ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Энэ сарын 3-7-ны өдрийн хооронд сайжруулсан түлшний угаарын хийд 70 гаруй хүн хордож, нас барсан иргэний тоо тав болоод байна. Мөн угаарын хийд хордож нас барсан байж болзошгүй хоёр иргэнийг шалгаж, найман иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч сайжруулсан түлшний угаарын хийд хордсон иргэдийн тоо нэмэгдсээр. Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 24 хүүхэд угаарт хордсон байж болзошгүй байдлаар эмнэлэгт хандсан байна. Харин Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд зургаан хүн мөн л дээрх шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэдгийг НЭМҮТ-ийн албаны хүн хэлсэн юм.
Мөн Нийслэлийн Онцгой комиссын энэ сарын 6-ны өдрийн шуурхай хурлаар Нийслэлийн гэр хороололд байгаа айлуудад зөв галлах зөвлөмж өгөхийг шат шатны байгууллагуудад үүрэг болгосон байна. Хордсон иргэдийн гэрээс зуухны хэрэглээнд асуудал байсан эсэх талаар Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид шалгалт хийж байгаа аж.
С.Даваасүрэн: Шинжилгээгээр сайжруулсан түлшинд асуудал алга гэсэн хариу гарсан
Угаартсан иргэдийн хэрэглэсэн сайжруулсан шахмал түлшнээс 23 төрлийн дээж авч гурван лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд шинжилгээний дүгнэлтийг Нийслэлийн онцгой комисс танилцууллаа. Шахмал түлшний угаарт хордсон иргэд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн түлшний цэгээс түлш авч хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас бүрдсэн 98 алба хаагч тусгайлсан дээжийг авч лабораторид хүргүүлсэн байна.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн Шинжилгээний дүнгээр сайжруулсан түлшинд ямар ч асуудал байхгүй гэж гарсан. Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшнээс дээж авсан шинжилгээний хариу өчигдөр ирсэн. Улсын байцаагчийн дүгнэлт нэгдсэн байдлаар удахгүй гарна. Геологийн төв лабораторийн хариу түлшний дэгдэмхий чанар стандарт буюу 18.9-20.3, хүхэр нэгээс бага байх ёстой 0,8-1.4, үнслэг түүхий эд 19, дэгдэмхий 18.4 үйлдвэрлээд 19.2 хүхэр 0.82 илчлэг 6499 гээд бүгд стандарт нормын дагуу гарсан. Тавантолгой түлш” компанийн үйлдвэрээс нь авсан дээжийн хариу Ашигт малтмал газрын тосны лабораторид мөн адил дээр дурдсанчлан бүгд стандартын шаардлага хангасан. Хордсон иргэдийн гэрт нь хэрэглэж байсан түлш ч мөн адил бүгд шаардлага хангасан гэсэн хариу гарлаа. Гаалийн төв лабораторид барьцалдуулагчийг шинжлүүлэхээр өгсөн. Шинжилгээний дүн цардуул болон шаварлаг эс агууламжтай гэж гарсан. Энэ нь ургамлын гаралтай органик цардуул бөгөөд угаар гардаггүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа” гэлээ.
С.Амарсайхан: Шахмал түлш бол хүн амын эрүүл мэндийн төлөө хийсэн зоримог бөгөөд эрсдэлтэй шийдвэр
Тэгвэл энэ үйл явдалд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Нас барсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Их харамсч байна. Цаашид ийм явдал гаргахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Нөхцөл байдлыг тодруулахаар бүх талаас нь ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түлшний шинжилгээний дүн хэвийн байна гэж гарсан. Гэхдээ бид цаашлаад гаднын лабораторид шинжилгээгээ явуулсан. Бидний мэдээгүй эрсдэл байна уу гэдгийг шалгаж байгаа. Шахмал түлш бол хүн амын эрүүл мэндийн төлөө хийж буй зоримог бөгөөд эрсдэлтэй шийдвэрийн нэг. Үүнийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Үндэсний хэмжээний асуудал учраас төрийн бүх байгууллага ажиллаж, эрсдэлийг бууруулах, хэрэглээг хэвшүүлэх, алдааг засахаар ажиллаж байна. Үүн дээр хэн нэгнийг түрүүлж буруутгах нь өрөөсгөл юм” гэлээ.
Түүхий нүүрсний хувьд өнгө үнэртэй байдаг. Харин шахмал түлшин дэх нүүрсхүчлийн дан исэл нь ямар нэг өнгө үнэр байхгүйгээс гадна хүн өөрийгөө хордож байгааг мэдэх боломжгүй. Хүний цусанд хүчилтөрөгчөөс 100 дахин хурдан орох чадвартай маш аюултай химийн хорт утаа шахмал түлшинд агуулагдсан байна. Үхлийн аюулд маш хурдан хүргэдэг аюултай гэдгийг эрдэмтэд хэлж байлаа.
Энэ үүссэн нөхцөл байдалд Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Гэр хороололд байгаа шахмал түлш хэрэглэдэг 200 мянган айлд утаа мэдрэгчийг 15 мянган төгрөгөөр гадаадаас оруулж ирж, өвлөөс өмнө бүх айлд суурилуулна. Ингэж л иргэд өөрийн амь насаа хамгаалж, стандартын дагуу зуухаа галлаж хэвших хэрэгтэй шахмал түлш MNS5679:2019 хуульдаа хэрэглэхийг зөвшөөрсөн учир хэрэглэж болно. Иргэд угаартаад байгаа нь хэрэглээний горим алдагдсан, буруу хэрэглээнээс үүдэлтэй гэсэн үг” гэсэн юм.
Мөн Нийслэлийн онцгой комиссын энэ сарын 6-ны өдрийн шуурхай хурлаар Нийслэлийн гэр хороололд байгаа айлуудад зөв галлах зөвлөмж өгөхийг шат шатны байгууллагуудад үүрэг болгосон. Гэр хороолол дээрээсээ, доороосоо галладаг хоёр төрлийн зуух хэрэглэж байгаа. Зуухны хэрэглээний битүүмж алдагдах, яндангийн агаар сорж байна уу гэдгийг хордсон айлд шалгаж байгаа аж.
Шахмал түлшийг БНСУ, БНХАУ, ОХУ-ын Эрхүү хотод шинжлүүлнэ
Шахмал түлшинд хордсон иргэдийн хэрэглэсэн түлшнээс дээж аван шинжилгээнд хамруулжээ. Геологийн төв лабораторид 11 дээж, Ашигт малтмалын төв лабораторид 12, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид нэг нийт 24 дээжийг шинжлүүлсэн билээ. Лабораторийн дүгнэлт бүгд хэвийн гарчээ. Гаалийн лабораторид барьцалдуулагчийг шинжлүүлэхэд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цардуул мөн гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл энэ сарын 14-нд шахмал түлшийг БНСУ, БНХАУ, ОХУ-ын Эрхүү хот руу шинжлүүлэхээр болжээ.
Б.Намуунтамир
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин