М.Билэгт гишүүнд төр гурван тэрбум төгрөгийн түрээс төлөх нь...

  • 0
  • 150
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сүүлийн үед М.Билэгт гишүүний эмнэлгийг төрд авна, авахгүй гэж яригдаж буй.  Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас ХСҮТ-ийн ойролцоо хавдрын эмнэлгийн зориулалтаар баригдсан Ачлал трейд ХХК-ийн  эмнэлгийг улс түрээслэхээр болсон гэх яриа байна.

Улс 2020 онд Хавдар судлалын үндэсний төвийн цогцолбор барина гэсэн тооцоо гаргасан тул, ирэх оны төсөвт ХСҮТ-д зориулан 19.8 тэрбум төгрөг батлахаар болсон.

Шинэ эмнэлгийн барилгыг 2019.05.17-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комисс хүлээн авч, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн төрийн байгууллагуудын албан ёсны зөвшөөрөл баталгаажжээ. М.Билэгт УИХ-н гишүүн болсонтой нь холбогдуулан сүүлийн жилүүдэд  “Төрд  эмнэлгээ шахах гэж байгаа” гэх утга бүхий сөрөг шүүмжүүд ихээр өрнөөд буй. 

Энэ талаар ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан news.mn сайтад өгчээ. Тэрбээр “Төсөв нэмэх асуудал нь шинэ өргөтгөлийг түрээслэхтэй холбоотойгоор яригдаж байгаа. Бидний яриад байгаа М.Билэгт гишүүний, япон стандартаар барьсан эмнэлгийг Засгийн газар худалдаж авч өгнө, нэг эсвэл түрээсэлнэ зэргээр ярьсаар нэг жил болж байна. Үүнтэй холбоотойгоор салбар яам, мэргэжлийн хяналт зэрэг олон газраас ажлын хэсэг ирж ажилласан. Асуудал дагуулаад байгаа 19.8 тэрбум төгрөгийн гурван тэрбум нь л бүтэн жилийн түрээсийн төлбөр бусад нь бүтэн жилийн урсгал зардал. Энэ эмнэлгийн байр нь ашиглалтад ороогүй, хоосон байр. Мэс заслын таван блок тохижуулна. Нэг блок барилгыг тохижуулахад нэг тэрбум төгрөг шаарддаг. Ингээд тооцвол таван тэрбум төгрөг нь зөвхөн мэс заслын блокт зарцуулагдаж байгаа юм. Үлдсэн нь тухайн 12 давхар барилгын 2020 оны урсгал зардал” хэмээжээ.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ тухай хэлэхдээ: 3Хавдар судлалын үндэсний төв байгуулагдаад 20 гаран жилийн хугацаа болсон. 2010 оноос эхлэн өргөтгөл барих шаардлагатай хэмээн гурван блокийн ажил эхлүүлсэн ч найман жил сунжирч байж энэ жил ашиглалтад орохоор боллоо. УИХ-ын гишүүд нэгнийхээ бизнесийг дэмжиж байна эсвэл М.Билэгт гишүүн төрд эмнэлгээ шахаж байна гэсэн зүйл байхгүй. Өргөтгөлийн барилгын хонгилд ус орсноос эхлээд иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн ч тэр энэ эмнэлгийг төрд авах нь зүйтэй гэж бодож байна. М.Билэгт гишүүний 12 давхар эмнэлгийг төрд авах саналыг Засгийн газарт оруулна. Санхүүжилтээ шийдүүлэх гээд Сангийн яам руу явуулсан” хэмээжээ.

Эмнэлэгийн барилга нь нийт 20.0 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн  стандартыг хангасан байдлаар баригдсан билээ.

У.Мандах, FACT.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх