Том Хэнкст Сесил Б. Демиллийн нэрэмжит шагналыг гардуулна

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сэтгэлд хүрсэн олон дүрээрээ үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн Америкийн жүжигчин Том Хэнкст ирэх онд болох “Алтан бөмбөрцөг” наадмын хамгийн өндөр шагналуудын нэгийг олгохоор болжээ. 2020 оны нэгдүгээр сарын 5-нд болох “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр Сесил Б. Демиллийн нэрэмжит шагналыг Т.Хэнкст гардуулна гэж Холливудын гадаад хэвлэлийн холбооноос мягмар гарагт мэдээлсэн байна.

“Big”, “Forrest Gump”, “Saving Private Ryan” зэрэг уран сайхны кинонд тоглож, “Toy Story” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан Т.Хэнкс “Cast Away” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртэж байсан юм. Тэрбээр 2000 онд “Cast Away” кинонд тоглох үеэрээ 25 орчим килограмм жин хасаж байжээ. Холливудын гадаад хэвлэлийн холбооны ерөнхийлөгч Лорензо Сориагийн хэлснээр, баялаг хийгээд жүжиглэлт сайтай дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлийг булаасан Т.Хэнкс камерын ард зохиолч, продюсер, найруулагчийн үүргийг ч мөн гүйцэтгэдэг ажээ.

Сесил Б. Демиллийн нэрэмжит шагналыг энтертайнментийн ертөнцөд онцгой хувь нэмэр оруулсан нэгэнд олгодог юм. Энэхүү шагналыг өмнө нь Эфф Бриджес, Опра Уинфри, Морган Фриман, Мерил Стрип, Жоди Фостер, Барбра Стрейзанд, Сидни Пуатье, Люсиль Болл нар хүртэж байжээ. Холливудын гадаад хэвлэлийн холбооноос мэдээлснээр, өдгөө 63 настай Т.Хэнкс “Алтан бөмбөрцөг” номинацид нийт 15 удаа нэр дэвшиж, найман удаа хүртэж байсан ажээ. 

Э.Хулан

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх