Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өчигдөр АТГ-аас 48 цагаар саатуулсан байна. Түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгтэй холбоотойгоор саатуулсан бөгөөд саатуулах болсон шалтгаан нь Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотой гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатын араас тус яамны хэд хэдэн дарга нарыг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор баривчлах ажээ.
Дашдоржийн Доржханд нь
·2016 оны наймдугаар сарын 08-ны өдөр ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон.
·Тэрбээр тус албан тушаалд томилогдсоныхоо дараах жилд өөрөө 51.9 сая төгрөгийн орлого, гэр бүлийн хүн нь 32 сая төгрөгийн ашиг орлоготой ажиллажээ.
·Харин өнгөрсөн жилд тэдний гэр бүлийн орлого огцом буурч өөрийнх нь орлого 29.4 сая, гэр бүлийнх нь хүний орлого ердөө 2.5 сая болсон нь анхаарал татдаг.
·Д.Дашдорж дарга 575.8 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 1 дулаан зогсоолтой.
·139.8 сая төгрөгөөр үнэлэгдэх 300 гаруй толгой малтай.
·Дотоодын банк санхүүгийн байгууллагад байршуулсан 8.2 сая төгрөгийн хадгаламж бэлэн мөнгөтэй, хэнээс авлагагүй, мөн хэнд ч өргүй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байх аж.
АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Тиймээс Д.Доржхандыг өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө саатуулж өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид хорьсоор байгаа юм.
Эх сурвалж: erennews.mn