Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Зөвлөлийн хуралдаанд 2019 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжиж байгаа ажлуудын ажлын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Танилцуулгыг нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хийлээ. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар НИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж байгаа 30 дэд хөтөлбөрийн 162 зорилтын 890 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллага хангаж ажилласан байна.
Нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2019 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 995 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны ажлын явц 82,7 хувьтай байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсөвгүй 86, газаргүй гэх шалтгаанаар 34 төслийн ажил удааширсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зураг төсөвгүй 247, байршил тодорхой бус 3, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зураг төсөвгүй 174, газаргүй 1, байршил тодорхойлох 50 төсөл арга хэмжээ удаашралтай байна” гэлээ.
Хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай байгаа шалтгаан нь газрын асуудал шийдвэрлэгдээгүй, зураг төсөв, ажлын даалгавар бэлэн болоогүй зэрэг бэлтгэл ажил дутуу хангасан зэрэг шалтгаанаас хамаарч төсөл арга хэмжээнүүд удаашралтай байгаа талаар мөн мэдээллээ.
Хотын Захирагч С.Амарсайхан улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэх, ажлын явцыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.