Монголын кино урлагийн алдартай гурван уран бүтээлчийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын мэндэлсний тэгш ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Монголын театрын музейд зохион байгуулав.
Үзэсгэлэнгийн танхимд залсан Аман хуур” киноны Дарь авгай, Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр Бурмаа, Сэлэм” Тогмидын Бадам ээж зэрэг, Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгарав агсны дэлгэцнээ мөнхөлсөн олон сайхан дүрийг гэрэл зургийн хальснаа буулгаж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Зандраа болон Ардын жүжигчин, XX зууны манлай кино найруулагч Д.Жигжид агсны хэрэглэж байсан ЗХУ-д үйлдвэрлэсэн Кинап” кино камер, кино гаргадаг механик аппарат, гар аппарат олны сонирхлыг ихэд татлаа.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид зураглаачаар анх кино урлагтай холбогдож байсан түүхтэй. Тэрбээр Сэрэлт”, Гэм нь урдаа”, Цогт тайж 2” зэрэг кинонд зураглаачаар ажилласан төдийгүй Ардын элч”, Улаанбаатарт байгаа миний аав”, Түмний нэг”, Хөдөөгийн баясгалан”, Хүргэн хүү” зэрэг үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн бүтээлүүдийг найруулсан билээ.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид гуайн гэргий Д.Бадамсүрэн Энэ жил ханийн минь төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас эхлэн 100 жилийн ойд зориулан олон сайхан үйл ажиллагаа зохион байгууллаа. Би ханьтайгаа 40 жил ханилж, 11 хүүхдийн эцэг эх болсон. Миний хань уран бүтээлч хүн учраас би ар талыг нь хариуцаж, татлаа түтлээгүй байлгах гэж хичээдэг байсан. Хуучны киног хийхийн тулд лав л гурав, дөрвөн улирал өнгөрч байж дэлгэцэнд гаргана. Тэгж бүтээсэн уран бүтээлийнх нь анхны үзэгч нь би шүү дээ. Тухайн үед Улс төрийн товчоогоор хянуулж, батлуулсны дараагаар өөрсдөө студи дээрээ үзэх эрхтэй болдог байв. Тэгэхэд нь ажилчид, гэр бүлийнхнээ хамгийн түрүүнд үзүүлнэ. Би ханьтайгаа оператор байхад нь суусан юм. Ханийнхаа өөрөө найруулж, хийсэн Ардын элч” уран сайхны кинонд их дуртай. Хань маань өөрөө ч тэр кинондоо их дуртай байсан” гэж хуучиллаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ц.Зандраа агсны зээ охин С.Гоомаргад Манай өвөө маш тайван хүн байсан. Ээж маань ч Би амьдралдаа аавыгаа өндөр дуугаар ярьж байсныг сонсож байгаагүй” гэж хэлдэг сэн. Өвөө маань байнга л инээмсэглэж байдаг байсан. Миний хувьд өвөөгийнхөө Манай аялгуу” бүтээлд дуртай. Манай аав ч нэг ярилцлагадаа Манай аялгуу” бүтээл нь Монголын анхны мюзикль гэж хэлж болох байх” гэсэн. Энэ бүтээлийн зохиолыг өвөө маань бичиж, найруулсан юм. Өвөөгийн хийсэн Хоёр найз” нэртэй Монголын хамгийн анхны өнгөт хүүхэлдэй кино бий” гэв.
Ц.Зандраа агсан Монголын анхны Хоёр найз” өнгөт хүүхэлдэйн киног бүтээсэн бөгөөд 1955 онд Гэм нь урдаа” киногоороо нийгэмд оршиж буй дутагдлыг шүүмжилсэн байдаг. Түүнчлэн БНМАУ” /1951/, Миний Монгол” /1971/ зэрэг баримтат киногоороо кино урлагт мөнхөрсөн уран бүтээлч юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгаравын хувьд, олон сайхан эхийн дүрээр түмэн олондоо хүндлэгдсэн жүжигчин бөгөөд Аман хуур”, Өнөр бүл”, Өглөө” киноны дүрээрээ цэнхэр дэлгэцнээ мөнхөрч, 200 гаруй кинонд дуу оруулжээ.
М.Бадамгарав гавьяатын хүү П.Батчимэг ээжийнхээ тухай ном хэвлүүлснээ ахмадуудад дурсгав.
Тэрбээр Миний ээжийг Аман хуур” киноны Дарь авгайн дүрээр монголчууд андахгүй. Ардын жүжигчин Н.Сувдаа эгчийн сая хэлснээр, Гавьяат жүжигчин М.Бадамгарав гуай үр хүүхдүүд, нөхрийнхөө төлөө гал, усанд орохоос ч буцахгүй хүн” гэдэг үнэн. Нээрээ л миний ээж өмсөж, зүүх, идэж уухдаа хүртэл нөхөр, хүүхдийнхээ төлөө зүтгэдэг байсан. Ээж минь их цэвэрч нямбай, тууштай шударга хүн байсан. Намайг бага байхад газарт бөмбөгөө унагачихвал спиртээр арчиж өгдөг тийм л цэвэрч хүн байлаа.
Ээж минь хүүхдүүдээ урлагийн замаар явуулах дуртай биш байсан болоод ч тэр үү гэртээ бэлтгэлээ хийдэггүй байсан. Гэртээ сайн гэрийн эзэгтэй, ээж хүн л байхаас биш ажлаа ярьдаггүй байсан. Миний хувьд ээжийнхээ тоглосон дүр болгонд нь их хайртай. Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэр Бурмаагийн дүр гэхэд Ямар эмэгтэй...тэр чинь алдуул юм уу” гэдгийг нь сонсох бүрт л инээд хүрдэг юм. Бас ээж минь жүжигчнээс гадна кинонд дуу оруулагч байсан. Манайх хоёр хүү, хоёр охинтой айл. Манайхнаас одоо урлагийн замаар замнасан хүн байхгүй. Миний хувьд Инээмсэглэл” хамтлагт байсан” гэв.
Ийнхүү Монголын киноны гурван аварга уран бүтээлчийн дурсамж сэргэсэн өдөр сонин, сайхан ихтэй байлаа.