Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед үйлдэгдэж байна. Шалтагаан нөхцлийг нь авч үзэхэд хэрэгт холбогдогчид нь үл ялих зүйлээс болж маргалдан, зодолдох, аливаа асуудлыг уурлаж, бухимдсан үедээ хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, гэмт хэрэг зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах шийтгэлийн талаарх иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгаанууд ажиглагдаж байна. Уг гэмт хэрэг нь гудамж талбай, баар цэнгээний газрууд, гэр, орон сууцад болон ахуй хүрээнд ихээхэн бүртгэгдсэн байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт залуу, дунд эргэм насны хүмүүс холбогддог. Энэ төрлийн гэмт хэрэг нь өөрийг болон бусдын биед гэмтэл учруулдаг, бүр цаашилбал амь насанд нь хүрэх аюултай учраас хор уршиг ихтэй.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд уур бухимдлаа барьж, тэвчиж сурах, хүнтэй эвтэй найрсаг харилцах, харилцаа хандлагаа өөрчилж, аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэх нь, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх чадварт суралцах хэрэгтэй байна.
Мөн бусдын эрх болон хүний эрүүл мэндийн эсрэг халдлага хийснээр ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх тогтмол хийх шаардлагатай байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өш хонзон санасан биш тухайн үед л уураа барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг жишээнүүд олон байдаг.
Иргэдэд хандаж хэлэхэд “Тэвчээр бол бэрхшээлийг даван гарах сэтгэлийн асар их хүч юм” тиймээс нэг хормын төдийд төрөх уур бухимдлаа тэвчиж, өөрийгөө болон өрөөл бусдыг ямарваа эрсдэлд орохоос болгоомжилж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС