Монгол Улсыг эгзэгтэй үед эдийн засагч Ерөнхий сайдууд авч гарсан байдаг юм

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Шувууд хүртэл буруу дэвээд байх шиг гэж манай алдартай нэгэн зохиолчийн үг байх. 1990 онд сонгосон ардчилсан, хувийн өмчийг эрхэмлэсэн, чөлөөт нийгмийн тогтолцооноосоо бидний улс одоо буцаад, бүгдийг нийгэмчилдэг байсан тэр соц үеийн тогтолцоо руу ухарч байгаа юм болов уу гэж бодогдохоор үйл явц сүүлийн үед илт өрнөж буй тул ийн санагдахаас ч яах билээ. 

“Хураана”, “хаана”, “битүүм­жилнэ”, “улсын болго” гэсэн шийд­вэрүүд л ихсэх болов. Хам­гийн гол нь ийм шийдвэ­рүүд­тэй зэрэгцээд ажлын байр олноор хумигдаж, ажилгүй орло­гогүй иргэдийн тоо гэрлийн хурдаар өслөө. Гадаадын хөрөн­гө оруулалт илт хумигдлаа. Саарал жагсаалт ч нэрмээс болов. Одоо хөрөнгө оруулалт илүү хумиг­дана. Гэмт хэрэг, аваар осол, өвчин зовлонгоор эндэгс­дийн тухай мэдээтэй өглөө болгоныг угтаж авах юм. Сайн мэдээнээс илүү саарыг сонсох нь их боло­хоор тэр үү, улс орны өнгө бай­дал саарал тэнгэр, саарал ордон, саарал жагсаалт шигээ саарал харагдаад байх юм даа. Үнэнийг өгүүлэх аваас за бараг ерээд оны дунд үеэс хойш Монгол Улсыг хэн дуртай, “баагий” нар залж жолоодож болно гэсэн ойлголт газар авсаар одоо бүр нутагшчих шиг боллоо. 

Нэгэнтээ, нэрт нийтлэлч, ард­чиллын дууч агсан С.Цогтсайхан “Дарга бол мэргэжил юм” хэмээн бичиж байсныг санаж байна. Энэ тодорхойлолт бол дэмий нэг ергөө үг биш байсан юм. Үнэхээр дарга гэдэг бол мэргэжил мэргэжилдээ хамгийн мэргэшсэн мэргэжил байх ёстой гэдэгт би хувьдаа хатуу итгэл үнэмшилтэй явдаг хүн. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайдын албыг гоц л биш бол жир нэг улстөрч, тэр тусмаа тоо уншиж мэддэггүй хүн хашиж болохгүй гэж боддог хүний нэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг бол МЭРГЭЖИЛ юм. Энх цагт бол мэргэжил мэргэжилдээ санхүүгийн боловсрол өндөртэй, үгүй бол үеэсээ илт тасарсан бодлоготон л хаших учиртай төрийн онцгой алба юм.

Үүнтэй харьцуулахад улсын Ерөнхийлөгч гэдэг угаасаа бэлгэдлийн болохоор Ерөнхий сайд шиг нарийн мэргэшил мэргэжил шаардаад байх ажил алба огт биш. Тэр бол эв нэгдлийг сахиулдаг, эв нэгдлийг сахиулах хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидер байхад л хангалттай. Ерөнхий сайд шиг эдийн засгийг тэгж өсгөнө, тэтгэврийг ингэж нэмнэ, ажлын байр бий болгоно гэж гүйгээд байх шаардлага, үүрэг Ерөнхийлөгчид байхгүй, байх алба ч үгүй. Улс орны амьдрал гэдэг тэр чигээрээ орлого, зарлага, төсөв төлөвлөгөө, тоо тооцоон дээр оршдог, өрнөдөг зүйл. Үүнээс өөр байх ямар ч боломжгүй. 

Улс орны амьдрал нэг ширхэг талхтай холбогдох нарийн агаад адармаатай, тэр нэг ширхэг өндөгний үнэ өртөгнөөс хамаардаг, энгийн мэт атлаа хариу нь гардаггүй маш хэцүү бодлоготой адил юм. Иймд Ерөнхий сайд хүний эдийн засаг, санхүүгийн мэдлэг дөрвөн аргын тооноос хол дээгүүр, Их сургуульд эдийн засгийн онол заадаг нэгнийхээс арай дээгүүр төвшинд яригдах болж таарна, тийм биз. Би энд гаднын биш өөрийн улсынхаа туулж өнгөрүүлсэн амьдралаас захын жишээ татаад хэлж чадна л даа. 

Монгол Улс өнөөдрийг хүртэл 30 Ерөнхий сайд томилжээ. Энэ дотор яг эдийн засаг, санхүүгийн нарийн мэргэжилтэй, мэргэж­лийн Ерөнхий сайд гэвэл П.Жасрай, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Ж.Эрдэнэбат гэсэн ердөө л гарын таван хуруунд багтсан Ерөнхий сайд нар байдаг юм. Хэрэв сонирхолтой санагдвал нягтлаад харах хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь энэ таван Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засаг бараг сүйрсэн хамгийн эгзэгтэй үед нь Засгийн газраа тэргүүлж, хамгийн хүнд үеүдээс улс орноо амжилттай мултлан гаргасан, эс бөгөөс эдийн засгийн хамгийн том реформуудыг зоригтой хийж чадсан байдаг нь хэн ч харлуулж, бас баллаж үл чадах түүх үлдээсэн байдаг юм.

Дашийн Бямбасүрэн гуай бол БНМАУ-ын хамгийн сүүлчийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан хүн. 1990 оны ардчилсан анхны сонгуулиар Ерөнхий сайд болж 1992 он хүртэл ажиллахдаа огтхон ч барьц алдаж тэвдэлгүйгээр Монгол Улсыг нийгмийн нэг байгууллаас нөгөөд амжилттай хөтөлсөн замч. Тэр үед мөнхийн хоёр хөршөөсөө гадна тэр үеийн пост коммунист орнуудаас өөр гадаад харилцаагүй шахам байсан улсынхаа гадаад харилцаанд хамаг анхаарлаа хандуулж ажилласан юм билээ. 

Түүний Засгийн газрын үед анх Япон болон Дэлхийн банктай түншилж, Монголын ядруу эдийн засагт 320 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирснээр хэсэгтээ л өвдөг сөхрөх аюулыг гэтэлсэн юмдаг. Түүнээс П.Жасрай халааг нь авч 1992-1996 онд Ерөнхий сайдаар ажиллахдаа өмнөх Засгийн газрынхаа бодлогыг шууд залгамжлан үргэлжлүүлж маш хүнд, нөгөө алдарт “Картын барааны” үеийг даваад улс орноо сөхрүүлчих л үгүй авч гарсан гавьяатай эрхэм. Тэгвэл М.Энхсайхан 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд болсноор эдийн засгийн асар зори­мог реформыг хийж чадсан хүн. 

Төрийн өмчийг задалж, хувийн сектор энэ үеэс Монголын эдийн засагт хөл дээрээ тэнцэхээр дэнжигнэн өндийсөн бол өдгөө улс орны эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрсэн том бүтэц болж зогсох болсон түүхтэй. Түүнээс хойш 1999-2000 онд Р.Амаржаргал, хожим Ж.Эрдэнэбат нарын эдийн засагч Ерөнхий сайдуудын ажлаа хүлээж авсан, ажилласан цаг хугацаа ч өвөрмөц түүхийг үлдээсэн байдаг юм. 

  • Энх цагт бол мэргэжил мэргэжилдээ санхүүгийн боловсрол өндөртэй, үгүй бол үеэсээ илт тасарсан бодлоготон л хаших учиртай төрийн онцгой алба юм.
  • Тоог бодохоос гадна уншдаг тухай ярьдаг шүү дээ. Чухам тэр унших гэдгийг чинь мэргэжлийн хүн л бардаг ажил болохоос хэрийн хүн хичээгээд ч санаа болон сачий бүр хол дутдаг гачлантай.
  • Харамсалтай нь гарын таван хуруун доторх тэдгээр Ерөнхий сайд нарын хэн ч магтаалыг бус шүүмжлэлийг сонсох нь илүүтэй байж ирж.

Р.Амаржаргалын үед манай улсын эдийн засаг бас л суларч бараг л хаана хэн найтаана тэр даруй Монголд ханиад хүрдэг байлаа шүү дээ. Мөн л өмнөх Засгийн газрынхаа уламжлуулсан сайн дэвсгэр сууринд тулгуурлан Монголын эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн банк, санхүүгийн салбарт шинэчлэлийн бодлогыг анх хэрэгжүүлсэн болохыг хэн ч үгүйсгэхгүй л дээ. 

Хамгийн ойрын жишээ болох Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын огцрох хүртлээ хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь харъя л даа. 

Монгол Улс 2016 онд дефольт буюу дампуурлаа яг зарлахдаа ту­лаад байсан хүнд үе. Улсын эдийн засгийн өсөлт нөгөө дэлхийг дэл­дийлгэж байсан гайхамшигт өсөл­төөсөө уруудан уруудсаар 1.2 хувьд хүрэхтэй үгүйтэй болчихоод байлаа. Зоримог алхам хийхгүй, ОУВС-тай ойлголцож чадахгүй бол сон­­гуулийн дараагаас Монгол Улс дефольт зарлана гэдгийг олон ул­сын агентлагууд ч бичиж байсан үе. 

2016 онд УИХ-д үнэмлэхүй ялалт авсан атлаа Ерөнхий сайд хийх зоригтой хүн МАН-ын лидерүүд дотроос гараагүй юм даа. Энэ нь Ерөнхий сайдын албанд дургүйдээ биш байх. Эдийн засгийн хувьд барахгүй, улсаа дампууруулсан Ерөнхий сайд болж түүхэнд үлдэхгүй гэсэн алсын санаа л байсан болов уу. Ийм эгзэгтэй үед Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон. Түүнийг болгосон гэвэл зохино. Хүнд байдлаас гарга, гаргахгүй бол чи хар толгойгоороо хариуц гэсэн тулгалт МАН-аас, МАН-ын лидерүүдээс ирсэн нь үнэн. Төсвөө, тоогоо уншиж чаддаг мэргэжлийн хүнээр удирдуулахын учир шалтгаан энэ л дээ. Ж.Эрдэнэбат Засгийн газраа Мэргэжлийн гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбогддог байх. Тэрбээр Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг яг хэрэгтэй үед нь, Монголд ашигтай хэлцэл хийж оруулсан хүн. Үр дүнтэй байсан уу, үгүй юү гэдгийг 1.2 хувьтай байсан эдийн засаг 5.3 хувь хүртэл өссөнөөс харж болно. 

Огцрохдоо хэлсэн шиг түүнийг хүлээж авахад Монгол Улсын эдийн засаг сэхээний тасагт өнөө маргаашаа тоолуулан хэвтэж байсан нь үнэн. Огцорч засгийн тамгаа хүлээлгэж өгөхдөө “Сэхээ­нээс гаргаж, эрчимт эмчилгээ цаашид шаардах энгийн тасагт шилжүүллээ” гэж хэлсэн нь ч үнэн. 

Санаж байгаа бол түүний үед эдийн засагт сэргэлт болсон хэд хэдэн хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг юм. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлцэл хийсний үр дүнд хөрөнгө оруулагч нарын идэвхи илт сэргэсэн бол дотоодод хувийн хэвшлийн битүүрсэн амьсгал цэлийтэл нэг онгойсон юм шүү гэдгийг баярлаж талархсан олон бизнесмэн хэлдэг л дээ. Шуудхандаа шоронд орж, орох шахаж дансны гүйлгээгээ хаалгуулсан олон олон компанийн эздэд итгэл үзүүлж, боломж олгосноор хувийн сектор туйлдаж унахад дөхсөн аюулаасаа мултарсан нь ч үнэн. Тэр үед дансаа нээлгэж татварын өрөө цувралаар төлж эхэлсэн компаниуд өнөөдөр баттай өндийжээ. 

Энд хэн нэгэн Засгийн газрын ажлын тайланг дурдах гээгүй, гагцхүү Монгол Улс болж өгвөл ямагт мэргэжлийн эдийн засагч, санхүүч хүнийг Ерөнхий сайдаар томилж байгаасай гэсэн санаагаа тодотгож буй хэрэг юм. Ч. Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо яагаад хамгийн нэгдүгээрт ЭДИЙН ЗАСАГ, хоёрдугаарт ЭДИЙН ЗАСАГ, гуравдугаарт бас ЭДИЙН ЗАСАГ гэснийг сана! Аль ч улс орны хамгийн амин чухал зүйл бол эдийн засаг, эдийн засаг л улс орныг хүчирхэг болгоно гэж тунхагласан хэрэг. Мэдээж, ярих тунхаглах, чухал зүйлээ мэдэж байх нь нэг хэрэг. Харин хэрхэн зөв төлөвлөж, тооцоолж, яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээрээ ирэхээр л асуудал үүсчихдэг. Өөрөөр хэлбэл дээд түвшинд тоо бодож, тооцоолох хэрэг бүр шаардлагаар гараад ирж байгаа юм. 

Тоог бодохоос гадна уншдаг тухай ярьдаг шүү дээ. Чухам тэр унших гэдгийг чинь мэргэжлийн хүн л бардаг ажил болохоос хэрийн хүн хичээгээд ч санаа болон сачий бүр хол дутдаг гачлантай. Улс орон хүнд байдалд орсон үед үнэхээр л дандаа эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэй хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан болохыг дээрх хэдэн жишээ нотлож байгаа биз. Харьцангуй хүнд байдлаас гарч тогтворжсон үед бол сэтгүүлч, орчуулагч, инженер, нийгмийн ажилтан, дипломатч гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан нь ч анзаарагддаг шүү дээ. Харамсалтай нь гарын таван хуруун доторх тэдгээр Ерөнхий сайд нарын хэн ч магтаалыг бус шүүмжлэлийг сонсох нь илүүтэй байж ирж. Ер нь бол улс орны эдийн засгийн эгзэгтэй үеүдэд эдийн засагч Ерөнхий сайд гарч ирдэг. Тэдний босгосон дээр улстөрчид найрладаг схемээр 30 жил явж байна даа. 

Ш.Даваадорж

Эх сурвалж: baabar.mn 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх