Монгол, Хятадын дипломат харилцааны онцлогийг шингээсэн марк худалдаанд гарлаа

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ. Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов.

Хоёр орны дипломат харилцааны түүхийн бэлгэ тэмдэг болсон ойн шуудангийн маркийг ойг тэмдэглэх төлөвлөгөөний хүрээнд Шадар сайдын санаачилгаар Монгол шуудан компаниас эрхлэн гаргаж буй.

Тус марк нь Монгол Улс 1924 онд анхны марк гаргаж байснаас хойших 1052 дахь дугаарын сэдвийн марк болжээ.  Монгол, Хятадын ирээдүй, хойч үе болсон Үндэсний хувцастай бяцхан хүүхдүүд, хоёр орны төрийн далбаа, улсын нэрийн бичвэр, улс үндэстний онцлогийг шингээсэн хээ хуарыг марканд дүрсэлж, 12.000 сер, 6.000 анхны өдрийн дугтуйны хамтаар хэвлэж, худалдаанд гаргажээ.

Энэхүү шуудангийн марк нь Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн манай хоёр орны харилцааны билэгдлийн эд өлгийн зүйл болж, марк сонирхогчдын үнэт цуглуулга, дэлхийн улс орнуудад түүхийн сурталчилгаа, хойч үед өвлөн үлдэх бүтээл болох нь гарцаагүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин тодотгов.

Элчин сайд Шин Хаймин энэхүү үйл явдлыг  Монголын ард түмнээс манай ард иргэдэд хандан ирүүлж буй том хүндэтгэл хэмээн тодорхойлсон юм. Сайд нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” шуудангийн маркийн анхны дугтуйд гарын үсэг зурж Монгол маркийн музейд хадгалуулахаар  болов.

Ж.Болор

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх