Шахмал түлшинд угаартаж нас барсан эхний тохиолдол өнгөрсөн сард гарсан ч нийтэд мэдээлээгүй байжээ

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Шахмал түлшинд угаартаж нас барсан эхний тохиолдол өнгөрсөн сард гарсан ч нийтэд мэдээлээгүй байжээ

 

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө иргэд олноороо угаартан хордож, эмнэлгийн байгууллагад хандсанаар Нийслэлийн онцгой комиссынхон түргэн авав. Дөрвөн иргэн гэртээ угаартаж нас барсан бөгөөд гурван гэр бүл хагацал үзээд байгаа юм.

Одоогоор 35 иргэн угаарт­санаас зургаа нь хэвтэн эмч­лүүлж байна. Тэдний дөрөв нь Хордлогын үндэсний төвд, хоёр нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) хордлого тай­лах эмчилгээ хийлгэж байна. ЭНЭМҮТ-д хүргэгдсэн 16 настай охины биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг хүүх­дийн бие сайжирчээ. Харин харам­салтайгаар нас барсан иргэдийн хоёр нь хүүхэд, хоёр нь насанд хүрсэн хүн байжээ.

Үүнтэй холбогдуулан өнгөр­сөн бямба гарагт нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулан нийслэлийн Засаг даргын орлогч, "Тавантолгой түлш” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг бай­гуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан хордсон иргэдийн талаар мэдээлэл хийхдээ "Хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд жил бүр сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч ахуйн хүрээнд золгүй байдлаар хордох тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагийг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй 17 цэгээс дээж авч, АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лабораторид хүргүүлсэн. Мөн барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр ГЕГ-ын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Нас барсан, угаартсан иргэдийн гэрээр очиж үзэхэд дийлэнх нь ханан пийшинтэй айлууд байсан. Тиймээс ханан пийшингээс болж угаартсан байх магадлал өндөр” гэсэн юм.

Нийслэлийн онцгой комис­сынхон иргэдийн нас барсан шалтгааныг хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд гардаг түгээ­мэл үзэгдэл, "уламжлал” болсон явдал гэх утгатай тайлбар хийсэн нь энэ. Харин олон ний­тийн дунд "Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд барьцалдуулагч бодис, цавуу их хэмжээгээр хийснээс иргэд хордож байгаа гэх хардлага бий болоод байна.

Түргэн ирэх хооронд хоёр хүхэд нь нас баржээ

Олон хүн нас барсан, хордсон, угаартсан бодит шалтгааныг тодруулахаар Хордлогын үндэсний төвд очив. Үүдний харуул нь "Хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулж болохгүй гэсэн тушаал ирсэн. Манайх цэргийн байгууллага учраас удирдлагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд дотогш нэвтрүүлнэ” гээд халгаасангүй. Мөн Хорд­логын үндэсний төвийнхөн хэвлэл мэдээллийнхэнд хаалгаа тайлж өгөхгүй байх тушаал ирсэн хэмээн бас л хөөж гаргав. Харин өнгөрсөн баасан гарагт хордож, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн ар гэрийнхэн нь доорх мэдээллийг өгч байна.

Хордлогын үндэсний төвд хэвтсэн дөрвөн хүний биеийн байдал сайжирсан ч сэтгэл санааны гүн хямралд ороод байгаа аж. Ялангуяа хоёр болон дөрвөн настай хүүхдээ нас барсныг мэдээгүй байгаа эх нь эмч, хамаатан саднаасаа хүүхдүүдээ асууж шаналсаар байгаа талаар иргэн н.Батсүх ярьсан юм. Тэрбээр "Хоёр хүүхэдтэйгээ байсан манай хамаатны эмэгтэй аав руугаа утасдаж "хүүхэд уйлаад зүгээр болохгүй байна, хүрээд ирээч” гэж дуудсан юм билээ. Аав, ээж хоёр нь очиход бага хүүхэд нь ёолж гиншсэн, том хүүхэд, ээж хоёр нь ухаангүй байсан тул аав нь түргэн дуудахаар гарч, ээж нь бага хүүхдийг сэхээхээр оролдож эхэлсэн байдаг. Гэтэл хорь хүрэхгүй минутын дараа аав нь эргээд ороход бага хүүхдээ сэхээхээр оролдож байсан эхнэр нь бас ухаан алдсан байж. Удалгүй түргэн ирж, хоёр хүүхэд нь угаартсанаас болж нас барсныг тогтоон үлдсэн хоёрыг авч явсан. Одоо биеийн байдал дээрдсэн. Эмчилгээнд нь нөлөөлөх вий гэдэг үүднээс хоёр хүүхэд нь нас барсныг бид хэлээгүй. Тэднийх энгийн төмөр зуухтай, сайжруулсан түлшийг анх удаа хэрэглэсэн болов уу. Үлдсэн түлшийг нь цагдаагийнхан аваад явсан байна лээ. Манай баз охиныхоо гэрт ороход уксус шиг үнэр ханхалж байсан гэсэн” хэмээв.

Тус төвд ээж, төрсөн ах хоёроо сахиж буй СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Н.Ганчулуун "Манайх ээжийнхтэйгээ зэргэлдээ байшинд амьдардаг. Өнгөрсөн баасан гарагийн өглөө би зургаан цагаас ажилдаа явсан. Төд удалгүй эхнэр маань араас утасдаж ээж, төрсөн ах, хамаатны ах гурав ухаангүй байгааг хэлсэн. Би замдаа түргэн дуудаад очиход түргэн ирсэн байсан. Хамаатны ахыг нас барсныг хэлээд ээж, ах хоёрыг маань Хордлогын үндэсний төвд авчирсан. Биеийн байдал нь арай дээрдсэн. Хамт байсан ахыг нас барсныг мэдээгүй байгаа. Нөхцөл байдал маш хүнд байна. Цагдаа болон мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой комиссынхон гээд хүмүүс хоёр өдөр цувж ирээд болсон явдал, сайжруулсан түлш хэрэглэсэн болон ямар зуухтай талаар асуусан. Ээжийнх төслийн Өлзий зуухтай, олон жил нүүрс түлсэн. Угаартахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн л гэж бодож байна. Тэр өдөр анх удаа сайжруулсан түлш хэрэглэсэн” гэв.

Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсгийнхэн зуух, яндан­гийн стандарт, түлшний хэрэг­лээний буруугаас болж иргэд угаартсан гэж тайлбарлаж байгаа бол хохирсон иргэдийн ар гэрийнхэн угаартсан шалт­гааныг зуух, янданд байхгүй гэж нотолж байна.

Сайжруулсан түлшнээс угаартах урсгал сарын

өмнөөс эхтэй

Сайжруулсан түлшинд хордсон байж болзошгүй тохиолдол анх удаа гарч байгаа бус гэдгийг зарим иргэн баримтаар нотолж байв. Тухайлбал, өнгөрсөн сард сайжруулсан түлш хэрэглэснээс хордсон гэж үзсэн гэр бүлийн дөрвөн хүн ЭХЭМҮТ-д хандсан талаар СХД-ийн 13 дугаар хорооны иргэн н.Сарантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Тэрбээр "Миний төрсөн дүүгийн хүү эхнэр, хоёр хүүхдийн хамт өнгөрсөн сарын 14-15-нд шилжих шөнө угаартаж хордсон. Хоёр хүүхдийнх нь амнаас цагаан хөөс сахарч, таталт өгч эхэлсэн тул ЭХЭМҮТ-д очиход хордлогод орсныг тогтоож, яаралтай эмчилгээ хийсэн байна лээ. Мөн аав, ээж хоёрынх нь толгой эргэж огиулж эхэлсэн тул Хордлогын үндэсний төвд очиход угаараас хордсон байна гэсэн. Тэр үед ЭХЭМҮТ-ийн эмч нар болон Хордлогын үндэсний төвийн эмч нар "сүүлийн үед шахмал түлшнээс болоод хүмүүс маш ихээр хордож ирж байна” гэж байсан юм билээ. Манай дүүгээс өмнөхөн гэр бүлийн дөрвөн хүн хордож, аав нь нас барсан гэж 18 настай охин нь ярьсан байсан.Тэгэхээр шахмал түлш хэрэглэсэн иргэд аль сарын өмнөөс хордоод эхэлсэн байх талтай гэж би хардаж байна” гэв.

Барьцалдуулагч бодис стандартын шаардлага

хангасан уу

Иргэдийн яриа сайжруулсан түлшнээс болж хордоод байгаа гэх хардлагыг улам лавшруулж байна. Үүнээс гадна сарын өмнө зохион байгуулсан Coal Mongolia олон улсын хурлын үеэр ХБНГУ-ын нэгэн судлаач сайжруулсан түлшний талаар ноцтой үг хэлсэн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Германы Фрайбургийн Техникийн их сургуулийн менежер, судлаач Андре Шмит "Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд "тиймэрхүү” санагдсан шүү. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольцыг өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь аюултай. Хүсвэл илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахад тусалж болно” хэмээн сэтгэл түгшин өгүүлсэн. Мөн тэрбээр шахмал түлшийг харахад л барьцалдуулагч бодис стандартын шаардлага хангаагүй нь мэдэгдэж байсан хэмээсэн байдаг.

Харин Нийслэлийн мэргэж­лийн хяналтынхан "Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагд­сан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, үлдсэн хувь нь шохой, бэхжүүлэгч бай­даг. Түлшний 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шин­жилгээнд хамрагдсан” гэх тайлбарыг хийж байна. Харин барьцалдуулагч бодисын найрлагыг бор шаргал өнгийн нунтаг гэхээс илүүтэй иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлаж чадсангүй.

Иргэдийн дунд эргэлзээ, айдас төрүүлээд байгаа сайж­руулсан түлшний чанарын талаар мэдээлэхэд ийм байна. Сайжруулсан түлш хэрэглэх, аюулгүй байдлыг хангах зөвөлгөөг иргэдэд хүргэх тал дээр холбогдох байгууллагууд дулмаг ажилласан гэх шүүмжлэлийг ч иргэдийн зүгээс илэрхийлж байлаа. Мөн сайжруулсан түл­шийг чанар стандартын дагуу үйлдвэрлэсэн эрүүл мэндэд хоргүйг баталгаажуулахын тулд гаднын эксперт, олон улсад итгэмжлэгдсэн лабориториор шинж­лүүлэх саналыг Нийс­лэлийн онцгой комиссын ажлын хэсгийнхэнд дахин уламжилъя. Ямар боловч хийнд хордсон иргэдийн тоо өссөөр байгааг сүүлийн өдрүүдэд ийм шалтгаанаар эмнэ­лэгт хандсан иргэдийн тоо өгүүлсээр. Өнгөрсөн баасан гарагт 16 иргэн угаартсан шинж­тэй эмнэлэгт хандсан бол өчигдрийн байдлаар 35 болж нэмэгдсэн байна. Өнөөдрөөс лабораторийн шинжилгээ хариу гарахаар сайжруулсан түлшнээс иргэд хордож нас барсан эсэх нь тодорхой болно.

Мөн шахмал түлшийг худал­даанаас татан авах эсэх шийдвэр ч шинжилгээний хариунаас тодор­хой болох юм.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх