Үндсэн хуулиар “тоглох” төрийн албаар наадах хоёрын аль “том” хэрэг вэ

  • 0
  • 139
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Товчхондоо бол “60 тэрбумын” гэх схемийг сонссон учраас дээрх ялд унах болчихоод байгаа гэсэн үг. Үүнийг ч А.Ганбаатар хэлсэн. 

Гэтэл энэ дуулианы цаана жинхэнэ утгаараа төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархагчид үгсэн хуйвалдаад өнөөг хүртэл төрийн ордонд заларч байжээ. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр УИХ дахь МАН-ын бүлэг шийдвэрлэсэн. Гэтэл ингэж зүтгүүлж байгаа нь цаад утгаараа ирэх оны сонгуулиар өөрсдийгөө эвтэйхэн “аваад” гарчих гэсэн санаархал аж.

Үүнийг нотолж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд бүлгийн хурал дээр “…Яаж 2020 оны зургадугаар сарыг үзэх вэ. Хийж бүтээх ажилд маш богинохон хугацаа үлдэж байна. Хэрүүл тэмцлийн хувьд маш зүдгүүртэй урт хугацаа туулж чадах юм уу. Наана нь сөхрөөд унацгаах юм уу, мэдэхгүй. Яаж 2020 оны зургадугаар сарыг хүргэх вэ гэхээр ерөөсөө хаяа харагдахгүй байна. Үүнтэй холбогдуулаад гурван том субъектын асуудал гарч ирээд байна. Нэгдүгээрт, УИХ тэсэх эсэх асуудал. Хоёрдугаарт, намаа шороотой хутгачихмааргүй байх юм. Гуравдугаарт нь, Засгийн газрын тогтвортой байдал гэсэн гурван асуудал дээр ямар гарц гаргалгаа байж болох вэ. Ингээд бодохоор их л зовлонтой болчихоод байгаа юм. 1990-1992 онд АИХ, УБХ хоёр таван жилийн хугацаатай байгуулагдаад АИХ нь УБХ, Засгийн газраа  авч хаячих гэж зовоогоод болохоо байсан. Тэгэхэд УБХ дээр нь 20 дугаар тогтоолд 13 гишүүн холбогдчихоод, бас  л их хүнд үеийг туулсан. Тэгээд хоёр жил болоод шинэ Үндсэн хуулиа баталсан. Тэгээд таван жилийнхээ хугацаанаас татгалзаад шинэ УИХ-д эрхээ шилжүүлж байсан. Бүр аргаа барахаар бол гарцаагүй хэдэн өөрчлөлтийг хийхгүй бол бид цөмөөрөө шороотой хутгалдана” гэж ярьсан аж.

Үнэхээр ч түүний энэ үгийг баталгаажуулж буй мэт УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар “Энэ удаагийн парламентын түүхэн үүрэг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж би хувьдаа боддог. Улс төрийн намууд төдийгүй улстөрчид элдвээр ярьдаг. Гэхдээ УИХ-д нэг улс төрийн хүчин дийлэнх олонхыг бүрдүүлж буй энэ үед өөрчлөлт оруулахгүй бол олон намтай, цоохор парламентын үед зөвшилцөлд хүрч, Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид хангалттай харсан шүү дээ. Түүнээс өмнөх парламентуудад ч энэ талаар яриад үр дүнд хүрч чадаагүй. 

Харин энэ удаагийн  парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол ойрын 2-3 сонгуулиар бүрдэх парламент үүнийг  хийж чадахгүй гэсэн төсөөлөлтэй байна, би хувьдаа. Тийм учраас боломжит хугацаа нь энэ хаврын чуулган болж таарч байна. УИХ-ын 76 гишүүний 57-гоос дээших нь дэмжиж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Одоогийн байдлаар 67 гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. Тиймээс хуульд заасан хязгаараас дээш тооны гишүүний дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах болов уу гэж харж байна.” гэх үгсийг олон удаа давтсан.

Товчхондоо бид буюу МАН үнэмлэхүй олонх байгаа дээрээ хийнэ гээд байгаагийн баталгаа. Яах вэ Д.Лүндээжанцан гишүүнийг бодлоо ил хэлсэн учраас ихэд “цэвэрхэн” ойлгогдож байгаа болов уу. Харамсалтай нь агуулгын хувьд адилхан л болж таарч байна.   

Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцлийн гэрээ. Тиймээс МАН улс төрийн  намууд, төрийн институцүүдтэй ойлголцох үүднээс ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн институц, АН-ын зөвлөл, бусад хүчнүүд, үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүмүүсийн санаа бодлыг сонсож, нэгтгэн ажиллаж байна. Үндсэн хууль дээр наймаа тохиролцоо гэж байхгүй. Харин асуудлыг зөвшилцөж, ойлголцож, шийдвэрлэнэ” гэсэн байдаг.

Тэгсэн хэрнээ УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг огт ойшоохгүйн дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт орсон ард түмэнд хэрэгтэй саналыг Ардчилсан намын зөвлөл задлах гээд байна гэх зэрэг мессежийг олон нийтэд түгээх болсон.

Тэд ингэж л “чулуу хөөлгөж” өөрсдөө шороотой хутгалдахгүйн тулд төрийн эрхийг өөрсдийн мэдэлд байлгахаар  зүтгэж байна. Ингээд харахаар схем сонссон Ц.Сандуй, шороотой хутгалдахгүйн тулд Үндсэн хуульд өөрчлөлт  оруулахдаа тулсан МАН-ынханы хэн нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулж байгаа нь илэрхий байгаа юм биш үү.

Б.Отгонзаяа     

Эх сурвалж: erennews.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх