэлбэрт ойртуулах, сайжруулах өөрчлөлтийг хийж байгаа тул энэ талаар ард түмнээс санал асуулга явуулах шаардлагагүй. Ард түмнээр том асуудлыг шийдүүлдэг. Өнөөг хүртэл Монголын ард түмнээр хоёр том асуудлыг шийдүүлсэн байдаг. Эхнийх нь 1945 онд Монголын тусгаар тогтнолын асуудлыг, хоёр дахь нь 1991 онд манай засаглалын хэлбэрийг ард түмний санал асуулгаар шийдвэрлүүлсэн. Тэрнээс биш хуулийн зүйл заалтыг хэлэлцүүлж санал асуулга явуулах ёсгүй.
 
Тэд хуульчид биш, хууль судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд биш. Тэднийг төлөөлсөн УИХ-ын гишүүд гурав дахь хэлэлцүүлгээрээ дээр дурдсан өөрчлөлтүүдийг хийж шийдэх шаардпагатай байна. Манай Үндсэн хуулинд төрийн эрх мэдлийн хуваарилалт ийнхүү ноцтой алдагдчихаад байхад Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.3-т"... төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй” гэсэн нь яавч зөвшөөрч үл болох заалт гэж үзэж буй тул тус хуульд өөрчлөлт оруулан энэхүү заалтыг хасах хэрэгтэй юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай Монгол Улсын хуулийг Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах замаар Үндсэн хуульд хамааруулсныг буруу, алдаатай зүйл болсон гэж үзнэ. Тиймээс тус нэмэлтийг журмын тухай хуулиас хасах хэрэгтэй. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд Үндсэн хуулийг хамааруулах ёсгүй гэж үзнэ. Зөвлөлдөх санал асуулгаас болж Үндсэн хуулинд хамгийн түрүүнд зайлшгүй хийх ёстой Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох асуудал хасагдчихаад байгаа биз дээ. Тиймээс Үндсэн хуулиас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгаа явуулдаг юм байгаа биз.
 
 
Монголд болж бүтэхгүй байгаа бүхэн парламентын засгаас болсон мэтээр шүүмжлэх явдал нэлээд газар авч байна. Энд парламентын засаглалын буруу байхгүй. Үндсэн хуульдаа парламентын системд байдаг нийтлэг зүйлс, цогц тогтолцоо, зохицуулалтыг бүрэн төгс суулгахын оронд өөр засаглалын зохицуулалттай хольж хутган бантан болгож, байж үл болох зүйл заалтаар тус системийг зэрэмдэглэснээс бүх асуудал бэрхшээл үүдэлтэй. Тиймээс ч гадаадын судлаачид Монгол Улсыг парламентын засагтай улсад хамааруулдаггүй, харин хагас Ерөнхийлөгчийн засагтай гэх юм уу, эсвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн засагтай улс гэж үзэж байгаа нь харагддаг.
 
 
Парламентын системийг бүрэн төгс байдлаар, сонгодог хэлбэрт нь ойртуулсан өөрчлөлтийг Үндсэн хуульд хийх замаар парламентын засагтай байна гэсэн ард түмний сонголтыг бүрэн хангах явдал Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийж байгаагийн гол зорилт гэж үзэж байна.
 
 
ОББЭЭС, Үндсэн хууль судлаач Ч.БААТАР
 
2019.10.27
http://www.sonin.mn/news/politics-economy/106353
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх