Жаргалтхаан-Чингис хаан хотын замыг “Жонхуу” болгочихсон өнөөх чинь “Гарамгай баатар эр” болчихжээ...

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монголчууд гурилыг усаар шингэрүүлж баахан хутгаж цаас болон даавуу наах зориулалттай бэлдмэл хийж, түүнийг нь эхнэр хүүхнүүд дээл хувцас оёхдоо ашигладаг нэгэн төрлийн цавууг “Жонхуу” гэдэгсэн билээ. За яахав дээ гурилыг усаар шингэрүүлж, нэлээн сайн хутгаж найруулсан өнөөх жонхуугаа хийж байгаа дээл хувцасныхаа давуунд түрхэж, халуун индүүгээр гайгүй сайн дардаг тул нэг хэсэгтээ л “Наалдан пад” болдогсон.

Тэр бол Монголчуудын эрт дээрээс хэвшигдсэн амьдралын хэв маяг билээ. Тэгвэл өнөөдөр хүн төрөлхтөний ХХI зууны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх гэж хэрэндээ л махран зүтгэснийхээ хэрээр багагүй саад бэрхшээл, алдаа эндэгдэлтэй нүүр тулж яваа Монголчуудын хувьд жонхуурсан ажил хийсэн болж, төр түмнээрээ даажигнаж, төсвийн мөнгийг хэдэн турбумаар нь хулгайлан залгиж байгаа олон эрх мэдэлтэн, төрийн хутгуур, түмний хөрөнгийг дээрэмдэгчид, улстөрч нэртэй “Жонхуу зуурагч”-дын хөлд чирэгдэх нь хэрээс хэтэрчээ.

Энэ талаар баримт сөхвөл УИХ-ын гишүүн асан олон нийтэд “Монроуд” хэмээх том компанийн эзэн гэдгээрээ алдаршсан Н.Гарамгайбаатар хэмээх товариш эрх мэдэл, албан тушаалаараа түрий барьж Хөгжлийн банкнаас 45.5 зээл авсан ч эргэн төлөлт бараг л хийгдэлгүй явсан нь илэрч 2017 оны гуравдугаар сард сэжигтнээр татагдан хоригдож эхэлсэн байдаг. Гэтэл хоёр жил гаруй хугацаанд Хөгжлийн банкнаас зээлсэн 45.5 тэрбум төгрөгнийхөө 70 гаруй хувийг огт төлөөгүй хэргээр сэжигтэн, яллагдагч гэгдэж явсан Н.Гарамгайбаатар нь жинхэнэ “Ял зэмгүй гарамгай баатар” болж Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр Хөгжлийн банкнаас зээлсэн 45.5 тэрбум төгрөгийн 70 хувийг тас залгиж, энэ цагийн тэргүүн баячуудын нэгэн болж байна. Зүгээр ч үгүй тухайн үедээ УИХ-д мөр зэрэгцэн сууж, Хөгжлийн банкнаас тэр их буюу 45.5 тэрбум төгрөгийн зээлийг ямар ч хараа хяналтгүй зээл нэрээр салгаж дөнгөхөд тус нэмэр болсон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртайгаа хамт Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр ямар ч ял зэмгүй сугарчихаж байна.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайн асан Н.Батбаяр хэмээх товариш бол тухайн үед нь УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Н.Гарамгайбаатар найздаа Хөгжлийн банкнаас 45.5 тэрбум төгрөгийн зээл авах “Дархан эрх”-ийг нь олгон өгч, багагүй хэмжээний “Шагнал” хүртэж байсан этгээд билээ. Улсад ойролцоогоор 80 тэрбум төгрөгийн хохирол учруулсан дээрх хоёр этгээдэд холбогдох гэмт хэргийг удтал мөрдөн шалгасны эцэст Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгээд ч Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан болж байхдаа Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс ёстой л ханаж цадахгүй мэт хулгайлан завшиж байсан нь мөн ч олон хамтрагч, найз нөхдийнх нь гэмт үйлдлээр нотлогдсон билээ. Тухайлбал түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон гэгч этгээд нь ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн авлигал, хээл хахууль, төрийн мөнгийг хулгайлсан нь тогтоогдсоны дунд 600 сая төгрөгөөр асар том Орон сууц худалдан авсан нь илэрсэн байдаг. Харин Монголын төрийн толгойд шигдсэн асар том авлигал, хээл хахуулийн МАНАН бүлэглэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, Монголын ард түмнээр тоглон даажигнаж байгаа маш олон авлигач, төрийн мөнгөний томоохон хулгайч нарыг ивээлдээ авсаны буянаар ямартай ч Н.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Р.Онон зэрэг Монголын ард түмнийг тохуурхан дээрэмдэгчид ямар ч ял зэмгүй мултарч эхэллээ. Н.Гарамгайбаатарын хувьд өөрийн мэдлийн “Монроуд” компанийн барьж гүйцэтгэж байсан Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км замын гүйцэтгэл нь 38 хувьтай явж байхад “Нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай үгсэн хуйвалдсанаар дээрх 45.5 тэрбум төгрөгийг өөрийн компанийн дансанд оруулж дөнгөсөн томоохон гэмт хэрэгтэн, төрийн мөнгөний асар том хулгайч билээ.

Тэгээд ч Хөгжлийн банкнаас 45.5 тэрбум төгрөгийг зээл нэрээр салгаж дөнгөсөн ч бараг л нөхөн төлөлт хийгдээгүй энэ томоохон гэмт хэргийн бас нэг эзэн холбогдогч нь Н.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис гэгддэг. Тэгээд ч Г.Тэнгис нь дээрх 45.5 тэрбум төгрөгийн нэлээдгүй хэсгээр нь дураараа жаалсан нь эхнээсээ тогтоогдсон тул 2017 оны гуравдугаар сарын дундуураас хоригдон шалгагдсан байдаг. Гэсэн ч Монголын төрийн том хулгайч төрсөн эцэг Н.Гарамгайбаатарынхаа буянаар мөн л гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн ял зэмгүй салж байна.

Гэмт хэрэгтэн Н.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкинд учруулсан дээрх 45.5 тэрбум төгрөгийн хохиролоосоо өмнө буюу 2005 онд улсад хүлээлгэж өгсөн нэр зүүсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуутын даваанаас Чингис хаан хот хүртлэх 55 кмын зам гэж “Там”-ыг эргэн сануулах ёстой. Ер нь бол Улаанбаатараас Чингис хаан хот хүртлэх 306 км засмал замыг 1997-2006 он хүртэл буюу бараг л 10 жил барьж дуусгасан нэр зүүсэн ч Жаргалтхаан сумын Дуутын даваанаас Чингис хаан хүртэлх Н.Гарамгайбаатарын “Монроуд” компанийн тавьсан нэр хүлээдэг 55-хан км замыг засч шинэчлэхээр 2009 онд 273.3, 2010 онд 288, 2011 онд 341, 2012 онд 388.8 сая төгрөг зарлагдан тус тус засвар, шинэчлэл хийсэн гэдэг.

Тэгвэл Хөгжлийн банкнаас 45.5 тэрбум төгрөг зээлсэн нэр хүлээн “Дээрэмдсэн” гэмт хэрэгтэн Н.Гарамгайбаатар болон түүнд энэ их эрх мэдлийг сэмхэн олгож тусалсан тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар өнөөдөр “Ял зэмгүй, жирийн иргэд” болчихсон бидний дунд толгой дээгүүр алхаж яваа нь Монголын өнөөдрийн эмгэнэл, МАНАН-гийн агуу их тохуурхал, даажигналын үргэлжлэл гэдэг нь тодорхой билээ. Ямартай ч Хөгжлийн банкнаас зээлсэн нэр хүлээн дээрэмдсэн 45.5 тэрбум төгрөгөөрөө өнөөдөр жаргаж яваа Н.Гарамгайбаатарын 2005 онд хүлээлгэж өгсөн нэр хүлээсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуутын даваанаас Чингис хаан хүртлэх 55 км буюу асар том онгорхой нүхнүүд, сэг болсон замын там нь жолооч нарыг жинхэнэ утгаар нь тамлан зовоосоор өнөөдөртэй золгоод байгаа.

Харамсалтай нь өнөөдөр ч том том онгорхой нүхнээр дүүрсэн тэрхүү тамыг засварлахын тулд 2016 онд 7.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж байсан түүхтэй. Улсын төсөвт жил бүр ийм их хохирол учруулдаг Жаргалтхаан сумын Дуутын даваанаас Чингис хаан хүртлэх тэрхүү 55 км зам яагаад тийм чанаргүй баригдсан шалтгааныг өнөөх Н.Гарамгайбаатар тайлбарлахдаа “Дуутын даваанаас Чингис хаан хот хүртлэх тэр хэсэг бол нэлэнхүйдээ шаварлаг хөрстэй учир зам тэгж их эвдрэхээс өөр аргагүй” гэсэн байдаг. Монгол Улс болон ард иргэдэд нь өстөн дайсан адил ийм л их хохирол учруулж, төр болон ард иргэдийн мөнгийг хэдэн арван тэрбумаар хулгайлан залгидаг ийм л том гэмт хэрэгтнүүд “Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” нэрээр ял зэмгүй мултрах өнөөдрийн энэхүү гамшиг, гутамшиг хойшид аль хэр удаан үргэлжлэх юм бол. Мөн ч гунигтай, басхүү ард түмнийг дэндүү даралж, доромжилсоор байгаа өнөөдрийн энэ их МАНАН замхарч үгүй болохыг үзэх хувь тохиол байдаг болов уу, та минь ээ....

Сэтгүүлч Д.Энхтүвшин 

Эх сурвалж: mongolcom.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх