“Будаач будаач гэхээр сахлаа будав”

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам гишүүд хэлд орж, чуулганы танхимд олны анхаарлыг татах нь нэмэгддэг. Яг л энэ зарчмаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ч хэлэлцэж буй аливаа асуудлын үеэр дуугүй өнгөрөхөө байжээ. Ёстой л “Будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгчээр сонгогдсон тойрогтоо ихээхэн ач холбогдолтой асуудал хөндөх гэсэн биш өөрийнхөө тарыг таниулж орхив бололтой.

Дорноговь аймгийн хувьд хил орчмын аялал жуулчлалын бүсийг бий болгож, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт босгох боломж нээлттэй байдаг. Энэ ч утгаараа Б.Дэлгэрсайхан гишүүн өнгөрсөн 7 хоногт УИХ-ын чуулганы танхимд “Замын-Үүд, Эрээнээр жилдээ 3 сая зорчигч гарч байна. Монгол талаас 2 сая орчим иргэн, давхардсан тоогоор 3 сая шахам, Хятадын талаас 150 мянга орчим зорчигч орж ирдэг. Мэдээж манай улсын гурван сая орчим иргэн хятадын талд мөнгөө тушааж байгаа. Гэтэл бид тэр мөнгийг эргүүлээд олж авах ёстой байтал хил орчмын аялал жуулчлал, визний асуудлаас болоод гацаад, наашаа орж ирдэг хүний тоо 2016 оноос хойш эрс багассан. Үүн дээр Гадаад харилцааны яам ямар бодлого баримталж байна вэ. Ядахдаа нэг өдрийн 24 цаг, гурван өдрийн аялал жуулчлал гэх мэтчилэн зохион байгуулж болдоггүй юм уу.

Хил орчмын аялал жуулчлалыг дэмжих асуудал дээр ямар бодлого барьж байна вэ. Цаашдаа яах юм бэ. Хэрвээ Засгийн газар улстөрөө бодоод шийдвэр гаргахад төвөгтэй байгаа бол УИХ энэ дээр шийдвэр гаргаж болдоггүй юм уу. Хамгийн гол нь иргэд консулын газрынхан шагийн визний  ажил хийдэг. Түүнээсээ болоод ажил хүндрүүлж байна гэсэн яриа байна шүү. Яг хүн очоод гаръя гээд виз авах гэхээр өгөх боломжгүй гэдэг. Ямар шалтгаан хэлдгийг би мэдэхгүй. Гэхдээ тэнд нь нэг өвөрмонгол 10-20 паспорт барьчихсан зогсож байдаг. Их мөнгө өгвөл виз нь өдрийн дотор, бага мөнгө өгвөл 7 хонож байж гардаг гэх асуудал байна. Цаашаа хүмүүстээ хэлээчээ. Виз нь олон хонож гарна гэхээр хэн манай улсыг зорих юм бэ. Үүнийгээ цааш нь дамжуулж шийдвэрлээч ээ” хэмээн бухимдаж байгаа харагдсан.

Түүний хувьд сонгогдсон нутаг орныхоо онцлогт тохирсон тогтоол, шийдвэрт анхаарч, иргэдийн төлөө тодорхой ажил хийчих санаатай үг хэлсэн нь гарцаагүй. Гэвч эрхэм гишүүн дээр дурдсанчлан “Будаач, будаач гэхээр сахлаа будав” гэгч болсон юм. Учир нь түүнийг чуулганы танхимд “том” дуугарахаас өмнө холбогдох яам, албаныхан хил орчмын аялал жуулчлалын талаарх ажлыг аль хэдийн зохион байгуулчихсан байгаагаа дуулгасан.

Тодруулбал, хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэхэд хууль тогтоомжийн хүрээнд боломжгүй байжээ. Тиймээс Гадаад харилцааны яамнаас санал гаргаж, 2016 оны сүүлчээс эхлээд хоёр улсын Засгийн газар хооронд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээр байгуулахаар болж, энэ нь эцсийн шатандаа явагдаж байгаа аж. Мөн хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхэд Монгол Улсын виз наахад техникийн хувьд боломжгүй. Тиймээс холбогдох яамдынхан дээрх асуудалтай холбогдуулан өөрчлөлт хийхээр Хууль зүйн яамнаас санал авахаар ажиллаж байгаа аж.

Б.Дэлгэрсайхан гишүүн “Визний асуудлаас болж гацаад, наашаа орж ирдэг хүний тоо 2016 оноос хойш эрс багассан” гэдэг асуудлыг хөндөж байв. Гэтэл 2018 оны долоодугаар сарын 1-нээс эхлээд Монгол Улсын визийн журамд өөрчлөлт орсноор виз олголт нэмэгдсэн байна. Тодруулбал, БНХАУ-ы иргэдэд өмнө нь аялал жуулчлалын виз авахад заавал урилга авах шаардлагатай байсан бол дээрх өөрчлөлт орсноор урилга шаардлагагүй болжээ.

Уг нь өнгөрсөн онд буюу 2018 оны зургаадугаар сард гарсан судалгаагаар 2017 онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байдаг. Ердөө л өөрийгөө онцгой харагдуулахын тулд салбар яамдаас тооцоо, судалгааг нь ч олоод сургалаад аваад, олоод харчихаагүй хэрнээ болохгүй байна, бүтэхгүй юм хэмээн хашгирах нь тойргоо гэсэн сэтгэл үү, асуудлаа мэддэггүйн балаг уу. Сонгуулийн тов дөхөх тусам олон гишүүн “хэлд орж” чуулганы танхимд ярьж, цаашлаад “хөлд ч орж” тойргийнхоо зүгт зам харгуй татуулахыг ийн Б.Дэлгэрсайхан гишүүн харуулав бололтой.

Б.Отгонзаяа     

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх