Улсын төсвийг хэдхэн хүн хувааж иддэг боллоо

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сонгуулийн жилийн төсөв эрх баригч намын “бялуу” болоод дуусдаг жишиг сүүлийн 20 гаруй жил манайд ноёрхлоо. Энэ удаа ч тэр гаж тогтолцооноос гажсангүй. Дээрээс нь жижиг 76 тойргийн зовлон дуусахгүй юм. Улс орныхоо амин чухал асуудлыг том зургаар нь харж шийдэхгүй хуримтлуулсан хэдэн төгрөгөө 76 тийш хуваарилдаг байдал жил бүр давтагдана. Эндээс үүдээд хэрэгцээнээс илүү газар сургууль, цэцэрлэг барьж, хэрэгтэй хэрэггүй угтах хаалга, самбар гэх мэтэд хөрөнгө мөнгөө цацаж бүтээн байгуулалт хийсэн нэрээр нэгэнтэйгээ уралддаг шинэ баяны цээж өвчтэй түшээд өдөр ирэх тусам олширч байна. Сүйхээ, самбаа гаргаж, 76 дотроо лоббидон дэмжлэг авч, тойрогтоо ахиу төсөв мөнгө хуваарилуулаад харц дээгүүр толгой шидлэн ордны хонгилоор бардам алхах нь тэдэнд үнэхээр чухал. Түүнээс тэнд байгаа бүх нийтийн аминд тулсан ажилд мөнгө төсөвлөх огтхон ч хамаагүй. “Миний сонгогдсон тойрогт л ахиу мөнгө төсөвлөж, ажил хийсэн нэр зүүвэл ирэх сонгуулиар хэлэх үгтэй” хэмээн сэтгэдэг түшээд маань ирэх жилийн төсөв дээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж сууна.

Ямар сайндаа, сонгогдсон тойргийнхоо сумдын оюутнуудыг байрлуулах дотуур байрыг Улаанбаатар хотод бариулахаар зургаан тэрбум төгрөг төсөвлөж, гурвыг нь төсөвлүүлчихсэн байх вэ дээ. Ийн жалга довны үзлээсээ салаагүй түшээд асуудлыг том зургаар нь харж сэтгэх нь юу л бол. Увс аймагт 75 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил хийхээр ирэх онд төсөвлөсөн байхад Дундговь аймагт хоёр тэрбум төгрөг байх жишээтэй. Ирэх жилийн төсөв 2019 оныхоос 2.1 их наядаар орлого нэмэгдсэн, зардал 2.3 их наядаар нэмэгдүүлсэн, алдагдал нь 2.1 их наяд. Үндсэндээ бид ирэх онд 11.8 их наядыг олж, 13.9 их наядыг зарлагадна. Төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувийг эзэлж байна. Хөрөнгө оруулалтын хуваарилалт үнэхээр шударга бус. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Хэнтий аймагт 235, Архангай аймагт 139, Сүхбаатар аймаг 30 тэрбум төгрөг байх жишээтэй. Эндээс үнэхээр эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт мөн үү гэх асуулт гарч ирнэ.Тэнгэр газар шиг зөрүүтэй энэ мөнгөний зарцуулалтыг хянах механизм ч учир дутагдалтай. УИХ, орон нутгийн ээлжит сонгууль ирэх жилийн зургаадугаар сард болно. Урьд хожид хийж байгаагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийхээр тооцож. 

Өмнө нь санхүүжилт нь гацсан “царцсан” төслүүдийн хөрөнгийг ч шийдэж өгөхөө Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдээд байна. Тэрбээр “Энэ хөрөнгө оруулалтыг Засгийн газар арилжааны бондгүйгээр мөн арилжааны банкуудаас зээл авахгүйгээр хийж байгаа. Цагаа олсон, үр ашигтай гэж харж байна. Ирсэн боломжийг ашиглаад одоо л хийж авах ёстой. Орлого унасан, төсвийн буруу бодлого хэрэгжсэн үед ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийвэл өндөр хүүтэй зээл авч таарна. Тэгэхээр үр өгөөж нь маш бага болно” хэмээн эвтэйхэн тайлбарлах юм. Анх төсөвт тусгасан мөнгөн дүнгээсээ төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн царцсан барилгын төсвүүдийг хуугаар нь Сангийн яам сонгуулиас өмнө амжиж санхүүжүүлэх нь. Жишээ нь, анх гурван тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулах байсан барилгын төсөв хэдхэн жилийн дотор 5-6 дахин өсөж 20 тэрбум төгрөгт хүрсэн жишээ бий. Өнгөрсөн жилүүдэд ажил авчихаад төсвөө нэмээд ажил гацаагаад сууж буй компаниудад хөрөнгийг нь өгч чадахгүй Засгийн газар “ацан шалаа”-нд ороод байв. Тэгвэл ажил гүйцэтгэгч нэртэй “шантаажчид” санасандаа хүрч, хүссэн төсвөө авах нь ээ. Аливаа улс үндэстэн эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож, заавар чигээр нь явж байж хөгжиж ирсэн түүх бий. Гэтэл энэ салбарт манай улсын зарцуулдаг төсөв ДНБ-ий нэг хувьд ч хүрдэггүй. Үндсэндээ боловсрол, соёл, хүнээ хөгжүүлэх салбаруудад төсөв барагтай бол очихгүй байгаа нь өнөөдрийн хямралт нөхцөл байдлын эхлэл болсныг одоо хэн хүнгүй гадарлахтайгаа болжээ. Гэсэн ч үе үеийн эрх баригчид сонгуулийн өмнөх жилийг татвар төлөгчдийн мөнгөөр “гар нүүрээ угаадаг” жишиг арилахгүй, засрахгүй нь ээ.

ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХАЛАМЖИД ИЙМ ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛНА

  • 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээ (ТҮ)-ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг (418.4 мянган хүн хамрагдана)
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг нийт (137.5 мянган хүн хамрагдана)
  • Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой болно. (117.3 тэрбум)
  • Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжинэ. (10.2 тэрбум)
  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. (12.7 тэрбум)

Үүнээс гадна МСҮТ-д суралцагч-дад одоо cap бүр 100 мянган төгрөг өт байгаа бол ирэх оноос 200 мянга болгож 40 мянган суралцагчид 79.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.

  • Ирэх онд болох ээлжит УИХ, орон нутгийн сонгуульд 43 тэрбум төгрөг зарцуулна.

Хэдийгээр мөнгө тараахгүй ч хэт халамжид дулдуйдаж, салбар бүрт мөнгө очихоор байна. Сонгуулийн насны 1.9 сая гаруй хүний ихэнх нь тэтгэвэр, тэтгэмж, цалингаа нэмүүлж, МСҮТ-ийн 80 орчим мянган суралцагч cap бүр 200 мянган төгрөгийн цалин авахыг “халамж” гэхээс өөр юу гэх вэ.

Дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуулийн нөлөөгөөр төсөвт үрэлгэн, хүнийрхүү сэтгэлээр ханддаг байдал оршсоор л байна. Үр дүн нь өнөөдөр биш юм аа гэхэд маргааш миний, таны талхны үнэд нөлөөлж халаасанд тань зөвшөөрөлгүйгээр гараа дүрж байна.

Улсын төсөв гэдэг улстөрчид хамаарал бүхий хүнийхээ компанийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй “завшдаг” бэлэн хоол болж хувирлаа. Тухайн тойрогт нь хийж байгаа хөрөнгө оруулалтыг тендерт шалгарсан нэрээр ах, дүү, хамаатан садных нь компани хийж гүйцэтгэнэ. Нэг бүтээн байгуулалтын ажлаас багаар бодоход 30 хувийн ашиг унадаг гэх тооцоо байдаг аж.

Жишээ нь, нэг даргын хамаарал бүхий компанийн найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажил хийж гүйцэтгэлээ гэхэд ашиг нь хоёр тэрбум 400 сая. Тойргийнхоо төсвийг нэмүүлж болсон болоогүй ажил хийлгэхээр төсвийн жагсаалтад оруулсныхаа шан харамжид татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь халаасалж суудаг жишиг тогтчихлоо.

Үр дүнг нь улсаараа, нийтээрээ амсаж байх.

С.Батзаяа

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх