Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР ХОТЫН ГАЗАР ДООРХ ДЭД БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭХЭД АНХААРНА

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа.

Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл Баянхошуу дэд төвийн шинээр баригдсан усан санг тус тус  үзэж, дээрх төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож,  тулгамдаж байгаа асуудлын талаар  санал солилцлоо.

Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

Төмөр замын буудлын хойд талын зам дагуу байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун зүүн 2 хэсгээс бүрддэг. Баруун хэсгийг 2019 онд УБТЗ ХНН-ээс өөрийн хөрөнгөөр тохижуулсан байна. Харин  зүүн хэсгийг дүүргийн болон мөн л УБТЗ ХНН-ийн хамтын нийт 425.0 сая төгрөгийн хөрөнгөөр энэ онд багтаан иж бүрэн тохижуулахаар төлөвлөсөн бол цэцэрлэгт хүрээлэнгийн арын туслах авто замын шинэчлэлийн ажил 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих аж.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны “Дахин төлөвлөлт”

Нийслэлийн хэмжээнд 2014-2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны нийт 57 барилгын ашиглалтыг хориглосноос Баянгол дүүрэгт 2015-2021 онд 37 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарч, 17 багцын 15 барилгад төсөл хэрэгжүүлжээ.  Энэ хүрээнд 24 айлын 3 орон сууцыг буулган 246 айлын 3 орон сууц ашиглалтад оруулж, энэ жил нэмж 3 байршилд сонгон шалгаруулалт зарлаад байна.

Тэгвэл дүүргийн хоёрдугаар хороон дахь Баруун дөрвөн замын баруун талд байрлах 6 байр, 20 дугаар хороо Номин агуулах худалдааны төвийн урд нийт 7 байрны төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 12 удаа зарласан боловч нэг ч төсөл хэрэгжүүлэгч санал ирүүлээгүй аж. Иймд гүйцэтгэгч байгууллагуудын тус төсөлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх эдийн засаг болоод бусад хэлбэрийн дэмжлэг, хөшүүрэг шаардлагатай байгаа гэв.  

Харин дөрөвдүгээр хороон дахь Давхрын-1-12 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Нутгийн буян групп” ХХК, “Тэргүүн чансаа” ХХК – ууд шалгарч нийт 150 ойлын орон сууцыг буулган, нийт 390 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй бөгөөд газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах болон барилга гүйцэтгэлийн ажлууд тус тус 80 хувьтай үргэлжилж  байна.

Дулааны шугам сүлжээг шинэчлэх талаар

Улаанбаатар хотын баруун бүс буюу 5 шараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг дулаан гол шугам /8-р магистраль/ нь Дани улсын төслөөр 1997 онд суваггүй технологиор хийгдсэн, насжилтын хугацаа дууссан бөгөөд 2012 оноос хойш 76 удаагийн гэмтэл саатал гарчээ. Иймд ЕСББ-ны 33.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021- 2023 онд дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 10.3 км хос шугам шинэчлэх төслийг эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд 10-р хорооллын 1.3 км урт дулааны шугам сүлжээг шинэчлэгдэж, Баянгол дүүргийн 2, 5, 6 дугаар хорооны орон сууцны хорооллын дулааны доголдол арилж, найдвартай дулааны эрчим хүчээр хангагдах аж.

 

Дулааны шугам сүлжээний шинэчлэлт, хөрөнгө оруулалтын явцтай танилцаад Ерөнхий сайд Л. Оюун-эрдэнэ хэлэхдээ,

“ Улаанбаатар хотод хүн амын маань талаас илүү хувь нь амьдардаг хэт төвлөрсөн учраас тулгамдсан асуудал их байх нь ч аргагүй байна. Нийслэлд Засгийн газрын зайлшгүй оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай хоёр үндсэн том багц асуудал байна. Энэ бол түгжрэлийг сааруулах автозамын сүлжээ барих, хоёрдахь нь газар доорх хот буюу дэд бүтцийг шинэчилж өргөтгөх явдал. Хүн амын төвлөрөл, үйлдвэржилтээс үүдэн одоо байгаа бүтэц ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Энэ бодит үнэнээ бид ярих ёстой. Газар доорх дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд ил харагдах бүтээн байгулалтууд багагүй хийгдсэн бол газар доорх хотод хөрөнгө оруулалт хийгдээгүй өнөөг хүрч. 1990-ээд оноос хойш Улаанбаатарт эдийн засаг өссөн ч хотын зах хэсэг рүү амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт ороогүй хэвээр байсаар байна. Тодруулбал дэд бүтцийн нэгдсэн шийдлийг том зургаар хийгээгүй учраас нүхэн жорлонтойгоо, агаар орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, зах хэсгүүд рүүгээ байгуулж байгаа дэд төвүүдээ түшиглэн барилгажилтыг хийж, төрийн захиргааны байгууллагуудыг тараан байршуулж, олон тулгуурт хөгжлийн төвтэй хот болгож, ирэх 4 жилд багтаан, газар доорх дэд бүтцээ тэлж, шинэчлэн реформ хийхээс өөр аргагүй. Энэ чигээр нь явуулвал ачааллаа дийлэхгүй. Одоо хугацаа алдахгүй байх ёстой. Иймээс  Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулж, хотын доорх дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх реформд шаардагдах санхүүжилтыг 2022 оны улсын төсөвт тусгуулж УИХ дээр шийдүүлэхийн төлөө Засгийн газраас НЗДТГ-тай нягт хамтран ажиллах болно” гэлээ.

Хермес төвийн нүхэн гарц нь Нарны гүүрний ачааллыг 15 хувиар бууруулна

Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, Хермес төв орчмын 2 байршилд нүхэн гарц, Барс зах орчмын төмөр зам, үерийн далан болон Говь ХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр 2 байршилд гүүрэн гарц шинээр бариж, 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн, 10-р хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна. Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой аж.

Хермес төвийн урд Нарны замыг Алтай хотхон болон Дунд голын дагуу байрлах Тээвэрчдийн гудамжтай холбосон холбоос замтай нүхэн гарц баригдах бөгөөд нүхэн гарц доогуур автомашин, явган хүн зорчих боломжтой байх аж. Нүхэн гарц баригдсанаар Нарны гүүр, Сонсголонгийн гүүр хоорондын зай 3 км, Дунд гол дагуу байрлах орон сууцны томоохон хорооллууд тэр дундаа Алтай хотхон, мөн иргэдийн хөдөлгөөний эрчим ихтэй 3,4-р хороолол, 25-р эмийн сан, Хермес худалдааны төв, УБ палас чиглэсэн зорчих заагийг 1 шугамаар нэмэгдүүлж, Гурвалжингийн гүүр болон Нарны гүүрийн ачааллыг тус бүр 15 хувиар буруулах ач холбогдол бүхий гудамж замуудын зохицуулалт холбоос зам бий болно. Мөн Энхтайваны өргөн чөлөөний ачааллаас 5 хувь, Чингисийн өргөн чөлөөний гудамжны замаас 12 хувийн ачааллыг тус тус бууруулна хэмээн тооцож байна.

Хуучны орон сууцны байруудын дулаан алдагдалыг бууруулах төслийн тухайд  

Улаанбаатар хотын 6 дүүрэгт 177.424 айл, өрх орон сууцны хороололд амьдарч байгаагаас 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 блокод 47.916 айл буюу 27 хувь нь амьдарч байна.

2019-2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 18.4 тэрбум төгрөгөөр нийт 98 барилгын 178 блокын дулаан техникийн шинэчлэлт хийгдсэн. 2021 оны Улсын төсөвт 37 барилга буюу 53 блокод 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Баянгол дүүргийн өрхийн 80 орчим хувь нь орон сууцанд амьдардаг бөгөөд, нийтийн зориулалттай 756 орон сууц байгаагаас 1965-2000 оны хооронд ашиглалтад орсон угсармал 197 барилга буюу 330 блок орон сууц байдаг. 2019-2020 онд дүүргийн 49 барилгын 72 блокын дулаан техникийн шинэчлэлтийг хийгээд байгаа аж.

Усан сангийн танилцуулга

Европын хөрөнгө оруулалтын банкны 17 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 12.08 км цэвэр усны шугам, 1.7 км ариутгах татуургын шугам хоолойн барилга угсралтын төсөл хэрэгжиж буй бөгөөд  барилга угсралтын ажил 70 хувийн явцтай байна.

Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг цэвэр усаар хангах 5.8 км ус дамжуулах шугам, 1000м3 хоног хүчин чадалтай цэвэр ус хуримтлуулах усан сан, 2 насос станц бүхий Усан сан 2020 онд ашиглалтад ороод байна.

Усан сан нь ус хангамжийн эх үүсвэр нь төвлөрсөн системээс 3,4-р хорооллын эцэст байрлах усан сангийн насос станцаар дамжуулан усаа хуримтлуулж, Баянхошуу дэд төв доторх 5.1 км усан хангамжийн шугам хоолойгоор дамжуулан барилга байгууламжийг цэвэр усаар хангах гол үйл ажиллагаатай бөгөөд Баянхошуу дэд төв орчим байрлах 3466 өрхийн 13163 иргэдийг ундны усаар хангагдах боломжийг бүрдүүлсэн ач холбогдол бүхий төсөл ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх