Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна.

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлд сургуулийн хүрэлцээ толгойны өвчин болоод олон жил болж байна. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр. Бид сургуулийн хүрэлцээг сайжруулахыг хүсэж байхад зарим улс оронд дунд сургуулиуд үүдээ барьж эхлээд байна. Тиймээс энэ удаагийн “Бид, Тэд” буландаа Монголд болон гадаадад дунд сургуулийн хүрэлцээ ямар байгаа талаар онцолж байна.

 

Монголд нийт сургуулийн 80 орчим хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй хичээллэж байна

 

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 306 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 орчим хувь нь 40-өөс дээш сурагчтай хичээллэж байна. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэгт байрлах 16 дугаар сургууль 920 хүүхдийн хүчин чадалтайгаар анх үйл ажиллагаагаа эхэлж байв. Гэтэл одоо 2800 хүүхэд хичээллэж буй. Анги дүүргэлт 40-60 хүүхэдтэй хичээллэдэг байна. Мөн Хан-Уул дүүргийн 163 дугаар сургуулийн 7г анги 42 хүүхэдтэй. Энэ нь тус сургуулийн хамгийн цөөн сурагчтай анги ажээ. Гэвч манай улс сургуулийн нэг ангийг есөн метрийн урттай, зургаан метрийн өргөнтэй төлөвлөж, барьдаг.

 

54 ам.метр талбайд 30 хүүхэд сурна гэж төлөвлөсөн хэрэг. Мэдээж урлаг, спортын заал, багш нарын өрөө, дугуйлан, секцийн танхим, сургалтын лабораторийг 1400 хүүхдэд тохируулдаг.

 

Анхан шатанд сургууль ийм стандартыг барьж байж дараа нь сургалтын чанар ярина гэсэн үг. Манайд энэ стандартыг хангаж ажиллаж байна уу гэвэл үгүй. Төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн дата мэдээллийг цуглуулаад харахад 30, түүнээс цөөн хүүхэдтэй анги бүлэгтэй сургууль Улаанбаатарт бараг байхгүй. Тодруулбал, нийслэлд 35-40 сурагчтай 85.815 бүлэг, 40-өөс дээш сурагчтай 152.468 бүлэг хичээллэж байна. Энэ бол сурагчдын суралцах анги танхимаар хангагдах наад захын эрхийг зөрчиж буйг харуулсан тоо баримт.

 

Тэгвэл манай улсад сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн төлөө хичээж байхад бусад улс орны боловсролын салбар шинэ түвшинд гарч байна. Энэ талаар иргэн Б.Батдэлгэр “Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ тухтай анги танхимд хичээллүүлэхийг хүсдэг. Тиймээс ч хувийн сургуулийг сонгодог.

 

Энэ нь сүүлдээ даамжирч амьдрал дээр, нийгмийн харилцаанд, ажлын байранд, бүр хайр сэтгэлийн харилцаан дээр хүртэл “улсын, хувийн” сургуулийнх гэж ангилан, ялгаварлах хэмжээнд хүрч байна. Мөн боловсролын тогтолцоо системийн хувьд бусад улс орон шинэ түвшинд гарч байна. Өмнө нь англи хэл сурах чухал байсан бол одоо технологи, хиймэл оюун ухааныг ашиглах нөхцөл боломж, хүртээмжээс үүдэлтэй ялгаа буюу “digital divide” гэдэг зүйл улс орнуудын дунд үүсээд байна.

 

Баян улсууд хиймэл оюун ухааныг бүх салбартаа ашиглан улам хурдацтай хөгжиж байгаа бол ядуу, буурай орнууд энэ талын ямар ч ойлголтгүй байгаа нь хөгжлийн ялгаатай байдлыг улам нэмэгдүүлж байна гэж багш, судлаачид хэлж байна.

 

Гэтэл саяхан би хиймэл оюун ухааны олимпиад болно гэдэг зар харлаа. Манайд хиймэл оюун ухааны хөгжил хэр билээ. Бүх нийтээр буюу сургуулиудад энэ талын хичээл орж байгаа билүү. Олимпиад гэдэг чинь юу билээ, Хэн ордог билээ. Орон даяар зохиох ёстой билүү. Яг л англи хэл шиг боломжтой айлын хүүхдүүд үүнийг түрүүлж сураад, эзэмшээд одоо байгаа ялгаа (gap) улам томрох нь ээ. Яах вэ, юу хийх вэ гэж бодогдсон. Тиймээс энэ асуудалд бид анхаарах болсон юм биш үү гэж хэлмээр байна” гэсэн юм.

 

Солонгост сургуулиуд сурагчгүй болж хаагдаж байна

 

сонин mn

Өмнөд Солонгост төрөлтийн түвшин буурахыг дагалдаад сургуулийн насныхны тоо ч цөөрөх болсон. Тиймээс энэ онд нийт 49 бага, дунд, ахлах сургуулийг хаах болжээ. Үүнээс 43 сургууль буюу 88 хувь нь алслагдсан мужуудад байрлаж байна. Сүүлийн жилүүдэд хот, мужуудын хэмжээнд сургуулиуд хаагдсаар байгаа ч энэ удаагийнх оргил үзүүлэлт болж байна.

 

Тодруулбал, 2020 онд 33, 2021 онд 24, 2022 онд 25, 2023 онд 22, 2024 онд 33 сургууль хаагдсан. Бүс нутгаар нь авч өмнөд Жоолла мужид хамгийн олон буюу 10 сургууль, Өмнөд Чунчонгд ес, Хойд Жооллад найм, Гангвонд долоо, Бусанд хоёр, Дэгүд нэг сургууль хаагдаж байна.

 

Боловсролын түвшингээр нь авч үзвэл энэ онд үүдээ барих 49 сургуулийн 38 нь бага сургууль бол найм нь дунд, гурав нь ахлах сургууль юм. Учир нь өнгөрсөн онд улсын хэмжээнд 112 бага сургуульд нэг ч хүүхэд шинээр элсээгүй нь сургуулийн насныхны тоо цөөрсний тод илрэл болно. Энэ жил шинэ элсэгчгүй сургуулиудын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул ийнхүү сургуулиуд үүдээ барихаас өөр аргагүй болжээ. Мөн Сөүл хотод одоогоор сургууль хаагдахгүй байгаа ч шинэ элсэгчдийн тоо 9.3 хувиар буурч, 2025 онд 53.956 хүүхэд бага сургуульд элсэх төлөвтэй байна. Тэгвэл хаагдсан сургуулиудыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал үүсчээ. Солонгосын хуульд зааснаар төрийн өмчийн сургуулийн барилгуудыг зөвхөн боловсрол, нийгмийн халамж, соёл, спорт гэсэн нийтийн зориулалтаар ашиглах боломжтой. Иймээс хувийн бизнесүүдэд түрээслэх, худалдах боломж хязгаарлагдмал байдаг аж. Тиймээс дараах байдлаар сургуулиудыг ашиглаж байна.

 

1.Соёл, урлагийн төвүүд Жэжү арал дахь хуучин Мёнгвол бага сургууль нь 1993 онд хаагдсаны дараа 2018 онд “LightMoon” нэртэй кафе, галерей болон шинэчлэгдсэн. Энэ төв нь орон нутгийн иргэдийн цугларах газар болж, хичээлийн ангиудыг кафе, дэлгүүр, үзэсгэлэнгийн танхим болгон тохижуулсан. Мөн долоо хоног бүрийн даваа гарагт гар урлалын сургалт зохион байгуулдаг.

 

2.Нийгмийн халамж, олон нийтийн үйлчилгээ

 

Сөүл хотод хаагдсан сургуулиудыг ахмад настны орон сууц, үйлдвэрчний эвлэлийн оффис, боловсролын байгууллагын төвүүд болгон ашиглаж байна. Жишээлбэл, Ёмганг бага сургуулийн барилгыг Сөүл хотын Бага насны боловсролын төв болгон ашиглах төлөвлөгөөтэй.

 

3.Номын сан, хүүхдийн төвүүд

 

Өмнөд Кёнсан мужийн Хапчон хошуунд байрлах хуучин сургууль нь “Гаясан-Доксоданг Жунглебүүк” нэртэй хүүхдийн номын сан, олон нийтийн төв болсон. Энэ төв нь хүүхдүүдэд зориулсан зуны зуслан, уншлагын өрөө, тоглоомын талбайг багтаажээ.

 

4.Уран бүтээлчдийн төв, галерей

 

Намхэ хошуунд байрлах хуучин Сённам бага сургууль нь “Кил Хён” нэртэй урлагийн галерей болон шинэчлэгдсэн. Энд орон нутгийн иргэд, ахмад настнуудад зориулсан урлагийн сургалт, үзэсгэлэн зохион байгуулдаг.

 

Японд

 

сонин mn

Японы умард бүсийн уулархаг нутагт оршдог Юмото дунд сургууль 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр сүүлчийн хоёр төгсөгчөө үдэж гаргасан байна. 76 жилийн түүхтэй тус сургууль энэ төгсөлтийн дараа хаагджээ. Эйта Сато, Аой Хоши нар сургуулийнхаа сүүлчийн төгсөгчид болсон юм. “Бид хоёрдугаар ангид байхдаа сургууль хаагдах тухай яриаг сонсож эхэлсэн. Гэхдээ энд яриаг бодитой болно гэж төсөөлж байсангүй. Үнэхээр цочирдож байна” гэж 15 настай Эйта ярьжээ. Япон улсын хүн ам хөгширч, хүүхдийн төрөлт буурснаас орон нутгийн сургуулиуд хаагдах нь түгээмэл болсон байна.

Ганц Японд ч биш. Хөрш Хятад, Солонгос улсад хүн ам зүйн хямрал нийгэм, эдийн засгийн ноцтой асуудал болоод байгаа. 2022 онд Япон даяар мэндэлсэн хүүхдийн тоо 800 мянга хүрээгүй нь түүхэн доод үзүүлэлт болсон юм. Засгийн газрын тоо баримтаас үзвэл сүүлийн үед жил бур орон нутгийн 450 орчим сургууль хаагддаг болжээ.

2025 онд Японы 282 дээд боловсролын коллежийн 45 нь буюу 16 хувь нь хаагдахаар төлөвлөгдөж байна. Үүний ихэнх нь хөдөө орон нутагт байрладаг бөгөөд оюутны тоо хангалтгүй, санхүүгийн хүндрэлтэй тулгарсан байна. Мөн хувийн их сургуулиудын 59 хувь нь элсэлтийн квотоо хангаж чадахгүй байгаа нь санхүүгийн дарамт үүсгэж, зарим нь элсэлтийн тоог бууруулах эсвэл хаагдах эрсдэлтэй тулгарч байна.

Хаагдсан сургуулиудыг дахин ашиглахын тулд орон нутгийн иргэд, байгууллагууд дараах арга хэмжээг авч байна. Олон нийтийн төвүүд. Такүгахара тосгонд хуучин цэцэрлэгийг олон нийтийн цугларах газар болгон хувиргасан байна. Зарим сургуулийг урлагийн галерей, соёлын төв болгон ашиглаж байна. Мөн ахмад настнуудад зориулсан үйлчилгээний төвүүд болгон ашиглаж байна. Эдгээр арга хэмжээ нь орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах, нийгмийн үйлчилгээг сайжруулахад чиглэж байна.

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх