Энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутагт ой зургаан сартай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ.
Өнгөрсөн зургаадугаар сараас хойш бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барж буй дөрөв дэх тохиолдол нь энэ болж байна.
“Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хоёр настай хүү нүхэн жорлонд унаж нас баржээ” гэх мэдээлэл одоогоос гуравхан сарын өмнө цацагдаж байлаа.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Аварга тосон” нуурын ойролцоо “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газарт эмээтэйгээ хамт амарч явсан зургаан настай охин нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг наадмын өмнөхөн л бүртгэгдсэн.
Баянгол дүүргийн X хороо, Зүүн нарангийн аравдугаар гудамжны ... дугаар тоотод энэ сарын 3-ны өдөр ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэргийн мөрөөр манай сонины сурвалжлах баг ажиллаж сэрэмжлүүлж л байсан.
Эмгэнэлт явдлаас хоёрхон өдрийн дараа хэргийн газарт очиход ой таван сартай хүүгийн амь авч одсон хар жорлонгийн хаалга нь дэлгээстэй л байсан. Энэ хэргийн жишээнүүд манайханд сургамж болохгүй л байна.
Ой таван сартай нялх үрээ нүхэн жорлонд алдсан гэр бүлийн нулимс гүйцэд хатаагүй байхад дахин нэг хүүхэд хар нүхэнд унаж тарчилж нас барлаа.
Нэг үе манайхан нялх үрсээ хэдэн арваар нь халуун тогоонд шалзалж байсан бол нүхэн жорлон гэх аюулын харанга нүүрлээд байгааг дээрх жишээнүүд илтгэж байна.
Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ой зургаан сартай охин нүхэн жорлонд унасан хэргийн мерөөр сурвалжиллаа.
Тус хороонд 2,510 өрхийн 11,365 иргэн амьдардаг ажээ. Энэ нь нийслэлдээ томоохонд тооцогдох үзүүлэлт юм байна.
Хүн амын дийлэнх нь гэр хороололд аж төрдөг тус хороонд хүн амын нягтаршил их. Улсаас олгосон 0.7 га газарт амьдарч байгаа айл өрх энд ховор юм.
Улсаас олгосон 0.7 га газраа хэд хуваачихсан байх тохиолдол олон. Алга дарам газарт амь тэмцэж амьдарч байгаа айлууд энэ хороонд хэдэн зуугаараа байна.
Гэрээс гарахад л хамар дээр нь хаалга нь саваатай жорлон байх нь энэ хороонд бол энгийн үзэгдэл бололтой.
Ой зургаан сартай охин эндсэн хэргийн газарт очиход ч ийм л зураг харагдлаа. Жижигхэн модон хашаанд нэг давхар тоосгон байшин барьжээ. Байшингаас гараад л баруун урагш тав алхмын зайд модон жорлонг барьсан байна. Эрүүл ахуйн тухайд яриад ч хэрэггүй.
Гүйцэд хөлд ороогүй нялх хүүхэд түүртэх юмгүй мөлхөөд очих зайд хоёр метр орчим гүнзгий хар нүхтэй жорлон харагдлаа.
Асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй, хэнэггүй зангийн хар гайгаар хоёр метр гүнзгий хар нүхэнд ой зургаан сартай охин унаж амь насаа алджээ.
Хэргийн газарт Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ажиллаж охины цогцсыг гаргасан байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ахуйн ослоос болж хүүхдийн амь нас хохирч байгаа хэргийн цаана олон асуудал байгаа.
Өнөөдөр хүүхдэд аюултай орчин үүсчихээд байна. Хүнд тэр бүр анзаарагдахгүй байна л даа. Энэ асуудал дээр төр засгаас айхавтар том зүйл шаардахаас илүү өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Та, би гэлтгүй хүн бүр гэрээ нэг тойруулаад ажиглачих.
Аюултай зүйл юу байна анзаарчих хэрэгтэй. Өнөөдөр таны хашаан дахь жорлонгийн хаалганы түгжээг танаас өөр хэн хийх юм бэ.
Хорооны Засаг дарга юм уу, хэсгийн байцаагч очоод “Жорлонгийнхоо хаалганд түгжээ хий” гэж хэлэхгүй биз дээ. Та ус буцалгачхаад ширээний буланд тавьж байгаагаас л энэ аюул осол эхэлдэг. Жаахан хүүхэд очиж татаад л түлэгдэнэ шүү дээ.
Аж ахуйн нэгж байгууллагууд барилгаа тойруулаад хар. Цахилгааны утас ил байна уу анзаар. Саяхан л жаахан хүүхэд тогонд цохиулаад нас барсан.
Орон сууцын иргэд ч анхаарах хэрэгтэй. Цонхондоо хаалт хийсэн байна уу, таны хүүхэд дамжиж авираад уначих юм биш биз гээд аюулыг илрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Ийм хүүхэд ингэж нас барсан байна гэж халаглахаас илүү, сэрэмжлэх хэрэгтэй байна. Аюултай зүйл юу байна. Зас” гэсэн юм.
Нэг үе хүүхдүүд халуун тогоонд хэдэн арваараа түлэгдэж байхад НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч манайд ажиллах үеэрээ “Эцэг эхчүүд хүүхдээ халуун тогоонд түлж байгаа нь нялх үрсийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөн” гэж хэлж байсан удаатай.
Барууны оронд бага насны хүүхэд ахуйн осолд өртсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдад нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.
Хүүхэд төрүүлсэн бол эрүүл аюулгүй орчинд, өлсгөлгүй өсгөх эцэг эхийн үүрэг гэж Үндсэн хуульд заасан байдаг.
Хүүхдээ хараа хяналтгүй орхиж, хайхрамжгүй, хөнгөн хуумгай хандаж үүргээ биелүүлээгүй асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх цаг ирсэн байна.
Хайхрамжгүй эцэг эх, асран хамгаалагчдын хар балгаар нэг зуны дотор л цэцэг, цэврүү шиг дөрвөн нялх үр хар нүхэнд унаж тарчилж нас барлаа. Өмнө нь энэ ч төрлийн хэрэг цагдаагийн байгууллагад хэдэн зуугаараа бүртгэгдэж байсан юм байна.
Нийслэлд нүхэн жорлонтой 200 гаруй мянган өрх бий. Хөдөө орон нутагт ч олонх нь нүхэн жорлон л хэрэглэдэг. Цаашдаа хэдэн зуун хүүхэд хар нүхэнд унаж амь насаа алдахгүй гэсэн баталгаа алга.
Гэр хороолол руу ороод захын айлын хашааны завсраар шагайхад л жорлонгийн хаалга дэлгээстэй байгаа нь илт харагдана. Нялх үрсийг нүхэн жорлонд дахин алдахгүйн тулд стандарт тогтооё.
Хороо дүүргийн цагдаа нар хяналт тавьж жорлонгийн хаалга нь дэлгээстэй айл өрхүүдэд сануулга өгч, алдаа дутагдлаа арилгаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байя.
Гудамжид нус, цэрээ хаях, тамхи татах, замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч руу ус цацах төдийд л шууд торгодог болсон шүү дээ.
Хүүхдийн аминд халтай стандарт бус жорлон ашиглаж байгаа айл өрхүүдийг торгох зүйл заалтыг Зөрчлийн тухай хуульд суулгаж өгье. Хаалга нь дэлгээстэй жорлонд таны хүүхэд биш юм аа гэхэд, танайд зочилсон хэн нэгний хүүхэд унаж амь насаа алдахгүй гэх баталгаа алга.
Хүүхдээ нүхэн жорлонд унагаж амь эрсдүүлж байгаа эцэг, эхчүүд бол хүний амь бүрэлгэж байгаа гэмт хэрэгтнүүд мөн.
Эх сурвалж: О.ДАШНЯМ, ӨДРИЙН СОНИН