Зэвсэгт хүчний холбооны цэргийн 100 жилийн ой тохиож байна

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан алба хаагчид, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд 

Эх орон, ард түмнийхээ бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нэгдмэл байдлыг хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, хамгаалан бататгах нэн шинэ үеийн эхлэлийг тавьсан Монгол ардын журамт цэргийн бүрэлдэхүүнд Харилцан нэвтрэлцэх хэлтсийг 1921 оны сүүлийн хагаст байгуулснаар орчин цагийн Зэвсэгт хүчний цэргийн холбооны түүх эхэлсэн билээ. Тодруулбал, Монгол ардын журамт цэргийн гол хүч 1921 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Их хүрээнд орж ирсний дараа Жанжин Д.Сүхбаатарын байрлаж байсан майханд Хиагт хотыг Их хүрээтэй холбосон утсан холбооны телефон шугамын үзүүрийг оруулан анхны цэргийн зориулалт бүхий холбоог тогтоосноор энэхүү түүхийн алтан хуудас нээгдсэн юм.

Цэргийн холбооны түүхт ой нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт баяр тохиосон жил болж буйгаараа ихээхэн онцлогтой.

Энэхүү баярын өдөр Ардын хувьсгалтайгаа эн чацуу өндөр насны босгыг давж буй 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, Монгол Улсын анхны Онц холбоочин, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир Танд онцгойлон баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг өргөн айлтгая.

Аливаа түүхт ойг тэмдэглэх нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэн цэгнэх, өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой. Цэргийн холбоочид  нь Ардын хувьсгалын он жилүүдэд, Халхын голын байлдаан болон Чөлөөлөх дайны хүнд хэцүү цагийн байдалд, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтад, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад, олон улсын хамтарсан сургалт, уралдаан тэмцээн, хээрийн сургууль, дадлагын үеийн холбоо, мэдээллийг амжилттай зохион байгуулж, төр, засаг, цэргийн дээд командлалаас тавигдсан үүргийг мадаггүй биелүүлсээр ирсэн нь бидний бахархал юм.

Түүхэн зуун жилийн хугацаанд цэргийн холбоочдоос БНМАУ-ын баатар М.Жанчив, хошууч генерал С.Гангааням, Р.Гаваа, Д.Мягмар, М.Борбаатар, бригадын генерал Ч.Сосорбарам, П.Пүрэвбазар, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, гавьяат холбоочин, хурандаа Д.Рэнцэнханд, гавьяат багш, хурандаа Д.Санжсүрэн, доктор, профессор, хурандаа Б.Равжаа, Г.Сүхээ, А.Түвшинтөгс, Д.Батболд, Ц.Хүрэл зэрэг олон алдартнууд төрснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Тэрчлэн тэдний үлгэр дуурайл, бүтээлч үйл ажиллагааг залгамжлан шинэ үеийн технологийн радио станцыг бүтээсэн хурандаа Л.Батболд, Р.Энхнасан, өндөр хурдны радиотелеграфын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг хүртсэн сургагч ахлагч Ц.Болдбаатар, радио спортын дэлхийн аваргын хүрэл медальт, доктор, хошууч Л.Одмаа, доктор, хурандаа М.Батхуяг, дэд хурандаа Ц.Эрдэнэтуяа, Б.Хандсүрэн, энхийг дэмжих ажиллагаанд анхны мөрийг гаргагчдын тоонд нэрлэгдэх хурандаа Ч.Ерөөлцэнгэл, хурандаа Г.Болор, Н.Нямжаргал, залуу зохион бүтээгч ахлах дэслэгч Ж.Бямбадорж, цэргийн мэргэжлийн аварга, дэслэгч Б.Нангид нарын олон алдартан тодорсоор байгааг ч онцлох учиртай.

Өнөөдөр цэргийн холбоочдын өмнө Зэвсэгт хүчний холбоо, цэргийн удирдлагын автоматжуулсан систем, хэрэгслийн бэлэн байдлыг хангах, орчин үеийн тоон технологиор шинэчлэх, мэдээллийн сан, программ хангамжуудыг шинээр зохион ашиглах, холбоочдын үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, холбоо, мэдээллийн техник хэрэгсэлд хийгдэх засвар, техникийн үйлчилгээг технологийн  дагуу хийх, Зэвсэгт хүчинд төрийн болон цэргийн нууцыг чанд хадгалах, хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, Зэвсэгт хүчний анги, салбарууд, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудтай мэдээллийн харилцааг тасралтгүй зохион байгуулах зэрэг олон зорилго, зорилт тавигдаж байна.

Эдгээр зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн болон бусад үүргүүдийг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, холбоо, мэдээллийн сүлжээ, систем, хэрэгслийг тоон технологид бүрэн шилжүүлэх, холбооны анги, салбарууд, бие бүрэлдэхүүний мэргэжлийн дадлага, ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийн чанарыг ахиулах, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, ахуй хангалт, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг Та бүхний бүтээлч үйл ажиллагаанд бид байнгын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно.

Зэвсэгт хүчний холбоо, мэдээллийн бэлэн байдлыг хангахад залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, холбоо, мэдээллийн системийн ирээдүйн хөгжлийн төлөө амжилт дүүрэн зүтгэж яваа офицер, ахлагч, ажилчин албан хаагчид, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нартаа цэргийн холбооны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, ажил, албаны арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

        Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх