Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг Авилгын эсрэг хуульд ойртуулж болох уу?

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өчигдөр “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуучууд төрийн ордонд орж, УИХ-ын Ёс зүйн дэд хороотой хамтарсан улс төрийн “акци” маягийн зүйл хийв.

Одоогоос 14 хоногийн өмнө тэдгээр нөхөд хөрөнгө орлого нь огцом өссөн УИХ-ын гурван гишүүний орлогын эх үүсвэрийг шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага тавьсан юм. Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хөдөлгөөнийхний шаардлагыг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгөхөөр амласан билээ.

Үүнээс хойш Ёс зүйн дэр хорооны хурлыг хоёр удаа зарласан ч ирц хүрээгүй гэдэг шалгаанаар хоёр удаа хойшилсон байна. Хоёр өдрийн өмнө буюу лхагва гаригт арай гэж ирцээ бүрдүүлсэн ч хөрөнгө орлогоо хэлэлцүүлэх ёстой гурван гишүүн нь хуралдаа ирээгүй.

Ер нь бол “олон жилийн дундаж”-аа аваад үзсэн ч Ёс зүйн дэд хороо УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилд 1-2-хон удаа л хуралдаж байсан юм байна. 2000-2004 онд 1 удаа, 1996-2000 онд хамгийн олон удаа хуралджээ. Харин энэ удаагийн парламентын түүхэнд бол анх удаа хуралдаж байгаа нь энэ.

Гэвч арай гэж ирц нь бүрдсэн дэд хорооны гишүүд “Ёс зүйн дэд хороо ямар мөрдөн шалгадаг байгууллага уу. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг бид яаж шалгадаг юм” гэж даргыгаа баахан загнав. Эцэст нь “Хөрөнгө орлогыг нь шалгах нь зүйтэй, эсвэл шалгах шаардлагагүй” гэдэг дүгнэлт гаргаад АТГ луу шилжүүлчихье л дээ” гэсгээд тарцгаасан байдаг юм.

Харин өчигдөр мэдэгдэл хийсэн “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус Авлигын эсрэг хуулинд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгах эрхийг АТГ-т өөрт нь аваачиж өгье гэдэг санаачлагыг гаргаж, хууль санаачлах эрх бүхий субектүүдэд үүнийг хүргэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан нь энэ. Сарын өмнө төрийн гурван өндөрлөгт бас энэ саналаа хүргүүлсэн юм байна. 

Одоо үйлчилж байгаа Авлигын эсрэг хуулиар нийтийн албан тушаалнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өмнөх жилийн хөрөнгө орлогоо мэдүүлж, түүнийг АТГ-ын вэб сайтад нийтэд үзүүлэхээр тавьдаг. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо худал мэдээлсэн тохиолдолд АТГ шалгадаг ч УИХ-ын гишүүдийнхийг болохоор Ёс зүйн дэд хороо луу явуулдаг. Нөгөө “халдашгүй байдал” энэ тэр нь хаалт болдог шиг байна. Хэрвээ УИХ-ын гишүүдийг шалгахдаа хүрвэл “эрүүгийн хэрэг үйлдсэнийг үйлдэл дээр нь тогтоосон”, эсвэл “прокурорын хүсэлтээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн” байх шаардлага тавигдаад байна аа даа. Хуулийн дагуу.

Тиймээс УИХ-ын ХОМ гэдэг зүйл хэрэг дээрээ “нохой ч тоож шиншихээргүй” зүйл болоод байна. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг зүйл Эрүүгийн хууль дээр нь байгаа авч тэр заалт нь УИХ-ын гишүүдэд хамаардаггүй. ХОМ-тэй холбоотой асуудлыг АТГ-т шалгуулахаар харьяалуулсан ч УИХ-ын гишүүд дээр ирэхээрээ эрх мэдэл нь хүрдэггүй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлого гэнэт өсөхөд хүргэсэн орлогын эх үүсвэр болоод ХОМ-тээ бичээгүй хамаарал бүхий компаниудынх нь асуудлыг тодруулахаар жилийн өмнө өгсөн иргэний өргөдлийг одоо хүртэл Ёс зүйн дэд хороо хэлэлцээгүй байх жишээтэй. Яагаад хэлэлцэхгүй байна вэ? гэхээр ирц хүрэхгүй байна аа л гэдэг. С.Бямбацогт Ёс зүйн дэд хороог толгойлж байхдаа гурван удаа хурал зарлахад дарга нь ганцаараа ирсэн байдаг юм. Тийм дур зоргын. Дураа хүрвэл ирнэ, дургүйгээ хүрвэл ирэхгүй.

Сая хөрөнгө орлого нь гэнэт өссөн гурван гишүүний асуудлыг Ёс зүйн дэд хороогоор оруулсан ч Х.Нямбаатарын асуудлыг үлдээчихсэн байх жишээтэй. Юуны учир, яагаад сугалж аваад үлдчихсэн нь бас тодорхойгүй.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний өчигдөр хийсэн мэдээллээс үзвэл Авлигын эсрэг хууль болон түүнийг дагалдаж гарах бусад хуулийг өөрчлөхөөр УИХ-аас ажлын хэсэг гарсан, Х.Нямбаатар гишүүн ажлын хэсгийг ахлаад явж байгаа юм байна. Гэтэл энэ хүний өөрийнх нь хөрөнгө орлого сүүлийн гурван жилийн дотор /2015-2018 оны байдлаар/ 29 саяас 442 сая болж 15 дахин өссөн, гэр бүлийнх нь орлого тав дахин, орон сууц, барилга нь хоёр дахин, автомашин хоёр дахин, мал аж ахуй нь 15 саяас 130 сая болж өссөн байх жишээтэй. Үүнийхээ эх үүсвэрийг тайлбарлахгүй байгаа хүн Авлигын эсрэг хуульд шаардлагатай өөрчлөлтийг хийж чадах болов уу?

Тиймээс Авилгын эсрэг хуулийг өөрчлөх гэж байгаа бол эхлээд уг асуудал дээр “ашиг сонирхлын зөрчилтэй” ажлын хэсгийн ахлагчийг эхлээд холдуулах шаардлагыг хөдөлгөөний залуус тавилаа. Дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүн ч гэсэн “хуулийн зохицуулалт энэ хэвээр байвал авилгын эсрэг тэмцэл хүссэн үр дүнд хүрэхгүй” гэдгийг хүлээн зөвшөөрч, хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Хачирхалтай нь, Авлигын эсрэг хууль батлагдаад, Ёс зүйн дэд хороо байгуулагдаад, УИХ-ын гишүүд хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг, түүнийгээ нийтэд ил тавьдаг болоод хэр удсан билээ. Төдийгөөс өдий хүртэл хууль тогтоогчдын ч, олон нийтийн ч олж хараагүй хуулийн хийдлийг олж хараад олон нийтэд хандсан, анхаарлын өмнө авч ирсэн хөдөлгөөний залууст талархахаас аргагүй.  

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх