Төрийн ой санамжийн дархлаа нь ахмадууд байдаг

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монголын парламентад суугаа ахмад гишүүдээ залуучууд нь хөөж явуулах тухай яриа гарсаар удаж байгаа. М.Энхболдыг Их хурлын даргын албан тушаалаас огцруулах гэж эрх баригч намын нөхөд хоорондоо дайтах үед уг яриа бүр хүчтэй явсан. Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нарын гишүүд хэвлэлийн хурал зарлаж “Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын явуулсан башир арга улс төрийн мухардмал байдалд оруулж, Монголын парламентын түүхэнд хар толбо боллоо” гээд эдгээр дөрвөн “зөнөг”-ийг өөрсдийнх нь шаардлагыг хүлээж авахгүй бол Их хурлын гишүүнээс нь татгалзуулах саналыг тойргийнх нь сонсогчидтой хамтран тавина гэж мэдэгдсэн. Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гээд залуучууд ахмадууд руугаа боломж л гарвал дайрч давшилж, улаан нүүрийг нь харж байгаад гөлөлзтөл загнадаг. Албан тушаалд дуртай хэнээтэйг нь гайхаж,сайдын сураг сонсоод хөл нь хөнгөрч ордны хонгилоор хормойгоо өшигчин гүйж байна гээд элдэв дээдээр хэлж гутаадаг болсон.

Эрх баригч намын эдгээр залуучуудыг дагаад цахим ертөнцөөр “Улс төрд бугшсан таван зөнөгийг зайлуул” гэсэн давлагаа явж, энэ тав байхгүй бол Монголын улс төр цэвэр ариун болох юм шиг, улс орны хөгжлийн чөдөр тушаа тэрхүү таван зөнөг юм шиг олон нийтэд ойлголт төрөхөөр. Тэр таван зөнөг нь мэдээж Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Нямаагийн Энхболд. Өнөөдөр намынхаа төр барьж байгаа хүүхдүүдэд “тэнэг зөнөг”-өөрөө дуудуулж, ад шоо үзэгдэж, албан тушаалын хэнээрхэлд автсан хэмээн гадуурхагдаж байгаа таван эрхэм бол Монголын парламентын ой санамж, монгол төрийн дархлаа болсон хүмүүс. Нямдорж, Лүндээжанцан хоёр ерээд оноос л Монголын төрд зүтгэсэн. Парламент ёсыг бэхжүүлэхийн төлөө зүтгэсэн. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт гээд яригдаж байна. Яг энэ цаг үед Монголын парламент Үндсэн хуулийн асуудлыг Лүндээжанцангүйгээр ярих боломжгүй. Түүнийг төрөөс зайлуулчихаад гучин хэдтэй залуучууд Үндсэн хуулиа өөрчилнө гэвэл түүн шиг дур зоргын асуудал байхгүй. Улаан, Энхтүвшин, Энхболд аль нь ч ялгаагүй Монголын төрд хориод жил тасралтгүй сууж төр түшилцэж байна.Ийм түшээдээ тухайн улс орон жинхэнэ төрийн хар хүн хэмээн үзэж, улс орныг удирдах буурь суурьтай хэмээн итгэл хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл төрт ёсны дархлаа болсон ийм хүмүүсээ зайлуулж байж залуучууд нь өөрсдөө эзэн сууна ч гэж боддог юм уу. Аль эсвэл монгол төрийн ой санамжийг арчиж хаях гэсэн сэрүүн бодлого ч байдаг юм уу. Өвгөд рүүгээ бүр бодлоготойгоор гэж хардахаар дайрч байгаа харагдах юм. Өнөөдөр Монголын төрд залуучууд дэндүү их ороод иржээ. Бүх л яам тамгын газар, төрийн албанд жигтэйхэн ганган хээнцэр, гял цал болсон гялгар залуус. Манайхны хэлээд байдаг өнөө цүнх баригчид нь ч юм уу, юу нь ч юм бүү мэд. Баахан л залуучууд хүүхнүүд дүүрэн. Их хурлыг хар л даа. Хууль тогтоох дээд байгууллага Монголын парламентад хэн байна. Монгол төрийн дархлаа болсон Гомбожав гуай, Бямбасүрэн гуай алга. Их хурлын дарга байж парламент ёсыг удирдаж байсан Гончигдорж, Дамдингийн Дэмбэрэл, буурал Төмөр-Очир алга. Ерөнхий сайд байсан М.Энхсайхан, С.Баяр, Р.Амаржаргал алга. Мөн Баабар, Да.Ганболд гээд нэртэй эдийн засагч, улс төр судлаачид алга. Философийн ухааны доктор академич Даш-Ёндон, Чулуунбаатар, Чулуундорж, мөн Раш гуай, Гүррагчаа баатар, Авдай гуай алга. Тэгээд хэн байна гэхээр гурав, дөрөвхөн жилийн өмнө хип хоп үглээд гудманд гүйж явсан хүүхэд байж байх жишээний. Тэд улс орны хөгжил яриад, өвгөдөө загнаад сууж байна. Хөгшүүл нь цөөн залуучууд нь олон болчихоор Монголын төрийн бодлого айхавтар алдаатай гарч буйг хүн бүхэн шүүмжилж байна. Улс орны бодлогын асуудалд ажлын туршлагагүй, төрийн дархлаа гэж огтоос суугаагүй, буурь суурь, ноён нуруугүй, хий нь гараагүй залуучууд хэтэрхий хөнгөн гоомой, гэнэн тэнэг хандаад байна. Ухаантнууд нь улс төрд ороогүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг гэдэг ойлголт бүрэн биеллээ олж байна.

Азийн улс төрийн нас 65-аас дээш байдгийг бид мэднэ. Манай урд хөрш Хятадын эрх баригч коммунист намын гишүүд гэхэд л дандаа өвгөчүүд байдаг. Тэд зөнөвөл зөнөмөөр юм. Гэтэл өвгөчүүдээр удирдуулж байгаа хятад улс хөгжил дэвшлээрээ дэлхийд манлайлж байгаа. Хятад гүрэн 65-аас доош настай хүмүүсийг төр барих нас нь болоогүй гээд улс төрд оруулдаггүй. Төрийн хар хайрцагны бодлого гэдэг ийм л байдаг. Япон улс байна, парламент нь дандаа янхигар өвгөчүүдээр дүүрэн. “Өдрийн сонин” улс орныг ахмад буурлууд нь удирддаг тухай өмнө нь олон бичиж байсан. Үнэхээр ахмад настай хүн эд хөрөнгөд шунах шуналынх нь хор гарчихсан, хүүхэн хараад сэтгэл нь хөдлөхөө больчихсон байдаг. Үр хүүхэд нь өсч томроод хэдийнэ амьдралдаа хүрчихсэн, өөрөө хийдгээ хийж үздэгээ үзчихсэн, нэг үгээр хэлбэл амьдралыг таньсан хүмүүс ерөөс нэр бүтэн байх тухай л боддог. Үлдэж байгаа үр ач нартаа, ард түмэндээ сайн сайхан улс орныг үлдээхийн тулд тэд жинхэнэ ухаанаа, оюуныхаа бяр тэнхээг, үзэж туулж ирсэн туршлага, сурч мэдсэн бүхнээ бүрэн зориулдаг. Зөвхөн хар амиа бус улс орон ард түмнийхээ төлөө зүтгэхэд тэр хэрээр улс орны хөгжил тэлдэг. Амьдрал таньсан ухаант өвгөдөөрөө улс орноо удирдуулж, сайн сайхан нийгмийг цогцлоодог жамтай. Английн Лордуудын танхим буюу хууль тогтоох дээд танхимыг нь хар, Америкийн Конгрессыг хар. Яг л энэ жишгээр явж ирсэн. Америк гэхэд ахмадуудаа төрд нь бодлогоор үлдээдэг. Үүн шиг Монгол Улс парламентад дөрвөн удаа сонгогдож төрт ёсны төлөө зүтгэсэн бол тухайн улстөрчийг Их хуралд автоматаар шууд сонгогддог байх эрхийг нь олгодог баймаар байна. Дөрвөн удаа сонгогдсон гишүүд тав дахиасаа шууд сонгогддог, түүнийгээ улс орны хамгийн том даалгавар, нэр төрийн асуудал гэж үздэг, ёстой л улс орныхоо төлөө байгаа бүхнээ зориулах тийм л үүрэг хүлээдэг байх хэрэгтэй. Төрийн дархлаа, ой санамж тэгж хадгалагдана.

Ер нь парламент гэдэг настай хүмүүсийн сууж байх газар. Залуучууд юугаа хийх гэж Их хурлын гишүүн болохын төлөө үхэн хатан зүтгэдэг юм. Түүнийхээ оронд хөдөлмөрлөж ажиллаж, өөрийн цэвэр хөлс хүчээр бизнестэй болж амьдралаа босгох нь зүйн хэрэг. Нийгэмд өөрийн гэх байр суурийг бий болгож, нэр төр олсны дараа нас тогтсон үедээ улс төрд орж мэдсэн сурсан зүйлээ зориулах ийм л хуультай баймаар. Парламент бол амьдрал таньсан өвгөн профессорууд оюун ухаанаа уралдуулж байдаг газар. Улс гүрний хөгжлийн бодлого стратеги тэнд л тодорхойлогдож, ирээдүйн хөгжлийн тулгуур асуудлууд яригдана. Монгол Улс хоёр хүчирхэг том гүрний дунд ямар бодлогоор үлдэх вэ гэдгээ бодно.

Настай хүмүүс аливаа асуудалд яаж ханддаг тухай жишээ дурдъя. Америкийн ерөнхийлөгч Трамп эдүгээ 73 настай. Америкийн тэнгисийн цэргийн тагнуулын онгоцыг Ираны зэвсэгт хүчин унагасан. Үүний хариуд Америкийн тал Иран руу пуужингаар цохилт өгөхөөр байлдааны ажиллагааг боловсруулсан байв. Гэвч байлдааны ажиллагаа эхлэхээс ердөө 10 минутын өмнө Трамп тушаал өгч цохилт өгөхийг зогсоосон. Учир нь 200-гаад хүн амиа алдана гэдгийг дуулангуут “тийм олон хүнийг алаад яахав” гээд пуужин харвахыг болиулсан. Энэ бол настай хүний гаргах шийдвэр. Залуу хүнд юун хүний амь, шууд л буудахыг, алж хядахыг, дайрч давшлахыг бодно. Ер нь тэгээд залуу хүнийг сонгоод яаж алдаж байгааг бид хангалттай үзэж байна. Хамгийн залуу гишүүн гээд л хөөргөөд байсан, удаа ч үгүй нөгөө залуу хүчингийн хэрэгт орооцолдож, Их хурлын гишүүнээсээ татгалзсан. Өнөөдөр Д.Гантулгын сонгогчид амаа бариад сууж байгаа. Залуу хүн ингэж л алдаа гаргадаг. Тэгэхээр парламентад шодой нь ажилладаг биш, толгой нь ажилладаг хүн хэрэгтэй байна. Улс орны бодлого гаргахын оронд яаж өөрөө хурдан баяжих тухай, сайхан хүүхнүүдтэй зугаалах тухай бодож байна. Тиймээс 50-иас доош насныхныг Монголын парламентад сонгохгүй байх хэрэгтэй. Тэгж хуульчилж өгч байж Монгол Улс хөгжинө. Мөн тийм хуультай болоод ирэхээр төрийн ой санамж болсон өвгөдөө ад үзэхээ болино.

Б.Батболд     

Эх сурвалж: Өдрийн сонин   

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх