Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын талаарх ажлын явцтай танилцсан байна.
2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил дуусаж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, анхны тээвэрлэлтийг гүйцэтгэх бэлтгэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "ЗТХЯ-наас техникийн комисс томилогдон Зүүнбаян талаас 280 километр замд шалгалт хийж, УБТЗ ХНН-ийн төмөр зам хэмжигч галт тэрэг явуулж үзсэн. Комиссоос замын чанар сайн, балл бага буюу онц гэсэн үнэлгээг гаргасан. Цаашид 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу нүүрсний гарц нэмэгдэнэ" гэв.