Их Британийн сэтгүүлч Льюк Хардинг нь 2007-2011 оны хооронд буюу дөрвөн жилийн турш ОХУ-ын нийслэл Москва хот дахь Английн “The Guardian” сонины ерөнхий эрхлэгчээр ажилласан нэгэн юм. ОХУ-ын эрх баригчид 2011 оны хоёрдугаар сарын 5-нд түүнийг эх орноосоо албадан гаргаж, дахин хөл тавихыг хориглосон байдаг. Льюк Хардинг өөрийгөө хүйтэн дайны үеэс хойш Оросын нутаг дэвсгэрээс хөөгдсөн анхны гадаадын сэтгүүлч гэж тодорхойлдог.
Английн “The Guardian” сонин энэ бүхнийг тэрээр ОХУ-ын эрх баригчдыг хэт шүүмжилдэг байсантай нь холбоотой гэж үздэг. Учир нь Льюк Хардинг нь улс төрийн орогнолоор Их Британид амьдарч байгаад 2006 онд Английн нийслэл Лондон хотын Блүүмсбери дүүрэгт алагдсан Оросын тагнуулч асан Александер Литвиненкогийн үхэлтэй ОХУ-ын Ерөнхийлөгч холбоотой байж болзошгүй гэх таамаг болон Владимир Путиний хууль бус хөрөнгийн талаар хэд хэдэн эрэн сурвалжлах нийтлэл бичиж байжээ. Мөн тэрээр 2011 онд Владимир Путины удирдлага доорх ОХУ-ын улс төрийн тогтолцооны талаар “Мафийн улс” гэх нэртэй маргаан дагуулсан номыг бичиж, хэвлүүлсэн нэгэн юм.
Харин түүнийг эх орноосоо албадан гаргасан талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тухайн үед хэвлэлийн бага хурал хийхдээ “Энэ асуудал нь ямар нэгэн улс төрийн өнцгөөр бус Льюк Хардингийн ОХУ-д амьдрах визийн хугацаа дууссантай холбоотой. Мөн тэрээр саяхан өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн магадлан итгэмжлэлээ зөрчиж, аюулгүй байдлын холбогдох албанд урьдчилан мэдэгдэлгүйгээр терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагад зочилсон” гэсэн тайлбар өгч байсан аж. Гэсэн ч тэрээр хэдхэн хоногийн дараа Льюк Хардингийн ОХУ-д нэвтрэх эрхийг сэргээсэн ч ажиллаж, амьдрах бус зөвхөн богино хугацааны аяллын визийг түүнд олгохыг зөвшөөрчээ.
Үүний дараа Льюк Хардинг эх орондоо очмогцоо Оросын тагнуулын байгууллагын хараанд дөрвөн жилийн турш байж сэтгэл санааны хувьд асар их хохирол, дарамт амссан талаараа мэдэгдсэн юм. Ингээд тэрээр 2017 онд “Хуйвалдаан: Нууц уулзалт, бохир мөнгө, Доналд Трампын ялалтад Оросууд хэрхэн тусалсан бэ” гэх номоо худалдаанд гаргасан нь ихээхэн шуугиан дэгдээж, “New York Times”-ын бестселлер болж байв.
Льюк Хардинг Москва хотод өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаанд түүнийг Оросын тагнуулын алба хэрхэн мөрдөж, мөшгөдөг байсан талаараа ярьсан удаатай.
Тэрээр “Би Оросын тагнуулын үйл ажиллагааны талаар нэлээдгүй зүйлс мэднэ. Учир нь би өмнө нь тодорхой хэмжээнд үүнийг өөр дээрээ туулсан хүн. Би өмнө нь ОХУ дахь “The Guardian” сонины эрхлэгчийн хувиар Москва хотод дөрвөн жил амьдарсан. Энэ үед намайг ОХУ-ын тагнуул буюу Холбооны аюулгүй байдлын алба, хуучнаар бол “КГБ”-ынхан мөшгөдөг байсан. Тэд миний амьдарч байсан орон сууцанд хулгайгаар нэвтэрч, өвлийн хүйтэнд ч Москва хотын гудамжаар намайг дагадаг байсныг бодоход заримдаа их инээдтэй санагддаг юм.
Магадгүй та бүхэн Оросын тагнуулууд хэрхэн ажилладаг талаар төдийлөн сайн мэдэхгүй байх. Бараг мэдэх ч боломжгүй. Гэхдээ миний хувьд тэдний талаар олж мэдсэн зүйлсээ олж харахад надад Шерлок Холмес шиг байх шаардлага огт байгаагүй. Учир нь Оросын тагнуулууд намайг мөрдөж байгаа гэдгээ мэдэгдэхүйц хэд хэдэн маш тодорхой ул мөрийг үлдээсэн. Магадгүй энэ нь намайг ажиглаж байгаа шүү гэдгээ илтгэж буй нэг ёсны сэтгэл санааны дарамт, сүрдүүлэг байсан байх.
Тэгээд би Москва дахь Их Британийн Элчин сайдын яамдаа хандаж дипломат ажилтнуудаас хэрхэх талаар зөвлөгөө хүссэн. Гэтэл тэд “Биднийг үнэхээр уучлаарай. Таны амьдарч буй байранд Оросын тагнуулууд нүд чих суулгаж, таныг ажигладаг” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би “Тэгээд та нар надад тусалж чадах уу” гэсэн. Гэвч харамсалтай нь тэд надад “Үгүй ээ, бид чадахгүй” гэж хариулсан юм. Ингэж би Оросын тагнуулууд манай гэрт чагнах төхөөрөмж суулгаж, бүр унтлагын өрөөнд минь хүртэл нууцаар бичлэг хийдэг болохыг олж мэдсэн.
Яах вэ, би тухайн үед Оросын тагнуулууд яагаад намайг мөшгөөд байгааг ойлгож байсан. Учир нь тэд ямар ч Америк, Английн сэтгүүлчийг халхавч дор “CIA” юм уу, “MI6”-д ажилладаг гэж сэжиглэдэг. Намайг бол суртал ухуулга бичих замаар ОХУ-ыг сүйрүүлэх даалгавартай гэж бодсон байх.
Мэдээж энэ бол маш галзуу бодол. Гэхдээ нэг талдаа тэдний энэ бодол гаднын сэтгүүлч бидний хувьд хамгаалалт болдог талтай. Учир нь Оросын тагнуулын албанд гадаадын тагнуулуудад зориулсан нэг төрлийн код буюу ажиллах зарчим гэж байдаг. Тэд гаднын тагнуулуудыг дарамталж, айлгаж, урвуулж, өөртөө элсүүлж, ашиглаж, ажиллуулж, хянах зэргээр яаж ч болдог. Гэвч эцэст нь хэнийг нь ч алж болохгүй. Тэд зөвхөн урвагчдыг л цааш харуулдаг.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл 2013 онд АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп “Ертөнцийн мисс” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг үзэхээр ОХУ-д очсон байдаг. Тэгэхээр Оросууд тухайн үед түүнийг тагнасан уу гэж үү. Мэдээж тийм. Энэ бол тэдний хийдэг зүйл. Оросын тагнуулын алба эх оронд нь ирсэн ямар ч нөлөө бүхий, чухал гадаадын төлөөлөгчдийг тагнадаг.
Тэгэхээр тухайн үед Доналд Трампын буудаллаж байсан “Ritz-Carlton” зочид буудлын өрөөнд болсон гэгддэг бие үнэлэгчтэй холбоотой гэх маргаантай асуудлын дүрс бичлэг Оросын тагнуулуудад бий юу. Тэд үүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг ашиглаж, барьцаанд оруулж чадах уу гэдэг асуулт гарч ирдэг нь үнэний ортой байж болох талтай. Тэр хүн тухайн үед биеэ яаж авч явж байсан болон үүнийг үнэхээр болсон үгүй эсэхийг би мэдэхгүй. Үнэнийг зөвхөн Доналд Трамп болон Владимир Путин нар л мэдэж байгаа” гэжээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: Insider