ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Корона овгийн Ковид-19 зүйлийн вирусын олон омог 2 жил орчмын хугацаанд 2,000 шахам иргэний аминд хүрлээ. Гэвч энэ тахлын хөнөөл хазаарлагдах төлөвтэй болчихлоо. Харин энэ тахалтай адилтгагдаж болох өөр нэгэн “цар тахал -авилга” Монголын нийгмийг нэрвэж, доройтуулсаар 30 жил болж байна. Манай нийгмийн амьдралын бараг бүх тал, хэсэгт түүний хөнөөл үргэлжилсээр, эрх барьж буй нам маань түүнтэй эрс тэс хатуу тэмцэхээс зүрхшээсээр, мөнхүү тахлын халдвар төрийн албаны бүх шат, түвшин рүү нэвчин орсоор, төрдөө итгэх ард түмний сэтгэл жилээс жилд суларсаар, улс орны ирээдүй болох залуус эцгээсээ, ээжээсээ авилгын халдвар авсаар 2022 онтой золгох нь ээ.
Авилга гэх энэ “цар тахлын” хөнөөл Монголын 900,000 орчим өрхийн маань биенд тал бүрээс нь хачиг, хувалз мэт шигдэн орж цусыг нь сорсоор, туйлдуулсаар байна. Энэ тахлын халдвар төрийн албанд, мөн хувийн хэвшилд ч хаа сайгүй тархжээ.
Манайд өрх толгойлсон эмэгтэйчүүд 90,000 байгаа. Тэднээс хүртэл авилгачид мөнгө төлбөр шаардан, дарамтлан гаргуулсан байх юм. Үр хүүхдээ ээжгүйгээр ганцаараа өсгөж байгаа 15,000 аав байгаа. Авилгачид тэднийг ч бас мөлжжээ. Ажилд зуучиллаа гэж, зээл олгууллаа гэж, сургууль, цэцэрлэгт орууллаа гэж, ипотект хамрууллаа гэж, зуслангийн газар олгууллаа гэж, очер дараалалгүй эмнэлэгт хэвтүүллээ гэхчилэн бэрхшээлтэй үйлдэл бүрээс нь авилга нэхдэг, авдаг ажээ. Хэдхэн төгрөгөөр амь, амьдралаа залгуулж ядан яваа тэтгэврийн хөгшдийг ч авилгачид өрөвддөггүй юм байна. Нийгэм дэхь, харилцаан дахь цар тахал гэж энэнийг л хэлдэг юм байна.
Итгэл алдартал нь дарамталдаг, ийш тийш нь гүйлгэж цуцаадаг, тэгсээр арга ядаад л авилга өгч салдаг зам руу хүн нэг бүрийг түлхэн оруулж чаддаг арга, ухаанд 30 жил суралцаж бүр гаршиж, мэрэгжжээ. Өнөөдөр гэхэд бүр эрэмшин танхайрах, “намайг хэн илчилж, нохойг хэн саах билээ” гэх байр сууринаас хандаж, жирийн иргэдийг басамжилж, дээрэлхэж байх болжээ. Илчлэгдсэн үйлдэл дээрээ баригдсан нь хүртэл ичиж эмээхээ ч больжээ. “Авилга аваагүй, өгөөгүй хэн байгаа юм бэ?” гэж тавлаж асуух нь ч бүр энүүхэнд болоод байна.
Жаахан хэтрүүлж, дүрсэлж хэлэх юм бол “Авилга аваад илчлэгдсэн хэн нэгэн даргыг авилга авсаар байгаа хэрнээ хараахан илчлэгдээгүй байгаа цагдаагийн ажилтан мөрдөж, уг хэргийн явцыг мөн авилга хэдэнтээ авчихсан прокурор хянаж, ял төлөвлөж, эцэст нь авилгаар баяжсан шүүгчид шүүж байх” болчихжээ.
Монгол орон хүн ам цөөн, төрийн албан хаагчид бараг бүгд нэг нэгнээ таньдаг болохоор авилга аваад илчлэгдсэн дарга нар нь мөрдөн байцаагчид ч авилга авдаг, прокурор ба шүүгч нар мөн авилга авдгийг мэддэг, бүр гурвууланг нь сайн таньдаг. Тэр мөртөө албан үүргийн дагуу нэг нь мөрдсөн дүр үзүүлж, нөгөөх нь яллаж буй мэт дүр эсгэж, шүүгч нь шүүж буй мэт аашилж байсаар “хөөн хэлэлцэх хугацаа” гэх мэтийг ашиглан нөгөө даргыг яаж ийгээд чөлөөлж, ял завшуулж байх жишээтэй. Ингэж л төрийн алба ялзарчээ. Зарим хэсэгтээ бүр төрлийн алба нэр ч зүүжээ. Иймээс аргагүйн эрхээр л “Ардын хянан шалгах хороог” хот, хөдөөний хүн ам хүсэмжлэх болчихоод байна.
“Авилгыг том дарга л авдаг. Тэр дарга эрх барьж байгаа намын гишүүн мөн. Түүний энэ үйлдлийг намын дарга нар нь мэддэг, мэдсэн хэр нь тоодоггүй, тэмцдэггүй.” Энэ үнэнийг одоо жирийн иргэд, сонгогчид мэддэг болжээ. Нам маань эрх барьж байгаа болохоор журмын нөхөд минь амжаад идээд, завшаад, хөлжөөд аваг гэж дарга нар нь боддог бололтой. Ямар ч болов эрх барьж ирсэн хоёр намд энэ цар тахлын эсрэг жинхнээсээ тэмцэх чадамж, боломж, сэтгэл яг хэрэг дээрээ алга. Авилгын сүлжээ жилээс жилд өтгөрч, өргөжиж, хүчирхэгжиж, бараг л хууль ёсны, хуулиар хамгаалагдсан шахуу болтлоо гүнзгийрч, ээдрээтэж, “өвчин” нь үхлийн болтлоо хүндэрчээ. Энэнийг нийгмийн амьдрал дахь “цар тахал” гэхгүй юм бол чухам юуг хөнөөлөөр нь цар тахалтай адилтган үзэх юм бэ?!
2021 оны эцсээр “Эмч, багш нарын авилга авах нь бусад салбарынхаас өссөн” гэж мэдээлж байх юм. Эмч, багш хоёр чинь шарын шашны лам нараас ч илүү өндөр ёс суртахуунтай байх ёстой биш билүү?
Хааяа хааяа гайхшран, шүүрс алдан бодож суухнээ бараг л яг надаас өөр авилга аваагүй, өгөөгүй хүн алга мэт ч санагдах боллоо. Хүмүүс минь ээ! Та нар үр хүүхдүүддээ авилгаар нэвт дүүрсэн нийгмийг үлдээхээсээ зовохгүй, ичихгүй байна гэж үү? Хөвгүүд, охид чинь яаж их зовох бол, ямар их дарамтанд өртөх бол, хэн хэн рүү юу бариад гүйх бол, цаадуул нь тэднийг яаж доромжлох, боомилох бол? Ингэж бодохоос л , цааш цааш нь ургуулан сэтгэхээс л дотор харанхуйлж, элэг эмтрэх юм.
Хүн ардын маань ядаж 30-40 хувь нь авилга өгдөггүй, авдаггүй, авилгачидтай эрс хатуу тэмцдэг, бүр илрэл бүр дээр нь, тохиолдол бүр дээр нь илчилж, улайлгаж, орох гарах газаргүй болтол жигшиж, жигшүүлж чаддаг бол энэ “цар тахал” дорхноо л устана шүү дээ. Гэтэл манай ихэнх иргэд эсрэг нь тэмцэх бүү хэл бүр өөрсдөө авилгаар л хэргээ бүтээх гэж ил далд мэрийх болоод байна. Авилга бол бүх цоожид таардаг универсал түлхүүр мөн гэж ойлгосон залуусын тоо өдрөөс өдөрт өсөж олширсоор байна. Авилга өгөөд хэргээ бүтээх уралдаан, тэмцээн хаа сайгүй зохиогдсоор байна. Авилга өгөөд шалгалтаа онц өгөх, авилга өгөөд диплом, үнэмлэхтэй болох, авилга өгөөд ажилд орох, авилга өгөөд тушаал дэвших, авилга өгөөд одон, медалиар шагнуулах, авилга өгөөд эрдмийн зэрэг авах, бүр академич болох гэсэн оролдлого ч гарчээ. “Хүрэлцээтэй хэмжээний авилга өгөх юм бол хэнээр ч, юуг ч бүтээлгэн авч болно” гэсэн ойлголт, яриа хий үзэгдэл болон Монголоор нэг тарчихаад байна. Гэхдээ энэ хий үзэгдлийг Монголын төр өөрөө төрүүлж, өсгөж, биежүүлж, хүчирхэгжүүлжээ. Тодорхой нэгэн үзэл бодол олон түнийг эзэмдэх аваас материаллаг хүч болж хувирдгийг түүх гэрчилдэг. Энэ хүчний эсрэг тэмцэх чадамж, ухаан өнөөдрийн төр, засагт алга бололтой. Энэ талаар шудрага иргэн бүр бодох, гарц олох хэрэгтэй байна. Хэтэрхий оройтох аваас бид дампуурах нь гарцаагүй. Зохих авилгыг нь өгөөд ажлаа бүтээчихэж чаддаггүй хүнийг өнөөдөр бизнесменүүд тэнэг хүнд тооцох болчихжээ.
Төрийн албанд ажиллаж байгаад авилга авсан нь тогтоогдсон л бол авсан бүхнийг нь хурааж, төрийн албанд ажиллах эрхийг нь 8-10 жил хориглож, 2-оос доошгүй жил хорих ял оноох... гэх мэтээр ялыг нь хүндрүүлэх хэрэгтэй байна. Төрийн албыг төрлийн алба болгомооргүй байна. “Манай цагдаагийн албанд цус ойртолт бүр тамтгаа алдлаа. Та энэ талаар судлаад, бичээд өгөөч” гэж цагдаагийн офицер хүн гуйх боллоо. Энэ талаар холбогдох яам нь анхаардаггүй, анзаардаггүй юм байх даа? Надад энэнийг судлах, тодруулах нас, боломж байхгүй л дээ...
Хүүхдийн өвчин дорхноо л хүндэрдэг, дорхноо л хөнгөрдөг дөө. Энэний адил манай мэтийн жижигхэн орон, нялх нийгэм өвчин нь хүндрээд нүд аньхад ч түргэн, зөв эмчилбэл дорхноо сэхэх нь ч түргэн байх учиртай. Цаг алдалгүй л эрчимт эмчилгээнд оруулах юмсан! Ард иргэд минь! Эх орныхоо ирээдүйг, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг, шударга ёсны шаардлагыг бод л доо, маргаашаа битгий балла л даа! МАН гуч дахь хурлаа хийж авлигатай тэмцэнэ гэж шийдсэн байхад та юугаа улиглаад байгаа юм бэ? гэж хэлэх хүн гарна л даа. Гэвч иргэд бид чинь итгэхээ байчихжээ, цөхөрчихжээ. Өмнө нь ч тэд тэгж шийдсэн. АТГ-ыг байгуулсан. Авилга улам л өргөжиж хүчтэй болсон. Хараад л байгаарай. 4 жилийн дараа жирийн бид чинь 4 дахин их авилга аргагүйн эрхээр өгчихсөн, тэд авчихсан л байх бий вий. Итгэхгүй байна аа! Би л лав итгэхгүй байна... Авилгатай тэмцэх газар 10-ыг нэмж байгуулаад ч ахиц гарахгүй л болов уу. Энэ тэмцэлд олон нийт өргөнөөр оролцож байж л үр дүнд хүрэх байх.
Том албан тушаал хашиж байгаа, өндөр цалинтай, албаны машин хөлөглөдөг, тусгай өрөөнд сууж гар утасныхаа төлбөрийг улсын төсвөөс гаргуулдаг эрх барьж буй намын гишүүн хүн л том том авилга авдаг. Харин авилга өгдөг хүмүүсийн олонхи нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, жирийн иргэд байдаг. Товчилж хэлэх аваас баян, бололцоотой хүмүүс албан тушаалаа ашиглаж бусдыг дарамталсаар луйвар, дээрэм хийж буй нь тэр юм. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй, энэний төлөө төсвөөс санхүүжиж байгаа цагдаа, прокурор, шүүх нь өөрсдөө том авилгачдаас авилга аваад хэргийг нь хааж, ялыг нь хөнгөлж, бүр хамтран луйвар хийж байгаа бол энэ цар тахал устах уу? Өнөөдөр гэхэд ийм нөхцөл хэдийнээ бүрдчихээд, ардууд бууж өгөөд, авилга бол арилшгүй үзэгдэл гэж итгээд, эвлэрээд явдаг юм биш байгаа даа?
Хараад л, сонсоод л байхнээ допинг, авилга хоёрыг хамгаалдаг хүмүүсийн тоо өссөөр л байна. Яана даа, яана! Эх орон нэгтнүүд минь!
Авилгаар авч байгаа мөнгөний ихэнхийг нь эрх барьж байгаа намын томчууд авч байгаа болохоор МАН энэ үзэгдэлтэй эрс шийдэмгийгээр, ямар ч эвлэрэлгүйгээр тэмцэх үүрэгтэй. МАН-ын шинэ, залуу дарга, мөн энэ намын удирдах зөвлөлийн 36 гишүүд юу юу хийхийг харах, судлах, дүгнэх цаг дорхноо ирнэ дээ. Үр дүн нь яаж л гардаг бол оо?
Төлөөнийхээ, өөрсдийнхээ хүмүүсээс бүрдсэн хэд хэдэн АТГ байгуулж сүрийг үзүүлээд, тэр мөртлөө өөрсдөө авилга авч баяжаад л, эхэлж төгрөгөөр, төдхөн доллараар тэрбумтан болцгоож ч мэдэх юм. Иймээс л хот, хөдөөний хүн ам, сонгогчид Ардын Хянан Шалгах Хороо мэтийн хөндлөнгийн, намуудын эрхшээлийн бус байгууллага, газрыг хүсэмжлээд байгаа юм шүү дээ.
Төрийн өөрийн нь бүтцэнд байгаа, намуудын өөрийнх нь бүтцэнд байгаа хянан шалгах нэртэй байгууллага, газрууд нь яг хэрэг дээрээ бол утсан хүүхэлдэйнүүд төдийхөн болох нь амьдрал, практикаар батлагдчихлаа. АТГ-ын анхны сөрөг, зохисгүй шинж, чанар нь тун сайн удамшдаг болох нь ч тогтоогдох төлөвтэй...
УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн саналаар нэр дэвшигдэн томилогддог Үндсэн хуулийн цэц, энэнтэй адил зарчмаар буй болдог Авилгатай тэмцэх газар аль аль нь улстөржсөн, томилдог талуудынхаа ая эвийг харсан шийдвэр цөөнгүй гаргалаа. Иймээс Ардын Хянан Шалгах Хороог төрийн бус, намын бус, зөвхөн иргэний нийгмийн шугамаар л байгуулах нь зөв бололтой.
Эцэст нь хэлэхэд, сүүлийн 30 жилийн дотор Монголын төрийн өндөрлөгүүдэд ажилласан хүмүүсийн олонхи нь “харь хүний тооцоогоор, хоноцын сэтгэлээр”, ард түмэндээ дайсагнаж шахам ажиллалаа. Харь хүн Монголоос ашиг олох л тооцоотой, хоноц хүн аятайхан байж, худал ярьсаар хоног төөрүүлээд л яваад өгнө. Маргаашийн амьдрал түүнд падгүй. Авсан зээлээ төлөхөд санаа тавьдаггүй Ерөнхий сайд, тавьсан зам нь жилийн дотор эвдэрдэг компанийн захирал, улсаа, нийслэл хотоо өрөнд автуулж харин өөрөө баяжаад ажлаа өгдөг хотын дарга нар эх орноо хорлочихлоо шүү дээ. Их зээл авч улсаа өртүүлээд, түүнээсээ ашиг олж баяжсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
Судлаач, профессор Д.Чулуунжав