Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах талаар хуулийн төсөлд тусгав

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өргөн барилаа.

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2.6 жил болж байгаа ч төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатыг эхлүүлэх, төрийн албыг иргэдийн эрх ашигт илүү нийцүүлэх, мэргэшсэн, тогтвортой, хариуцлага, ёс зүйтэй, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх чухал ач холбогдолтой хуулийн зарим зохицуулалтын биелэлт хангалтгүй байна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Мөн төрийн захиргааны ахлах түшмэлээс эхлэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох иргэнд төрийн алба болон төрийн захиргааны албанд ажилласан байх хугацаа тогтоосон нь төрийн захиргааны албанд шинэ менежмент, мэдлэг хандлага нэвтрэх, хөгжих бололцоог хязгаарлаж, төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон тухайн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэн төрийн захиргааны албанд ажиллах боломжийг хязгаарласантай шууд холбоотой гэж үзсэн байна.  

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах цөөнгүй бүрэн эрх, чиг үүргийг Төрийн албаны зөвлөлд олгосон нь онол, практик болон олон улсын чиг хандлагад нийцээгүй гээд бусад улс орны жишээг төслийн танилцуулгад дурдсан байна. Түүнчлэн, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлж төрийн албаны сул орон тоо гарсан даруйд нөхөх, төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг хангахгүй байгаа аж.

Иймд төрийн албаны хөгжил, шинэтгэлийг бодитойгоор шуурхай хэрэгжүүлэх эрх  зүйн орчныг бүрдүүлэх шаардлага, төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлж байгаа дэлхийн нийтийн чиг хандлагыг харгалзан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажилласан болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцох, ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газар батлах, улмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд Засгийн газарт байх талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан зохицуулалтад  нийцүүлэн төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах бүрэн эрх, үйл ажиллагааг хасаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх шаардлагатай хэмээн үзэж холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар төсөлд тусгажээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол үүсэх эсэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох зохицуулалт бүхий Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх