"Гар утсаа барьцаалаад ээждээ халуун бууруулах эм авах гэж байгаа хүүхэдтэй тааралдсан"

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

"Эрүүл энхийн түүчээ" ТББ-аас Ковид-19 халдвар авсан эмзэг бүлгийн өрхөд тусламж үзүүлэх зорилготой “Улаан бүс” төслийн талаар мэдээлэл хийлээ. 

"Эрүүл энхийн түүчээ" ТББ-ын менежер н.Сарангоо "Манай улс 3 сая хүн амтай ч халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Хүн амд ногдох нас баралтын тоогоор мөн эхний 10 улсад багтаж байгаа. Маш муу тоон үзүүлэлтүүдийг хараад зүгээр суухыг хүсээгүй учраас бид өнөөдөр "Улаан бүс" төслийг эхлүүлж байгаа юм. 

Бид Сонгинохайрхан дүүргийн иргэдээс түүврийн аргаар коронавируст халдвар өдөр тутмын амьдрал, өрхийн санхүүд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааг авсан" хэмээн хэллээ. 

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, коронавируст халдвараар өвчилсөн иргэдтэй утсаар холбогдон судалгааг авахад өрхийн нэг гишүүн л халдвар авсан бол бусад гишүүн мөн халдвар авч байгааг хэлж байжээ. Халдварын улмаас 14 хоног гэр бүлээрээ тусгаарлагдах үед эм авах байтугай хүнсээ авах боломжгүй нөхцөлд хүрч байгааг судалгааны багийнханд хэлсэн байна. 

Төслийн багийнхан СХД-ийн эмийн сангуудаар ажиглалт хийж баримтат нэвтрүүлэг бэлтгэжээ. Энэ үеэр гар утсаа барьцаалаад ээждээ халуун бууруулах эм авах гэж байгаа хүүхэдтэй тааралдсан. Өрхийн эмнэлгээс зөвхөн халдвартай нь батлагдсан хүнд эмийн багц өгч байгаа. Гэтэл тухайн халдвартай хүний гэр бүлийн гишүүд шинжилгээ өгөх мөнгөгүй, шинж тэмдэг илрээд өвчилсөн ч шинжилгээгээр баталгаажаагүй байх тохиолдлууд байгааг төслийн багийн гишүүн н.Сумъяабазар хэлж байв. 

Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Нэг хороонд 100-180 айл халдварын улмаас гэрээрээ тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа аж. Эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд шинжилгээ төлбөртэй, эм үнэтэй байгаа. Энэ нөхцөлд гэрийн тусгаарлалт, эмчилгээ нэр төдий зүйл гэдгийг төслийн багийнхан хэллээ.  

"Төр эрүүл мэндийн ажилтнуудаа, ард иргэдээ хаячихсан. Бие биедээ туслах, дэмжихээс өөр арга алга"

Дуучин С.Гантогоо "Би дөрвөн дүүгийнхээ хамт коронавируст халдвараар өвчилж эдгэрээд байна. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс эмнэлгийн орыг дүүргэсэн учраас бид эмнэлэгт хэвтэж чадаагүй. 

Нэг дүү маань зүрхний ховдлын асуудалтай. Дүүгээ халуураад, гүйлгээд, бөөлжөөд байхад эмч дуудахаас өөр зүйл хийж чадахгүй байсан. Гэтэл эмч ирэхгүй байсан гээд та бүхэн бодоод үзээрэй. Үнэхээр их бухимддаг юм байна лээ. 

Төр эрүүл мэндийн ажилтнуудаа, ард иргэдээ хаячихсан. Энэ нөхцөлд үнэтэй шинжилгээ өгч, эм авах нь байтугай хоногийн хоолгүй байгаа эмзэг бүлгийнхдээ туслахын тулд өнөөдөр энд ирсэн юм шүү. 

Эмзэг бүлгийнхэн эмээ зээлээр, ширхэглээд худалдаж авч байна. Ард иргэд бие биедээ туслах, дэмжихээс өөр арга алга. ААН-үүд минь боломж байвал эмзэг бүлгийнхэндээ туслъя гэж уриалмаар байна" гэлээ. 

Төслийн багийнхны бэлтгэсэн баримтат нэвтрүүлгийг өнөөдөр олон нийтэд цацах юм байна. 

"Улаан бүс" төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс цар тахлын энэ хүнд үед эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн байгууллагуудыг буруутгасан байр суурь илэрхийлэхгүй байгаа гэдгээ хэлж байв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх