Оюутнууд ирэх сургаар нийтийн байрны төлбөр өсжээ

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

-Оюутны дотуур байрны төлбөр одоогоор хэвээрээ байна- 

Их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр, нийтийн байрны үнэ ханшийг сурвалжиллаа.


Их сургуулиудын дотуур байр одоогоор оюутнуудаа хэрхэн хүлээн авах талаар нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа бололтой. Учир нь бидний очсон ихэнх дотуур байрны хариуцсан хүмүүс нь эзгүй, засвар үйлчилгээ нь бүрэн дуусаагүй байлаа. Салбар яамнаас ирэх сарын 13-ны өдрөөс оюутнуудын хичээлийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн болохоор тэр хүртэл бэлтгэлээ хангаж болохуйц хугацаа байна гэж үзсэн ч байж болох юм. Бид эхлээд МУИС-ийн Төв номын сангийн ард байрлах Этүгэн их сургуулийн оюутны байранд очсон. Энд мөн л мэдээлэл өгөх эрх мэдэлтэй хүн байсангүй. Харин тус байранд амьдарч байгаа оюутан М-ээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр тус сургуулийн тавдугаар дамжаанд энэ жил орох бөгөөд түүний хэлснээр дотуур байранд нь нэг өрөөнд хэдэн оюутан орохоос шалтгаалж үнэ нь хамаардаг байна. Хоёр оюутан байрладаг өрөөны нэг хүний төлбөр 2,2 сая төгрөг байдаг бол найман оюутан ордог өрөөний нэг хүний жилийн төлбөр 900 мянга орчим  үнэтэй байдаг аж. Тэгэхээр Этүгэн их сургуулийн дотуур байрны найман оюутантай нэг өрөөний төлбөр жилд 7,2 сая төгрөг болно гэсэн үг.  

Ингээд бид хажуу талд нь байрлах МУИС-ийн гуравдугаар дотуур байранд очлоо. Дотогшоо ороход байрны жижүүр болох дунд эргэм насны эмэгтэй мэдээлэл өгөхөөс цааргалсан ч учир байдлаа сайтар ойлгуулж хэлсний дараа бага сага мэдээлэл өглөө. МУИС нь нийтдээ зургаан дотуур байртай бөгөөд тус байр нь дөрвөн давхар, давхартаа 27-28 өрөөтэй гэнэ. Харин нэг өрөөндөө дөрвөн оюутан амьдрахаар тохижуулсан нь нийт 1600 оюутны багтаамжтай. Төлбөрийн хувьд жижүүр эмэгтэй сайн мэдэхгүй гэдгээ хэлж, “Бүртгэлийн системээс хай” гэж зөвлөлөө. Харин сургуулийн бүртгэлийн систем рүү нь орж харахад “Оюутны байрны журам батлах тухай” гэсэн гэрээний заалтаас өөр юм байсангүй.

Арслантай гүүрний урд байрлах “Оюутны хотхон” хоёрдугаар байрыг дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Тусгаарлалтын байр болгожээ. Тэгвэл нэгдүгээр байр нь өмнө жилийн ханшаар сарын 85 мянгаас эхэлж байгааг мөн л жижүүр нь хэллээ. Тус хотхон үнэ ханшийн хувьд бусад дотуур байруудаас харьцангуй хямд, ашиглалтад ороод удаагүй учраас оюутнууд орох дуртай байдгийг Монголын оюутны холбооныхон хэлж байсан. Нэгдсэн утасгүй интернет болон найман оюутны дунд хөлдөөгч, давхар болгонд угаалгын машинтай байдаг. Оюутны хотхон нь анх байгуулагдахдаа төсөв нийлүүлсэн 22 их, дээд сургуулиуддаа оюутны тоо өгдөг болохоор бусад сургуулийн оюутнууд орох боломжгүй байдаг аж. Энэ орчимд нэлээд хэдэн сургуулийн дотуур байр байдаг. Энэ жил коронавирусний халдварын улмаас МУБИС-ийн дотуур байранд 150 орчим оюутан оруулахаар болсон нь өмнөх жилүүдээс хоёр дахин бага байгаа юм байна. төлбөр нь 300 мянган төгрөг бөгөөд нэг дор авалгүйгээр оюутнуудтайгаа тохиролцдог байна. Арслантай гүүрний урд байрлах бусад сургуулиудын дотуур байрны үнийг асуухад СЭЗИС-ийнх 300 мянга, АШУИС 500 мянган төгрөг гэнэ. Ер нь энэ жилийн хувьд оюутны дотуур байрнуудын үнэ өмнөх жилийнхтэйгээ ижил байгаа аж.

Сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүй нь их хотод амьдарч хичээлдээ явахын тулд бусад түрээсийн байрыг сонгохоос өөр арга байдаггүй. Мэдээж тодорхой хэсэг нь танил, хамаатныхаа айлд суудаг. Тиймээс бид түрээсийн байрны үнэ ханшийг ч сонирхлоо. Тэгээд ч энэ жил цар тахалтай холбоотойгоор ихэнх дотуур байрнууд тал дүүргэлт хийхээр эхнээсээ шийдвэрлэж байгаа тул түрээсийн байранд амьдрах оюутны тоо тэр хэрээрээ нэмэгдэж таарна. Зарын сайт, сонингийн зарын дагуу холбогдож төлбөрийг асуухад нэг өрөө байр байршлаасаа шалтгаалан 350 мянган төгрөгөөс гурван сая төгрөгийн хооронд байна. харин хоёр өрөө байр 500 мянгаас 4,5 саяын хооронд байгаа нь хэмжээ, байршил, тавилгатай эсэхээсээ шалтгаалдаг бөгөөд өмнөх жилийнхээсээ тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Төлбөрийн нөхцлийн хувьд ихэнх нь нэг дор авна гэж байгаа нь ар гэрийнхэнд нь нилээд хүндрэлтэй тусах нь гарцаагүй. Боломжтой айлын хүүхдүүд хөлсний байрыг сонгож, цэвэрхэн, дулаахан орчинд амьдарна. Харин боломжгүй нэг нь Нийтийн байр гэж нэрлэдэг гэр хорооллын төлбөрийн байруудыг сонгодог. Хотын төвтэй харьцангуй ойр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Цагаан байр орчимд байрлах нийтийн байрны нэг өрөө нь сарын 150 мянган төгрөг байв. Тухайн байрны эргэн тойрон нь бохир, архичид их байсан ч аргагүй эрхэнд энэ мэт байрыг түрээсэлдэг хүмүүс олон байдаг бололтой. Байрны дотогш орвол бүргэд хаалгатай ихэнх өрөөнүүд цоожтой байсан нь үүний илрэл гэлтэй. Хэдийгээр бүргэд хаалгатай ч коридорийнх нь шал халцарч, хана нь цуурсан байдал нь ийм байрнуудын нийтлэг төрх болтлоо дасал болжээ. Мэдээж гаднаа модон жорлонтой, тэр нь хэт бохир. Өрөөнийх нь доторхыг сонирхохоор онгорхой хаалга хайж явсаар гэрэл муутай коридорын төгсгөлийн өрөөнд хоёр эмэгтэй байлаа. тэд энэ жил гуравдугаар дамжаанд орох оюутнууд аж. Зорилгоо хэлээд орж болох эсэхийг асуухад зөвшөөрсөнгүй.

Арга ч үгүй биз, ийм газар амьдарч буйгаасаа санаа зовох, ичих гээд олон асуудал энэ эмэгтэйчүүдэд байж таарна. Тэдний сонголтыг хүндэтгэн байрнаас гарахад тоос шороо, бохир ус болсон гудамж угтах бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээр хичнээн оюутан энэ л газраар өглөө хичээлдээ явж, эх орныхоо ирээдүйн боловсон хүчин болохоор хичээх бол гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Хоёр жил шахам хугацаанд цахимаар хичээллэсэн, шинээр оюутан болоод догдолж суугаад олон мянган залуус хэдхэн хоногийн дараа ирнэ. Гэвч тэднийг хүлээн авах их хот халдварт өвчин, иргэдийн амьдралын боломж, үнийн өсөлт гээд олон зүйлсээрээ тэдний амьдрах орчин нөхцөлд нөлөөлөх болно.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх