Орхон аймаг бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ханиад томуугийн тархалт их байгаа учраас Орхон аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан байна.  Учир нь улсын хэмжээнд томуугийн өвчлөл 24 хувь, орон нутгийн хэмжээнд 21 хувьтай байгаа бол Орхон аймагт 37 хувь болж өссөн байна. 

Агаар дуслын замаар халдвар авч, эмнэлэгт хэвтсэн нийт хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа учраас эрсдэлийг тооцоолж, энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тус аймгийн онцгой комиссын хуралдаанаас маргаашаас эхлэн 14 хоног хувийн болон төрийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

Орхон аймгийн эмнэлгийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй аж. Эдгээр хүүхдүүдийн 20 нь коридорт хэвтэж байгаа бөгөөд зарим хүүхдийн биеийн байдал хүндэрсэн учир яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж байгаа талаар АОК-оос мэдээллээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл ихэссэн учир сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хаахаас өөр аргагүй болсныг онцлов.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад, ханиад томуугаар өвдсөн хүүхдүүд богино хугацаанд хүндэрч байгаа аж. Иймд бага насны хүүхдийг олон нийтийн үйл ажиллагаанаас түр хугацаанд тусгаарлах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ.

Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхдүүдийн дунд менингококкт буюу менингит өвчний халдвар бүртгэгдэж буйг анхааруулж, эцэг эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, болгоомжтой байхыг анхааруулсан. Энэхүү өвчин маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй бөгөөд агаар дуслын зам болон бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварладаг.

Хамгийн ноцтой нь, бага насын хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг ажээ. Эрүүл мэндийн яамнаас "0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандаарай" гэж зөвлөж буй юм. Гэвч эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, хүүхэд бүрт хүрч ажиллахад учир дутагдалтай байгаа нь харагдаж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх