Гэрэл зураг түүх өгүүлнэ: Манлай баатар Дамдинсүрэн

  • 0
  • 148
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Манлай баатар Дамдинсүрэнгийн гэрт

Герман улсын иргэн, судлаач, жуулчин Херман Констен хэмээх эрхэм 1907- 1913 онд Монгол орны нутгаар хөндлөн гулд аялж, гар болон гэрэл зураг, газар зүйн нарийвчилсан зураглал, археологийн олдвор зэрэг маш их мэдээлэл цуглуулжээ. Х.Констений аян замын тэмдэглэлийг Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” нэртэй хоёр боть номоор монголчуудтай танилцуулж буй. Уг бүтээлийн нээлт маргааш болохтой холбогдуулан бид номын зургийн дээжээс хүргэж байна.

Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, манлай баатар хэмээн алдаршсан Ж.Дамдинсүрэнгийн энэ зургийг Х.Констен 1912 оны намар авчээ. Тэрбээр баатрын зургийг аваад зогсохгүй зан чанар, харилцаа хандлага, гэр орных нь нөхцөл байдал зэргийг кино үзэж буй мэт төсөөлөгдөхөөр нарийвчлан дүрсэлжээ. Тухайлбал, баатартай анх уулзсан талаараа “Эхлээд би надад нэн дотно тааламжтай ханддаг Дилов гэгээнийд зочлов. Тэднийд бас Сэцэн бэйстэй ч таарлаа. Биднийг хууч хөөрч суутал бүх монгол цэргийн дээд захирагч, манлай баатар Дамдинсүрэн хүрэлцэн ирж буйг дуулгав. Тэгэнгүүт нь би ёс жаягийг дагаж шууд л босож, салах ёс гүйцэтгээд гарах гэтэл яг босгон дээр Дамдин бид хоёр халз мөргөлдөх нь тэр. Намайг танингуутаа хөгширч өнгө зүс алдсан үнэгэн нүүр царай нь гэрэлтэв. Тэрбээр “Над дээр дараа ирээрэй” гэж шивнээд гэр лүү орлоо” хэмээн бичиж үлдээжээ.

Цаашлаад манлай баатрын гэрийг “Гэр дотор сайтар боож багласан, дээд зэргийн хятад торго

дурдан хураалттай. Унтдаг ор нь тун энгийн, хонь ямааны хэдэн ширхэг арьс давхарлан тавьсан байх бөгөөд нэхий дотортой хэд гурван чисчүү дээлийг хөнжил болгож нөмөрч унтана, ингээд л боллоо. Маанийн хүрдний дэргэд заавал залах ёстой Далай лам, Хутагт болон Жалханз гэгээний хөрөг бүхий бяцхан гүнгэрваа байгаа нь захирагч шүтлэгтэйг илтгэх бөлгөө. Эргэн тойрон ханын толгойд хүмүүсийнх нь маузер буунууд, хуучны бирдаан болон сайх монгол захирагчийн байлдааны том илд өлгөөтэй харагдана. Өөрийнх гарт өртөж амиа алдсан олон хүний үхлийг байнга санаж явахын тулд бууны жаданд наалдаж үлдсэн цусны толбыг арилгасангүй. Гэрийн үүдэн тушаа бараандуу өнгөөр бичсэн монгол үсэг бүхий, цайвар шар тугууд салхинд дэрвэлзэн намирна. Эдгээр нь нарийн учир шалтгаантай бөгөөд харах бүрт миний бие арзас гэх шиг болном. Учир нь баривчлагдсан хятадуудын цээжнээс суга татаж авсан, лугшиж буй зүрхний цусаар туг дээрх бичээсийг бичсэн гэдэг” хэмээжээ. Манлай баатар гэрийнхээ өмнө байгааг дээрх зурагт буулгасан гэнэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх