Бизнес эрхлэгч залуучууд чуулна

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Бизнес эрхлэгч залуучууд чуулна

 

“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын дэргэд “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” энэ оны 8-р сард байгуулагдсан.

Энэхүү зөвлөлөөс “НЭГ ЗОРИЛГО – НЭГ БОДЛОГО” уриатайгаар “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь 60 жилийн түүхт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Бизнесийн амжилтын талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад хөтөч нь болно” гэсэн алсын хараа, үзэл баримтлыг эрхэмлэн бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх, ашиг сонирхлыг хамгаалах, бизнесээ өргөжүүлэн тэлэх боломжийг бүрдүүлэх зэрэг зорилгыг агуулж байгаагаараа онцлог юм.

Чуулганд МҮХАҮТанхим, түүний гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч залуучууд, бусад төлөөлөгчид бүхий 300 гаруй зочин оролцох өргөн хүрээтэй үйл ажиллагаа болно.

Бизнес эрхлэгч залуучууд бизнесийн орчноо сайжруулах, өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замуудын талаарх ойлголтоо нэгтгэн бодит ажил болгох, цаашлаад төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулахыг зорилт болгох юм.

МҮХАҮТ-ын дэмжлэг, Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн санаачлагаар зохион байгуулагдах тус чуулганд УИХ, Засгийн газар, холбогдох яам агентлаг, хөрш хоёр орны танхим, салбартаа манлайлагч шилдэг бизнесменүүдийн төлөөлөл илтгэгч, панелистуудаар оролцож, шинэ мэдлэг мэдээллийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулан түгээх болно.

Тус чуулганаар:

  • Бизнесийн ёс зүй, хувь хүний хөгжил нь бизнес болоод улс орны хөгжилд нөлөөлөх нь
  • Бизнес эрхлэгч залууст чиглэсэн хууль дүрэм журам, тэдгээрийн хэрэгжилт
  • Бизнес эрхлэлт болон татварын хууль эрх зүйн орчин, зохицуулалт
  • МҮХАҮТ-ын бодлого
  • Олон улсын болон Монгол Улсын бизнесийн орчин, чиг хандлага
  • Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн бодлого чиглэл, хамтын ажиллагаа
  • Аж үйлдвэрийн 4-р хувьсгал Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?
  • Дижитал шилжилт
  • Монгол брэнд үүсгэж, экспортонд гаргах боломж
  • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
  • Ногоон эдийн засаг зэрэг

Монголд төдийгүй дэлхий дахинд гол цөм болж буй өргөн хүрээг хамарсан, олон талт сэдвийг хөндөж, тодорхой үр дүнд хүрэхээр зорьж байгаа ба “Хамтын үнэ цэнэ бүтээх” Монгол брэндээ Олон улсад нэвтрүүлэх экспортын боломж, хөнгөвчлөх зэрэг шийдэл нь эдийн засагчид, бизнес эрхлэгчид, судлаач шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Улс орны ирээдүйг хөгжүүлэх боломж залуучуудын идэвхи оролцоо, манлайллаас хамаардаг. Хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд, тэр дундаа бизнес эрхлэгч, баялаг бүтээхэд гар бие оролцон яваа залуучуудын төлөөлөл оролцсон энэхүү үйл ажиллагаанаас олон эерэг үр дүн хүлээж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

МҮХАҮТанхимын дэргэдэх БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ
ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх