Канадын ерөнхий сайд Марк Карни Вашингтонд төрийн айлчлал хийж байна. Энэ үеэр ерөнхийлөгч Дональд Трамп түүнд АНУ-ын 51 дэх муж болох нь давуу талтай гэдгийг хэлсэн байна.
Харин Марк Карни түүнд “Канадыг хэзээ ч худалдахгүй” гэсэн хариулт өгчээ. Карни өнгөрсөн сард ерөнхий сайдаар сонгогдсон.
Тэрбээр Трампын татварын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авахаа амлаад байсан юм.
Талууд уулзалт маш найрсгаар эхэлсэн гэдгийг онцолсон байна. Тухайлбал Трамп Карниг "маш авьяастай" хэмээн тодорхойлж, түүний сонгуулийн ялалтыг “улс төрийн түүхэн дэх хамгийн агуу эргэн ирэлтүүдийн нэг. Минийхаас ч агуу байж мэднэ” гэжээ.
Карни ч мөн Трампыг “өөрчлөлт авчирсан ерөнхийлөгч”, “Америкийн ажилчид, хил хязгаар, дэлхий нийтийн аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүлдэг хүн” хэмээн магтсан байна.
Гэхдээ Трамп Канад АНУ-ын нэг хэсэг болвол илүү ашигтай байх талаарх асуудлыг дахин хөндөхөд үл ойлголцол гарчээ.
Карни Трампад хандан “Та үл хөдлөх хөрөнгийн салбарын хүн учир мэдэх байх. Зарим газар хэзээ ч зарагддаггүй. Канад бол тийм л газар" гэв.
Хариуд нь Трамп "Хэзээ ч бүү "хэзээ ч" гэж хэл" гэжээ.
Трампын хувьд Канадын бараанд 25 хувийн импортын татвар ногдуулаад буй. Мөн өмнө нь хэд хэдэн удаа Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж байв.